“Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг “Сүрьеэг устгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ

2018 оны 03-р сарын 22 өдөр, 12 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29214285_361688657669974_2949566905037357056_o

Сүрьеэ өвчинтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 24-нд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Энэ ч утгаараа, манай улсад 20 гаруй жилийн өмнөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэх болсон юм.

2018 оны хувьд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээрээ “Манлайлагчдыг хайж байна… Сүрьеэг устгая.Та ч байж болно.Түүхийг бүтээ!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн арга хэмжээг НЭМГ-ын даргын А/34 дүгээр тушаалын дагуу 2018 оны гуравдугаар сарын 14-өөс дөрөвдүгээр сарын 07-ны хооронд “Сүрьеэг устгая”уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Эдгээр өдрүүдэд иргэд, зорилтот бүлгийн хүн ам, залуучуудын дунд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг зохион байгуулах, халдварын тархалт, халдвараас сэргийлэх талаарх мэдээллийг хийж, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх замаар эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, сүрьеэгүй дүүрэг, хороо, байгууллага, аж ахуйн нэгжийг хөхүүлэн дэмжих гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулах юм.

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд оржээ. Сүүлийн таван жилд хийсэн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгааг тогтоосон байна.

2013-2017 онд 10.000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин (14.1) тогтмол буюу хөдлөл зүй багатай байгаа бөгөөд өнгөрөгч 2017 оны хувьд нийслэлийн хэмжээнд  сүрьеэгийн шинэ тохиолдол 2254 бүртгэгджээ. Сүрьеэгийн тохиолдлын түвшин 10.000 хүн амд 16.5, 10.000 хүн амд хүүхдийн 14.6 промиль, улсын хэмжээнд шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг 16-44 насныхан эзэлж байна. Уг өвчлөлийн 59.6 хувь нийслэлд бүртгэгдсэн аж.

Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын тоо болон 100.000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин жил бүр нэмэгдэж, эмэнд мэдрэг болон олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эдгэрэлтийн хувь, эмчилгээний амжилт жил дараалан буурч хяналт алдагдах, үр дүнгүй болох зэрэг эмчилгээний сөрөг үр дүнгийн эзлэх хувь нэмэгдсээр байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх