Швейцарийн Холбооны Улсын Фрибург хотноо зохион байгуулагдаж буй 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын “Шинэ газар нутаг” хөтөлбөрийн хүрээнд онцлох улсаар Монгол Улс сонгогдон оролцож байна.
Үүний хүрээнд 3 дугаар сарын 21-ний өдөр болсон Монголын кино урлагийн салбарыг танилцуулах дугуй ширээний ярилцлагад Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал, продюсер Ц.Ариунаа, кино найруулагч С.Бямба, Швейцарьт амьдарч буй кино найруулагч Ч.Батбаяр, Германд амьдарч буй кино найруулагч Д.Бямбасүрэн болон Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Улаанбаатар дахь Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Габриелла Спирли нар оролцлоо.
Тус кино наадмын захирал Франсуа Нордман, уран сайхны удирдагч Тьерри Жобин, Швейцарийн Локарно хотод болдог олон улсын кино наадмын захирал хатагтай Софи Бурдон нартай Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн уулзав. Хатагтай Софи Бурдон-г энэ оны намар болох “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцуулах улмаар 2020, 2021 онд Локарногийн кино наадмын үеэр монголын кино урлагийн салбарыг танилцуулахаар тохиролцлоо.
Европ төдийгүй дэлхийд алдартай Фрибургийн олон улсын кино наадмыг 1980 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 40,000 гаруй кино сонирхогч, олны танил улс төрч, бизнесмен, уран бүтээлчид оролцдогоороо онцлог. Энэ удаагийн кино наадмаар 52 улсын 140 кино олны хүртээл болж байгаа ба үүнд Нохойн орон (1998), Ингэн нулимс (2003), Хүсэл шунал (2010), Аравт (2012), Хөх толбот хүмүүс (2012), Алсын удирдлага (2013), Шарга Даага (2013), Ларьдма (2015), Ээж (2016), Диваажингаас явсан нь (2017) зэрэг монгол кино багтжээ.