Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалт боллоо

2018 оны 03-р сарын 29 өдөр, 17 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hhhhhh
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал” сэдэвт уулзалт ярилцлага ХНХЯ-ны хурлын танхимд боллоо. Уулзалт ярилцлагад ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газар, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийн зохицуулах газар, “Тэгш нийгэм холбоо” ТББ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх фокус бүлгийн дүн, хөдөлмөр эрхлэлтийн талаарх хууль зүйн өнөөгийн байдлын талаар хийсэн судалгааны дүнтэй танилцлаа.
Түүнчлэн Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжиж байгаа “Inspired+Mongolia” төслийн талаар “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт мэдээлэл хийлээ.
Өнөөдөр манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 70 гаруй мянга нь хөдөлмөр эрхлэх бололцоотой гэж үздэг. Тэдгээрээс дөнгөж 15 хувь нь л ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн тоон судалгаа бий. Яагаад ийм байна вэ?
Энэ талаар уулзалтад оролцогчид Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг мөнгөөр шийдэх гэж оролддог. Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр заалтад 25 ба түүнээс дээш ажиллагсадтай албан байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй нэг хүртэлх иргэнийг ажилд авдаг гэсэн заалт хаана ч биелэгдэхгүй байна. Ялангуяа хөдөө орон нутагт энэ хууль биелэх боломж алга. Учир нь орон нутагт 25-аас дээш ажиллагсадтай албан байгууллага газар бол төрийн байгууллагууд л байна. Төрийн байгууллага нь өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах сонирхолгүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг тусгай хэрэгцээтэй хүмүүс. Жишээ нь тэргэнцэртэй хүнд тааруулсан зүйлсийг хийчих юм бол тохируулгатай ажлын байр. Энэ талаас нь авч үзвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах боломж байна. Харин нөгөө талаасаа хувийн компаниуд ашиг олох гэж явдаг учир хөгжлийн бэрхшээлтэй хүнийг чадваргүй гэх буруу ойлголт яваад байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тусгай хэрэгцээ шаардлагатай боловч өөрсдөө чадвартай хүмүүс гэдгийг нийгэм ойлгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусад хүмүүстэй адилхан гээд орхичихож бас болохгүй гэж ярьж байлаа.
Хөдөлмөрийн тухай хуульд бүх боломжуудыг олгодог. Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр заалтад 25 түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь 1 хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна гэсэн байдаг. Хуульдаа 25 ажиллагсадтай гээд заачихдаг харин хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийн чадамжийг тодорхойлохдоо хувиар тогтоодог. Энэ хоёрын хооронд зөрчил гараад байдаг. Мөн Хөдөлмөрийн хуультай зөрчилддөг нэг зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөрлөх чадвараа 50 хувь болон түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрлөх эрхгүй болчихож байгаа юм. Гэтэл амьдралыг нь бодоод тэдгээр хүмүүсийг ажилд авсан компаниуд нь хууль зөрчсөн асуудалд ордог. Хуультайгаа зөрчилддөг олон заалтууд бий.
hhh
Өнөөдөр банкны зээлд хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүн бараг байхгүй. Учир нь үндсэн хөрөнгө, барьцаанд тавих хөрөнгө байдаггүй. Санхүүгийн үйлчилгээг сайжруулах асуудал бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлж, санхүүгийн үйлчилгээ үзүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах хэрэгтэй болж байгаа юм. Бүр нэг хэсгийг нь зохион байгуулалттай ажилтай болгох хэрэгтэй. Хогийн менежментийн хуулийн дагуу хог дахин боловсруулах жижиг үйлдвэрүүдийг аймаг, дүүрэг бүрт яагаад байгуулж болохгүй гэж. Ажлын байрных нь 50 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 50 хувь нь энгийн хүмүүс авч ажиллуулах нь нийгмийн хамгаалал нөгөө талаасаа цалинтай ажилтай болгож байгаа зохион байгуулалттай ажил юм.
Дашрамд дурдахад, Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжиж байгаа “Inspired+Mongolia” төслийн товч мэдээлэхэд Европын Холбооноос Армен, Боливи, Гүрж, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин зэрэг Ази, Латин Америкийн хөгжиж байгаа орнуудыг Европын зах зээлд гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ экспортлох нөхцлийг бүрдүүлэхийн тулд /GSP+/ төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ төсөлд хамрагдсан улс орон бүр Олон улсын хүний эрхийн холбогдох конвенцүүдийг бүрэн ханган биелүүлсэн байх шаардлагатай юм. Иймд сонирхож байгаа улс орон бүр өөр өөрийн оронд хүний эрхийн талаар тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой сэдвээр бие даасан төсөл бичиж, хэрэгжүүлснээр Европын зах зээлд гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болох юм.
Манай орны хувьд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах талаар олон жил тууштай үйл ажиллагаа явуулж байгаа “Тэгш нийгэм холбоо” ТББ-аас Европын Ардчилалын төлөөх түншлэл байгууллага, Клуб Мадрид байгууллага, Нидерландын олон намын Ардчиллын институттай хамтран “Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам”-ыг тодотгох сэдвийг авч “INSPIRED + Mongolia” төслийг 2017 оны есдүгээр сарын 30-наас 2018 оны 11 дүгээр сарын 30 хүртэл нийтдээ 15 сарын хугацаанд хэрэгжүүлж байгаа.
“Inspired+Mongolia” төслийн хүрээнд Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал нь НҮБ-аас батлан гаргасан Эдийн засаг нийгэм, соёлын тухай Олон улсын пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пакт, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Олон улсын пакт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Олон улсын конвенци, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас батлан гаргасан Алагчлахгүй байх (ажил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенци зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай олон талын уулзалт ярилцлага зохион байгуулж, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх арга замын талаар кампанит ажил өрнүүлж, эрх баригчдаар тодорхой шийдвэр гаргахад нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Төслийн зорилт үйл ажиллагааг танилцуулах зорилгоор өнгөрсөн хугацаанд “Тэгш нийгэм холбоо” ТББ-аас Улаанбаатар хот болон Завхан, Сүхбаатар, Хэнтий, Орхон, Булган аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тухайн аймаг орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан нийтдээ 450 хүнтэй уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаар санал солилцох ярилцлагуудыг хийгээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Иргэн
     (202.179.25.***)
    2019/10/15 15:33

    Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авах гээд хайхаар хаанаас яаж хайх мэдээл маш дутмаг юм

    (0) (0)