Афганистанд ажиллаж байгаа монгол бүсгүй сая гаруй хүүхдийн амь насыг аварчээ. Түүнийг Раднаабазарын Жаргалмаа гэдэг. 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн. Тэрээр Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх мэргэжилтнээр ажилладаг. Жаргалмаа гурав дахь орнуудад хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах,хүн амыг эрүүлжүүлэх,нутгийн иргэдийг цэвэр усаар хангах,цагаач дүрвэгч иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хүч ухааныг зориулж явна. Одоо Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажиллаж байна.
Бангладеш бол Азийн хамгийн ядуу улсын нэг. Хүн ам олонтой,2015 оны байдлаар 168 сая хүнтэй гэж тоологджээ. Кокс-Базар хот бол Бенгалийн булангийн эрэгт оршдог бөгөөд өнгөрсөн жилээс дүрвэгч,цагаачдын лагерь майхан хот болжээ. Энд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн ирдэг. НҮБ-ын Дээд комиссиарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхиж ийш иржээ.
Ийм л нутагт Р.Жаргалмаа ажиллаж байна. Өмнө нь Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан аж. 2015 оны 4,5 дугаар сард Афганистаны хойд зүгт орших Кундуз сууринг талибууд бүслэн, 9 сард эзлэн авсан. Тэр үед Кундузын 250 мянган гэр бүлийн хүүхдүүдийг вакцинд хамруулах ёстой байв. НҮБ-ыг төлөөлөн талибуудтай гэрээ хэлцэл хийх байсан Кабул дахь НҮБ-ын төлөөлөгчид ирэх боломжгүй болсон тул Кундузид ажиллаж байсан Жаргалмаа болон 4 ажилтан талибуудтай нүүр тулсан юм.
Жаргалмаагийн хожим ярьснаар,эхлээд нэлээд сандарсан аж. Араб болов у гэмээр царайтай 5 сайхан залуу хэлэлцээ хийхээр ирсэн байв. “Та япон уу?” гэж асуув, би монгол гэв. Тэд инээмсэглэн хоорондоо “Чингисханы охин юм биз дээ” гэж хошигнох янзтай. Тэгснээ тэд илт хөгжилдөж,Монголын тухай,Чингисхааны тухай зөндөө сонирхож,асуув. Бид нэлээд ярилцсан юм. Тэд «Бид одоо ойлголоо. Монголчууд япон,хятадуудаас их өөр юмаа” гэж талиб залуус онцолж байв. Тэд надад хандаж буцах замдаа Кандагарын баруун талд чулуун шат байгаа, тэнд афганчуудын өвөг дээдсүүд Чингис хааны удмын хаадуудтай гэрээ хийж байсан юм, хараад яваарай” гэсэн. Хэлэлцээрийн үр дүнд талибууд сая гаруй хүүхдийг вакцинд хамруулахыг зөвшөөрсөн. Ийнхүү НҮБ-ын төлөөлөгчид болон зоригт монгол бүсгүй Жаргалмаа нар Чингис хааны нэрээр олон хүүхдийг аварсан түүхтэй.
Эх сурвалж: asiarussia.ru