Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.
“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшүүлэхэд Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар – өөрийн орон нутагт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг; Төрийн яамд – өөрийн салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг; Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд – өөрийн дэмжиж буй бүтээн байгуулалтыг санал болгох эрхтэй бөгөөд эрх бүхий байгууллагууд 4 дүгээр сарын 01-ний өдрийн доторөөрийн саналыг холбогдох баримт бичгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байх шаардлагатай.
Шагналд нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулна.