Сар бүр түрээс төлбөр төлж явсаар 15 жилийн дараа орон сууцанд орох бололцоо нээгдэх гэж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 14 дүгээр хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци”-д техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон зураг төсөл нь бэлэн болсон түрээсийн орон сууцны чиглэлээр хэрэгжүүлэх дөрвөн томоохон төслийг танилцуулж байгаа юм. Түрээсийн орон сууцны төслийн эхлэл ажил энэ хавраас эхэлж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо Ханын материал орчимд таван га газарт 1006 айлын орон сууц баригдах юм байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо Баянголын ам 10 га газар 2000 айлын орон сууц, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа спорт цогцолбор орчим 2.3 га газарт 960 айлын орон сууц, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчим 129 га газарт 10 мянган айлын орон сууц баригдахаар төлөвлөгдөж байгаа. Түрээсийн орон сууцны дээрх төслийг “Сөүлийн орон сууцны корпораци”-иас дэмжин ажиллах саналыг Нийслэлд хүргээд байгаа аж. Хэрэв эдгээр төслүүд амжилттай хэрэгжвэл Нийслэл хотод 13 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил бий болно. Энэ хөтөлбөрийн зорилго нь ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага дунд орлоготой нийгмийн зорилтот бүлгийг орон сууцжуулна. Одоо яригдаж буй төслөөр түрээсийн орон сууцыг урьдчилгаа мөнгө төлөхгүйгээр сар бүрийн 300 мянган төгрөгөөс дээш төгрөг төлөх бөгөөд улмаар 15 жилийн дараагаар өмчилж авах боломжтой болно. Нийт олгох зээлийн үнийн хувьд дунджаар 52-60 сая төгрөг байхаар төлөвлөжээ. Зөвхөн банкны шалгуурт нийцсэн байх биш, иргэдийн орлогод үндэслэн орон сууцанд хамруулна гэдгийг албаны хүмүүс онцолж байгаа. Хамгийн гол нь тухайн иргэний орлого тодорхой байх шаардлагатай гэнэ. Ингэхдээ ахмад, залуучууд гээд бүх л давхаргыг бүгдийг нь хамруулах бөгөөд хүн бүрийн орлого өөр өөр учраас тухайн хүний орлогод нийцсэн байдлаар уян хатан байдлаар хэрэгжүүлнэ гэж байгаа. Уг бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж хийх газар нь Нийслэлийн орон сууцны корпораци. Дашрамд дурдахад, түрээсийн орон сууцны энэ төсөл НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дэмжлэг бүрэн авахгүй энэ төсөл “унаж” байгаа талаар мэдээлэл дуулдаж байна. Хэрвээ дэмжлэгийг авчихвал БНХАУ-ын хоёр тэрбум юанийн санхүүжилтээс гаргахаар төлөвлөжээ.
Түрээсийн орон сууцыг барихгүй байх сонирхол хэнд байна вэ?
2018 оны 03-р сарын 27 өдөр, 15 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )