Монгол Улсад бие биеэ “Хятад гаралтай,хятад цустай,хятадтай адил царайтай,хятадын эрлийз,хурлийз” хэмээн хэлж доромжлох кампанит ажил өрнөсөн мэт. УИХ-ын даргаасаа эхлээд өөрт таалагдаагүй хэн нэгнийг хятад гэж доромжлох нь байдаг л зүйл болж. Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Энх-Амгалан гээд монголжсон хятадууд их байгаа аж.
Намайг бага байхад манай нутагт арав хүрэхгүй хятад хүн байж билээ. Тэд бүгд монгол эхнэртэй, хүүхдүүд нь бид нартай нэг сургуульд нэг ангид сурдаг байлаа. Эцэг нь хятад гэж тэднийг ад үзэж байсангүй. Хятад аавууд шавар шохойтой ноцолдож барилга барьсан,ногоо тарьсан,хэдэн хүүхдээ тэжээх гэсэн амьдрал бодсон хүмүүс байсан. Одоо тэдний үр сад олон болсон дуулдана. Яг үнэндээ тэр хүн хятад гарал үүсэлтэй юу гэдэг нэг их сонин биш.
Өнөө цагт бие биеэ зүгээр л хар хятад, хужаа гэж гутаах нь хэсэгтээ л кайф авах шалтгаан бололтой юм. Үүнийг бичигч миний хувьд Хятад улсыг манай хойд хөрш, дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа хүчирхэг улсуудын нэг,хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг,монголчууд хил залгаа Эрээн рүү хэдэн мянгаараа зорчиж наймаа хийдэг, Монголд хүчрэхгүй өвчнийг Хятадад очиж эмчлүүлдэг гэх мэтчилэн хүн болгоны мэддэг тийм л хэмжээнд ойлголттой. Харин манайхан Хятадыг нэвт шувт мэдээд зогсохгүй хятад гарал үүсэлтэй улстөрчдийг толгой дараалан үүх түүхийг нь дуржигнуулчих юмаа. Үнэндээ тэгтлээ төгс мэддэг ч юм уу гэвэл үгүй аж. Хоёр жилийн өмнө МУИС-ийн Күнзийн институт, МУИС-ийн Социологи нийгмийн ажлын тэнхим хамтран “Хятад орон, Хятадын ард түмний талаарх монголчуудын санал бодол” судалгаа хийсэн тухайгаа танилцуулж байсан юм. Уг судалгаанд оролцогчдын олонх нь Хятад орны талаарх ойлголт, мэдлэг харьцангуй багатай дүн гарч байсан. Судалгааны дүнгээс үзэхэд “Хятадыг сайн мэддэггүй” гэж 70 гаруй хувь нь хариулсан. Мөн 58 орчим хувь нь хятад хүний хувийн зан чанарын талаар ойлголт муутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Эерэг талаас нь хятад хүнийг ажилсаг хөдөлмөрч, хичээнгүй зан чанартай хэмээн 57 хувь нь үзсэн бол 63.7 хувь нь энэ зан чанараас суралцах хэрэгтэй гэж хариулав. Харин сөрөг талаас нь муу санаатай, итгэж болохгүй, хувиа хичээсэн гэсэн хандлага өндөр хувьтай байв” гэж судлаачид тодорхойлжээ. Тухайн үеийн судалгаанд оролцогчид монголчууд Хятадтай олон жил хил нийлэн айл хөрш амьдарсан ч хэн нэгнийхээ улыг шагайж,муучлан гоочилсон юмгүй байсныг хэлсэн биз ээ. Харин Хятадын тухай их мэдэгчид гудамжаар явсан хүнийг ч хятад цустай юу, хятад санаатай юу гэдгийг хараад л мэдээд байх шиг. Дэндүү их мэдээд,аль муу бүхнийг Хятадаас боллоо гэж харааж зүхээд байх хэрэггүй л байлтай.
Уг нь хятадууд бидэнтэй эвтэй амьдаръя гээд байх бололтой. Хэд хоногийн өмнө болсон XIII удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганы хуралдаан өндөрлөх үеэр тус улсын дарга Си Жиньпин “Манай улсын хөгжил аль ч улсад аюул занал учруулахгүй” хэмээн мэдэгдсэн.
“Хятад улс хэзээ ч их гүрний дээрэнгүй үзэл гаргаж, тэлэх бодлого явуулахгүй. Зөвхөн бусдыг заналхийлэх дуртай хүмүүс л “хүн бүхний зүгээс аюул заналхийлж байна” гэж үздэг. Хэн ч хүн төрөлхтний хөгжил, дэлхий дахинд хувь нэмрээ оруулах манай ард түмний чин хүсэл эрмэлзэл болон бодитой үйлдлийг буруугаар тайлбарлах, тэр тусмаа гажуудуулах ёсгүй.
Манай улс энх тайванч хөгжлийн замаар тууштай замнаж, харилцан ашигтай байхад чиглэсэн нээлттэй байдлын стратегийг хэрэгжүүлэх болно. Манай улс олон улсын харилцаанд шударга ёс, эрх тэгш байдлыг хангана” гэж Си Жиньпин дарга онцолсон байна.
Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр утга учиргүй хэн нэгнээ доромжилж, 1.3 тэрбум гаруй ард түмнийг нулимж байгаа хүмүүс улс эх орноо муухай харагдуулаад байна. Одоо больчих. Гуравхан сая монголчууд хоорондоо эвтэй,гадагшаа бодолтой хандмаар байна. Хэдэн зуун сая хүн дотор сайн нь ч бий л байх, муу нь ч бий л байх. Тэрбум гаруй хүнийг нэг хэвэнд цутгаад гаргасан биш яаж бүгдээрээ сайн байх вэ.
Өчнөөн жилийн түүхээ эргэн дурсахад сайн,муу аль аль нь байсныг бид мэднэ. Ард түмнийг хятад хүн болж төрснийх нь төлөө “хамар дор ургасан ам” гэгчээр байнга доромжлоод,муу муухай болгоны жишээ болгоод байхыг тэр хүмүүс тэвчих үү.
Өнөөдөр Хятадаас өчнөөн ажилчид орж ирлээ,Монголыг минь эзлэх гээд байна гэж сэрэмжлүүлэн ярих нь буруу ч биш байх. Тэгвэл тэр хүмүүсийг урьж залаад оруулж ирээд байгаа эрх мэдэлтнүүдтэйгээ хариуцлага тооцооч. Хятадууд өөрсдөө хил даваад гүйгээд орж ирсэн мэт гомдоллох дэмий байх аа,ухаант ардууд аа.
Н.Дөл
Bitgii hutsaad bai nohoin gulugnuudee. Hyatadiin mungund duralsan guilagchinguud min
Yag hyataduud ni ggui gdg gsen haritsaj vzeegui blohoor mdhgui yum sots ved hyatad aabtai hvmvvs zunduu l bsan hujaa gj ad vzsen tohioldol gardggui bsan odoo bl yu blood bgaag oilgh yum alga hvssen hvseegui ene niigemd mur zeregtseed amidrah hoino negniigee muu hleed yahab
Муу юм болгоныг хятад гэх утгагүй биш үү. Тэрбум 300 сая хүнийг доромжлоод бид юу олж идэх вэ. Хятадаас л амьдарсаар бгаа биз дээ