УИХ-ын дарга М.Энхболд Эдийн засгийн чуулганд оролцогчдод илгээлт хүргүүлэв

2018 оны 03-р сарын 28 өдөр, 12 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c868e6e2-0024-4ea3-82a8-9194c5a0f421

 Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын эдийн засгийн чуулганы төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэгт оролцогчдод илгээлт хүргүүлэв. Илгээлтийг УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх Р.Болд уншин сонсголоо.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫ

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАВРЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДОД

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Монголын эдийн засгийн 2018 оны чуулганы оролцогч, зохион байгуулагч Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Өнгөрсөн жил гаруйн хугацаа бодлогын өөрчлөлт хийж, бодит үр дүн авчирсан өдрүүд байлаа. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн алдагдлыг 2 дахин бууруулж, 1.1 тэрбум ам.долларын нэн тулгамдсан гадаад төлбөрийг шийдвэрлэлээ. Бодлогын шинэчлэлийн зэрэгцээ гадаад зах зээлийн таатай нөхцөл хадгалагдсан нь хүлээгдэж байснаас нааштай үр дүнг авчирч, эдийн засгийн өсөлт 5.1 хувьтай гарлаа. Зээлжих зэрэглэл, гадаад өрийн тогтвортой байдал сүүлийн жилүүдэд анх удаа сайжирч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэллээ.

Энэ оны хувьд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, улмаар урт хугацаанд гадаад зах зээлийн өөрчлөлтөөс дархлаатай, өөрөө өөрийгөө тэтгэдэг эдийн засгийн бүтэц рүү шилжих бүтцийн өөрчлөлтийн бодлогыг эхлүүлэх жил болж байна.

Эрхэм зочид оо,

Энэ зорилтын хүрээнд Та бүхнийг 3 асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна:

Нэгдүгээрт, олон асуудлыг хэлэлцэхээс илүүтэй эдийн засгийн суурь асуудлын хэрэгжилт, үр дүнг тогтмол хэлэлцдэг байх нь зүйтэй байна. Монголын эдийн засгийн форум 2010 онд анх зохион байгуулагдсан цагаас хойш өөр өөр түвшний, хэрэгжилт нь нэгнээсээ хамаарсан маш олон асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцсэн. Сүүлийн чуулганд л гэхэд хуульчдын өрсөлдөх чадвараас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хүртэлх асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргасан. Харин энэ удаа “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” дотроос нэн чухал 6 суурь асуудлыг сонгон авч, хэрэгжихгүй байгаа шалтгааныг тодорхойлж, оновчтой шийдлийг хэлэлцэх нь зүйтэй байна. Жишээ нь, нэг талаас ирээдүйн тэтгэвэр авагчдын амьдралын баталгаа, нөгөө талаас санхүүгийн зах зээлийн институциональ хөрөнгө оруулагч болдог тэтгэврийн сангийн шинэчлэлийн асуудал орхигдсон хэвээр байна.

Хоёрдугаарт, гадаад зах зээлд, ялангуяа хөрш орнуудын зах зээлд гарах чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах чиглэлийг маш тодорхой болгох шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, дархлааг сайжруулах зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгасан. Бусад улс орны туршлагаас үзэхэд хувийн хэвшил нь ганц нэгээрээ биш нийлж нэгддэг, төр нь санхүүгийн дэмжлэг гэхээс илүү худалдааны бодлого, улс төрийн яриа хэлцэл, зөвлөх үйлчилгээний хүрээнд экспортыг дэмжиж байна.

Гуравдугаарт, энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд тодорхойлох гол асуудлаар төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг 2 сарын хугацаагаар ажиллуулах нь зүйтэй байна. Энэ ажлын хэсгийн ажлын үр дүнг Монголын эдийн засгийн форумын 5 дугаар сард болох хуралдаанаар хэлэлцэж, цаашдын бодлого шийдвэрт тусгах боломжтой. УИХ-ын зүгээс эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газраас санаачлах аливаа хууль, тогтоолын төслийг цаг хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэхэд бэлэн байна.

Эрхэм хатагтай ноёд оо,

Монголын эдийн засгийн форумын эхний хэлэлцүүлэг ийнхүү эхэлж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшлийн энэ оны зорилтыг тодорхойлсон, тулгамдсан асуудлыг үр ашигтай, тогтвортой, урт хугацааны зорилтод нийцсэн хувилбараар шийдэх шийдлийг эрэлхийлсэн үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                      МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх