Өсвөр үеийнхнээ дэлгэцийн донтолт,кибер аюулаас хамгаалъя

2018 оны 03-р сарын 29 өдөр, 13 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29663927_1336319146499580_1814227366_n

Өнөөдөр Монгол Улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Энэ сайн хэрэг. Гэвч архидалт, тамхидалт, гэр бүлийн хүчирхийлэл, мансуурал, дэлгэцийн дон гэх мэтчилэн тоо томшгүй олон асуудал нийгмийн өмнө тулгамдсаар гарц шийдэл үгүйлж буй. Үүний дотроос зөвхөн цахим тоглоом,дэлгэцийн донтолт гэхэд л нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд ч нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Сүүлийн жилүүдэд хамрах хүрээ нь тэлсээр байгаа дэлгэцийн донтолт 14-21 насныхныг өөд нарны бараа харуулахаа больжээ.

Өнөөдөр өсвөр насныхан цахим тоглоомонд донтож, сэтгэцийн эрүүл мэндээ хохироож байгаа нь  мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоох хэмжээнд хүрчээ. Хүүхдийн төдийгүй нийгмийн өмнө тулгарч байгаа эл асуудал  20-иод жилийн өмнөөс эхтэй. Өнөө цагт  гар утас, компьютер тоглоомонд бага насны хүүхдүүд донтож байна, дэлгэцийн донтолтоос хүүхдээ хамгаалъя  гэсэн мэдээлэл сэтгэл эмзэглүүлэх болов.

Сүүлийн хэдэн жилд  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ийм донтолттой эмчлүүлж байгаа хүүхдийн тоо нэмэгдэж байгааг сонсоход үнэхээр гунигтай. Одоогоос дөрвөн жилийн өмнө  тус төвийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 9-15 насны 20-иод хүүхдийг гадаа салхилж байхад нь таарч билээ. Тэд бүгдээрээ донтолт,сэтгэцийн ямар нэгэн шалтгаант оноштой. Тэд цоожтой өрөөнд эмчлүүлдэг. Тэднийг  өрөөнөөс нь гаргадаггүй,хэрэв үүд хаалгыг нь нээлттэй орхивол бүгдээрээ ч гарч зугтаж мэднэ гэж эмч нь хэлж байсан.

Хүүхдүүдийг асрагч,сувилагч нарын хараа хяналт дор 30 минут орчим салхилуулаад оруулна. Хүүхэд л болсон хойно гүйлдэж,хөөцөлдөн тоглоно. Хянаж байгаа хүмүүс тэднийг хаалга руу ойртохыг хориглоно. Тэднийг харж байх зуур хэний маань ч үр дэлгэцийн донтолтод нэрвэгдтэлээ компьютер,телевизор, гар утастай найзлахвий гэх битүүхэн айдас сэтгэл хирдхийлгэснийг нуух юун.

Эмч нарын ярихыг анзаарвал, манай  улсад анх компьютерт донтсон хүүхэд  2004 онд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж эхэлсэн бол түүнээс хойш өнөөг хүртэл тус эмнэлгийг зорин ирэх  хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа аж.  Сүүлийн үед хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч  компьютер тоглоомд донтох нь элбэгшсэн гэх.  Үүний шалтгааныг эмч нар нийгмийн стресс, бухимдалтай  холбоотой гэж  ярьж байсан.  РС тоглоомын газарт голдуу  10-15 насныхан тоглож харагддаг. Аав ээж нь ажил ихтэй,завгүй болохоор хүүхдүүд хүссэнээрээ тэнд тоглоно.  РС тоглоомонд донтоё гэж хүүхдүүд тийш орохгүй нь лавтай. Ээж аав нь ч тэднийг донтон болно гэж анзаарахгүй. Нэг л мэдэхэд хүүхдүүд компьютер тоглосоор өөрийгөө тэндээс “чирж” гаргах чадвараа алдаж, эмгэг өвчтэй болно. Тоглоомын дон томчуудын архидан согтуурах донтой адилхан хор уршигтай гэдгийг эмч нар сануулсаар байна санж.

Харамсалтай нь, үл тоох нь олонтаа. Эцэг эхчүүдээс судалгаа авахад,манай хүүхэд компьютер,утсаар тоглодог гэхдээ донтдоггүй гэсэн хариулт голчилжээ. Тийм ээ, гэвч тоглодог хүүхэд болгон донтохгүй гэсэн баталгаа алга. Оросын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанд  сургуулийн өмнөх насны хүүхэд өдөрт 20-30 минут, бага, дунд ангийнхан 30 минутаас нэг цаг тоглож болно. Түүнээс их хугацаагаар аль болох тоглохгүй, тоглуулахгүй байх нь  хүүхдийнхээ  эрүүл мэндэд оруулж байгаа хөрөнгө оруулалт чинь тэр юм шүү гэж судлаачид анхааруулжээ. Дэлхийн аль ч улс оронд дэлгэцэнд донтох байдалд  судалгаа хийсэн нь цөөнгүй. Тухайлбал, АНУ-д  хоёр настай хүүхдүүдийн дунд интернэт хэрэглээ байна уу гэдгийг судлахад тэдний 90 хувь нь эцэг, эхийнхээ ухаалаг утас,таблетаар интернет хэрэглэж үзсэн нь нотлогджээ.

Харин 5 настнуудын  50 хувиас дээшхи нь  ухаалаг утас, таблет , компьютер тоглоом , интернетийг тогтмол хэрэглэж байна гэсэн бол 12-17 насныхан дунд  95 хувь нь интернетийг тогтмол хэрэглэдэг,80 хувь нь сошиал медиагийн идэвхтэй хэрэглэгч болсон гэжээ. Энэ бол дэлхийн соёлт ертөнцийн багачуулын   интернет болон компьютер тоглоомын хэрэглээний судалгаа. Ийм хэрэглээ ямар муу уршиг тарьдаг вэ гэвэл, дэлгэцийн донтолтоос болж  хүүхдийн сэтгэц, зан төрх, бие махбодид сөрөг өөрчлөлт илэрдэг. Манайхан хүүхдээ бараг хэлд ороход нь  гар утас авч өгч эрхлүүлдэг, тансаг амьдарч байгаагаа олонд харуулах гэж бага ангийн хүүхдүүдэд үнэтэй ухаалаг утас худалдаж авч өгдөг.

Дэлхийн бүх улс орнууд интернетийн бохир орчноос өсвөр үеийнхэн болоод иргэдээ хамгаалах хуультай энэ хуулиараа насанд хүрээгүйчүүдэд худалдах, ашиглахыг хориглосон сайт, тоглоомын жагсаалтыг баталсан байдаг. Дэлхийн хөгжлийг тодорхойлж буй улсуудад хүүхэд байтугай насанд хүрэгчдэд зарах, олон нийтийн газар тоглохыг  хориглосон Counter-Strike, Doom, Duke, Nukem 3D, Dead Rising зэрэг дайн дажин, аллага таллага, дээрэм, тонуул, хүчирхийллийг өөгшүүлсэн тоглоомыг манай багачууд  хонон өнжин тоглож байна. Арай л нөгөө аймшигт “Цэнхэр халим”-ыг тоглосонгүй. Компьютер тоглоомыг хориглосон хууль манайд хэзээ хэрэгжих бол.  Тэр болтол дураараа дургицгаах уу. Бидний муу хэлээд байдаг Хятад улс 2000 оноос компьютер тоглоомыг тоглуулах, худалдан борлуулж ашиг олох,нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулахы хориглосон хууль гаргасан.
Хойд хөрш ОХУ-ын Төрийн Дум 2010 онд хүүхдийн хөгжилд хор хөнөөл учруулах мэдээллийг хориглох хууль батлан хэрэгжүүлж эхэлсэн нь интернетээр дамжиж буй сөрөг үр дагавраас ирээдүй  залуу үеэ хамгаалсан шийдвэр болжээ.
Эмч,мэргэжилтнүүдийн зөвлөгөө хэнд ч илүүдэхгүй. Хэрэв таны хүүхэд огцом ууртай болох ч юм уу анхаарал нь тогтворгүй болж мэднэ. Унтаж байгааг нь анзаар. Хэрэв нойр муутай болох, хар дарж зүүдлэх, шүдээ хавирах, зүүдэндээ ярих, босч явах, сэтгэл санаагаар хямрах  шинж илэрвэл даруй эмчид хандах хэрэгтэй. Магадгүй, хүүхэд чинь худлаа ярих, хулгай хийх, хичээлдээ сонирхолгүй болох, гэрээсээ дайжих , тамхи архи сонирхож эхэлбэл хүүхэддээ онцгой анхаарал тавь гэсэн дохио танд ирж байна. Өнөө цагт үр хүүхэдтэйгээ хамтдаа өнгөрүүлэх цаг зав эцэг эхчүүдэд хомс болжээ. Ажил,ажил, мөнгө, мөнгө  гээд чөлөө завгүй харайлгаж яваа ээж аавууд хүүхдээ хаана, юу хийж  хэнтэй нөхөрлөж байгааг нь анзаарахгүй байна. Таны хараа хяналт суларсныг далимдуулан  эрх чөлөөг хангалттай эдэлсэн хүүхэд чинь ямар нэгэн муу зүйлд донтож “аюулын харанга” дэлдэхвий.

Мэдээж, сайхан амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ. Ажил ч хэрэгтэй,мөнгө ч хэрэгтэй. Гэхдээ хүүхэд чинь таны хувьд тэр бүхэнтэй зүйрлэх аргагүй  хамгийн эрхэм нандин хөрөнгө шүү дээ. Үр хүүхэд чинь Монголын үндэсний баялаг гэдгийг мартаж үл болно. Өнөөдөр хүүхдүүд гэртээ уйдсан, хэдэн цагаар ч хамаагүй гадаа тоглосон, ээж аавыгаа хүлээсэн байдалтай байх нь элбэг. Шөнийн бор хоногт гэртээ ирсэн аав ээжүүд  хүүхдүүдтэйгээ халуун дулаан ярьж хөөрөх, санаа бодлыг нь сонсохын оронд хурдхан утсаа “маажаад” л эсвэл телевизор хараад л диван дээр хэвтчихдэг нь байдаг л зүйл мэт болсон.  Зарим гэр бүлд архидан согтуурах, агсам согтуу авирлах, хэрэлдэж зодолдох гэх мэтчилэн түүнээс дор юм бас бий. Уг нь эцэг эхчүүд  гэртээ байхдаа хүүхэддээ амар тайван орчин бий болгож, сургаж, сайнаар үлгэрлэж,цаг заваа зориулах ёстой юм. Ер нь хүүхдээ ажиглаж,анзаарч,туслаж дэмжиж, урамшуулж,“уншиж” байх ёстой юм. Энэ бол ээж аавуудын юугаар ч орлуулшгүй үүрэг.  Гэр бүлийн эрүүл уур амьсгал,халуун дулаан харилцаа  алдагдсан газарт хүүхдийн дэлгэцийн донтолт илүү их байдаг гэж хүүхдийн сэтгэцийн эмч нар анхааруулж байна. Өнөөдөр компьютер,утас, телевизортой цаг наргүй “найзалж” байгаа хүүхдүүд бүгдээрээ дэлгэцийн донд “живэхгүй” ч Монгол Улсын хэмжээнд 450 мянга гаруй өсвөр насны хүүхэд байгаа асуудалтай байгаа гэсэн тоо байна. Тэд бүгдээрээ Монголын ирээдүй, тэдний эрүүл мэндэд тулгарч буй бэрхшээл, зовлон бол Монголын асуудал. Тэгэхээр өсвөр үеийнхэн бол нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах ирээдүйн нөөц, боломж гэдгийг хүн бүр анхааръя.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгдсэн байна. Тус төвд цахим тоглоомонд донтож, хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн насны бүтцийг харахад 11-16 насныхан голчилжээ. Тэгвэл тэд дэлгэцэнд донтсон,утас “маажсан”, архи тамхи хорт зуршилд автсан, эцэг эх нь анхаарал халамж тавьдаггүй гэсэн тодотголтой бол бидний ирээдүй бүрхэг бүүдгэр болно. Иймээс эрүүл ирээдүйн төлөө хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Хүүхдээ утас,компьютерт донтож байна уу гэдэгт үр хүүхэдтэй хүн болгон хяналт тавъя. Үнэндээ хүүхдээ , тоглоомонд донтох эхлэлийг эцэг эхчүүд бид өөрсдөө тавьдаг, тэгээд цааш нь хөгжүүлдэг.  Миний хүү надаас илүү ухаантай юм гээч хэмээн гар утас оролдоод байгаа хүүхдээ ээж нь өөгшүүлнэ, хар даа хүү минь  гар утасны функц руу ороод, интернэтээс дуу сонсч, тоглоом татаад  тоглож байна” гэд л хөөргөнө. Тэгж эрхлүүлсээр байтал хүүхэд утсаар тоглуулахгүй бол уйлж орилоод л компьютер өгөхгүй бол савж унаад л… Нэг л мэдэхэд хар нялхаараа дэлгэцийн донтой болохыг үгүйсгэх арга алга.  Жаахан өсч томроод ирэхэээрээ РС тоглоомын үнэнч хэрэглэгч болно. Ингэж л бид үр удмаа буруу зам руу чиглүүлээд байна.

Өчигдөрхөн цагдаагийн хүүхдийн байцаагч танил маань гэрээсээ дайжсан хүүхдийг хайж яваагаа ярив. Учрыг асуувал бас л нөгөө РС-ний тоглоомчин гэнэ. 13 настай хүү гэрээсээ дайжжээ.  PC тоглоомын газарт хонон өнжин тоглодог хүү өөрийгөө тоглоомд донтож байгааг яаж мэдэх вэ дээ.  Ажил гэж явсаар хүүхдээ хаана, юу хийж явааг мэдэхгүй явсаар эцэг эх нь хүүгээ гараасаа алджээ. Гэр бүлийн анхаарал дутсан хүүг   хайж явсаар хаа нэгтээ  РС тоглоомын газраас олдог аж. Гэрээсээ дайжсан хүүхдүүдийг хэдэн хоногоор тоглуулаад байдаг РС тоглоом ажиллуулж амьдардаг хүмүүсийг яах ёстой юм бол. Бүх тоглоомын газрыг тодорхой цагийн хуваарийн дагуу ажилла гэсэн шаардлага тавьдаг ч биелүүлдэг нь ховор. Яг хүүхдэд зориулсан зочид буудал шиг хүний үрсийг хонуулан өнжүүлэн хэдэн өдрөөр тоглуулаад байдгийг яаж эмхлэх вэ. Энэ мэтчилэн бодох юм их байнаа. Эрхбиш мэргэжлийн хяналтын байгууллага анхаарч тольдоно гэдэгт найдъя.

PC тоглоомонд донтсон хүүхдийг эмчлэх маш  хүнд гэж хүүхдийн сэтгэцийн эмч ярьж байна. Хамгийн гол нь  эцэг эх, эмч, хүүхэд гурав нэгдэж хамтарч ажиллах ёстой. Тэгж байж  бүрэн эдгэрнэ гэнэ.  Гар утас, компьютер тоглосоор байгаад ядарч сульдсан, уур уцаартай,булчин шөрмөс нь агшиж, нүүр, ам нь татдаг болсон хүүхдийн сэтгэлийг засаж эмчилнэ гэдэг амаргүй ажил байх нь мэдээж.  Тэгэхээр  гэр оронд нь тайван байлгах, аль болох нөгөө тоглоомыг тоглуулахгүй байх гээд эцэг эхийн хариуцлага их. Ядаргаанд орж, сэтгэцийн өвчтэй болохоос гадна бас нэг хэлэхгүй өнгөрч болохгүй асуудал байна.

Хүүхдийн нүд судлал ба хялрын нийгэмлэгийн тэргүүн,гавьяат эмч М.Алтанхүү ярихдаа,”Хүүхэд багачуул ялангуяа бага насны хүүхдүүд ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэраг технологийн дэвшил болгоныг эзэмшихийг хүсч байна. Тэд тоглохыг л хүснэ. Хүүхэд байтугай томчуул ч чөлөө завгүй утсаа “маажиж”,  компьютерийн тоглоом руу жолоогүй тэмүүлдэг болсон. Хүүхэд л болсон хойно хүссэн хүсээгүй томчуулыг дагана. Аав,ээжийн  хараа хяналт алдагдаж хүүхдүүд дураараа тоглосоор эцэст нь харааны сулралтай, хараа муутай болж байна. Оройтоогүй дээрээ хүүхэддээ анхаарахгүй бол нэг л өдөр хүүхдийн чинь нүд асуудалтай болно” гэдгийг анхааруулж байсан. Нүдний докторуудын ярьснаар, манай улсад 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй 14800 гаруй хүн байгаагаас тав хүртэлх насны 314, сургуулийн /6-15/ насны хүүхдүүд 1209, 16-35 насныхан 3384, 60-аас дээш насны 3903 хүн байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх таван өвчинд нүдний эмгэг багтаж байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Сургуулийн өмнөх насны /3-5/ хүүхдийн нүдний харааг жил бүр шалгаж, нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хүүхдийн болор цайх өвчин, нүдний хорт хавдар, нүдний хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэрэг сохрох, сул хараатай болгоход хүргэдэг өвчнүүдээс сэргийлэх боломжтой юм байна.

Дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжихөд техник,технологийн дэвшлээс хойш суух эрх монголчуудад байхгүй. Гэхдээ бидний төгсөшгүй үргэлжлэл болсон үр үүхэд, ач гучаа эрүүл орчинд өсөх боломжийг  хангахын тулд цахим хэрэглээг нь хяналттай болгоё. Интернетийн хязгааргүй орчинд хүссэн,хүсээгүй бүгд зугаалж яваа өнөө цагт аливаа зүйл хэмжээтэй,тэр хэмжээ хэрээс хэтэрвэл аюулын харанга дэлдэж мэднэ гэдгийг саная.
Н.Наран

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх