Ж.Нямаа:Монгол туургатнуудаа урьж байна

2018 оны 03-р сарын 28 өдөр, 11 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nyamaa

-Монгол туургатны хүүхдийн хувцасны загварын наадам зохион байгуулна-

Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгээс “Өхөөрдөм гоё”-Дэлхийн Монгол туургатан хүүхэд, багачуудын загварын наадам зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаатай ярилцлаа.

-Юуны өмнө яагаад Монгол туургатны хүүхдийн хувцасны шоу зохион байгуулах санаа төрсөн талаар яриагаа эхлэх үү?

-Монгол үндэсний хувцас гэдэг баялаг түүхтэй, өвөрмөц онцлогтой, өн удаан жилийн түүхтэй. Буриад, баяд, торгууд, захчин, дөрвөд гээд ястан болгоны хувцас өвөрмөц онцлог, давтагдашгүй хийцтэйгээс гадна хувцас өөрөө түүх өгүүлж байдаг. Тэгэхээр хувцсаар дамжуулж хүүхдүүдэд түүх соёлоо таниулан мэдүүлэх, үндэсний омогшил бахархлаа дээдлэх давхар хүмүүжлийн ач холбогдолтой. Хүүхдийн хувцсыг үзүүлэнгээ хэддүгээр зуунд хэрхэн яаж хэрэглэж байсан, ямар онцлогтой гэх мэтчилэн тайлбарлан хэлснээрээ түүхээ таниулна. Дээр нь цаг хугацааны уртад монгол хувцас хэрхэн өөрчлөгдөж ирсэн онцлог, давхар тухайн үеийн аж амьдралын талаар ч ойлголт төрүүлэх юм. Нөгөөтэйгүүр энд бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин сурталчлах давхар зорилготой. Монголчууд өнөөдөр үндэсний болоод Европ ямар ч хувцсыг үнэхээр чадварлаг, өндөр төвшинд үйлдвэрлэж байна. Гэтэл сурталчилгаа таниулга муугаас болдог уу гадаадын гэх хувцсыг өндөр үнээр авдаг мөртлөө Монголын үйлдвэрлэлийн хувцсаа сайн мэдэхгүй, үнэлэхгүй тал бас байна. Энэ хандлагыг өөрчлөх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих алхмыг бид хийх ёстой.

-Тэгэхээр зөвхөн үндэсний гэлтгүй Европ хувцсаар ч бас оролцож болох нь ээ?

-Тийм ээ. Бид загварын шоуг зохион байгуулахаас гадна гурван өдрийн турш үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг явуулна. Дашрамд Монголын үндэсний хувцас өөрөө баялаг агуулгатай болохоороо орчин үеийн хэв шинжтэй хослуулсан олон янзын гайхамшигтай сайхан загварын хувцаснууд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Бас Монгол туургатны гэж онцолж байгаагийн учир нь дэлхий даяар тархан суурьшсан монголчууд, манай Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува өөр бусад бүх монгол угсаатангууд оролцдог дэлхийн хэмжээний наадам болон өргөжөөсэй гэсэн хүсэл бий. Магадгүй бид өнөөдөр Монголд, дараа, дараагийн удаад Өвөр Монгол,  Буриад цаашилбал дэлхийн загварын их орон Италид ч зохион байгуулах боломжтой гэж харж, хүсч тэмүүлж байгаа. Монгол хувцас маань өөрөө дэлхийд гайхуулам, давтагдашгүй их соёл шүү дээ.

-Монгол туургатны гэхээр Өвөр Монгол, Буриад гээд дэлхийн монголчуудаас төлөөлөл оролцох байх, тийм ээ?

-Тийм ээ. Ялангуяа манай Өвөр Монголчууд, Буриадууд наадамдаа идэвхтэй оролцоно гэж найдаж байгаа. Монгол угсаатан биднийг хэл соёл, их түүх, чин сэтгэл нэгтгэж байдаг болохоор наадамд маань олон орноос төлөөлөл оролцох байх гэж бодож байна. Ялангуяа манай Өвөр Монголчуудын хувцас соёл, онцгой. Үндэсний хувцсаа хэрэглэх тал дээр магадгүй Ар Монголчуудаас ч илүү хүчин чармайлт гаргаж байгаа. Тийм болохоор оролцох хүсэлтэй Монгол угсаатнууд маань бидэнтэй холбогдоорой. Бид та бүхнийгээ Ар Монголд болох наадамд оролцоход бүх талаар туслалцаж, чин сэтгэлийн хадагаа барин угтана гэж хэлмээр байна. Мөн Өвөр Монголын албан байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллана байх гэж найдаж байна.

Наадам маань тавдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод болно. Үндэсний болоод Европ хувцасны шилдэг загвар зохион бүтээгч, Шилдэг үйлдвэрлэгч, Шилдэг загвар өмсөгч хүүхэд /5-10 болон 10-15 гэсэн хоёр насны ангиллаар/ шалгаруулна. Наадамд оролцогч бүх байгууллага, хүүхдүүд, тэдний загвар бүтээгдэхүүний шоу болохоос өмнө ба хойно бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулж, Монгол брэндийг хамтдаа алдаршуулж, өргөжүүлнэ гэсэн чин сэтгэлтэй байгаа. Мөн зохион байгуулагчдын зүгээс амьдралын боломж тааруу хүүхдүүдэд иж бүрэн хувцас бэлэглэх, сурч боловсроход нь туслах гэх мэтчилэн олон төлөвлөсөн ажлууд байгаа.

-Таныг хүмүүнлэгийн чиглэлээр өөр бусад ажлууд хийдэг гэж сонссон. Танай нийгэмлэгээс хийж буй ажлуудын талаар шинэ мэдээлэл хүргэнэ үү?

-Хийж байгаагаас гадна хийхээр төлөвлөсөн их ажил байгаа. Би өөрөө Дундговь аймгийн уугуул. Аймагтаа хүүхдийн эмнэлэг байгуулахаар зураг төслийг нь гарган, одоо санхүүжилт бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлэн аймагтаа хүүхдийн эмнэлэг байгуулна гэдэгтээ итгэлтэй байдаг. Мөн бид аймагтаа “Сакура гарден” цэцэрлэг байгуулж, өнгөрсөн жил мянга гаруй мод суулгасан. Говь нутаг цөлжилт ихтэй. Тийм болохоос цөлжилтөөс хамгаалах ногоон бүс байгуулна. Энэ жил дахиад хоёр мянга гаруй мод тарихаар бэлтгээд байна. Монголын их говьд Япон сакура, Өвөр Монголд ургадаг үзэсгэлэнт модод, цаашилбал алимны мод тариалах хүсэлтэй. Өнгөрсөн жил 300 гаруй сакура суулгасан. Маш сайхан ургаж байгаа. Энэ жил алимны мод тариална гэсэн мөрөөдөлтэй. Сайн үйлсийн ажил учраас олон түмний дэмжлэгээр жилээс жилд өргөжин 10 мянган модтой цэцэрлэг болох байх аа. Энэмэтчилэн өөр хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлууд бий.

-Ингэхэд шоунд оролцохын тулд юу шаардлагатай вэ?

-Наадам оролцох гэсэн байгууллага, хүн болгонд нээлттэй. Утас:99088383, ospring.nyamaa@gmail.comхаягаар хандаж болно. Мөн Өхөөрдөм гоёо 1 пэйж хуудаснаас мэдээлэл авч болно шүү.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх