Өмнийн говьд өрнөсөн бүтээн байгуулалт

2018 оны 03-р сарын 21 өдөр, 10 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6def62ccd26d9b568f883381dedc5064_x3

Уул уурхайн асар их баялаг, Тавантолгой, Оюутолгойн их ордууд Өмнөговь хэмээх энэ нэрийг дэлхийн тавцан дээр дуудуулах болсоор багагүй хугацааг элээж байна. Тэгвэл асар их баялагтай ард түмэн хэрхэн амьдарч байгааг сурвалжлахаар Өмнөговь аймгийг зорилоо.

Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд, Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уулаараа алдартай, Монгол Улсын хамгийн том нутаг дэвсгэртэй аймаг болох Өмнөговь аймагт Оюутолгой, Тавантолгойн их ордоос гадна гайхуулах олон зүйл бий. Дэлхийн хамгийн олон хоёр бөхт тэмээтэй Өмнөговь аймаг нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ улсдаа тэргүүлдэг.

Мөн өрсөлдөх чадвараараа гуравдугаарт бичигддэг. Нийтдээ 65 мянган хүн амтай тус аймгийн иргэдийн тоо сүүлийн 10 жилийн дотор 25 мянгаар нэмэгджээ. Уул уурхай дагасан ажлын байр, зам дэд бүтэц, байгалийн асар их баялаг олны сэтгэлийг даллан дуудаж, өдөрт 8-7 хүн тус аймгийн иргэн болдог гэнэ. Өмнөговь аймаг ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлцтэй. Өнөөдрийн байдлаар хайгуулын 130 компани, ашиглалтын 98 компани бүртгэлтэй байдаг ч тэр бүр үйл ажиллагаагаа жигд явуулж чаддаггүй аж.

Нийт газар нутгийн 10 орчим хувь дээр дээрх хайгуулын болон ашиглалтын лиценз олгогджээ. Биднийг очих үед Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас “Бүтээн байгуулалтын жил-2018” нээлтийн өдрийг зохион байгуулж, тус аймгийн засаг дарга Н.Наранбаатар өнгөрсөн хоёр жилд хийсэн ажлаа тайлагнаж байлаа. Тэрээр Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнө байрлах Батмөнх Даянхааны талбай дээр том дэлгэц байрлуулан хийсэн ажил, хийх ажлаа тайлагнаж, орой нь Хөгжимт жүжгийн театрт иргэдтэй уулзалт хийсэн юм.

4026 иргэний асуудлыг газар дээр нь шийджээ

“Бүтээн байгуулалтын жил-2018” нээлтийн өдөр төрийн байгууллагуудыг Батмөнх даян хааны талбай болон Нутгийн удирдлагын ордонд төвлөрүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэж үйлчиллээ. Төрийн байгууллагуудын нэгдсэн үйлчилгээнд 33 төрийн байгууллага, 24 аж ахуйн нэгж оролцож, 215 үйлчилгээг 11732 иргэнд хүргэж, үүнээс 4026 иргэний асуудлыг газар дээр нь шийдсэн байна.

82 иргэн шинээр ажилд орлоо

Өмнөгов аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Уул уурхайн томоохон компаниуд манай аймагт үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ бид аймаг орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, тэдний орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, уул уурхайн болон бусад томоохон компаниудтайгаа хамтран ажилладаг” гэж ярьж байсан юм. газраас   “Бүтээн байгуулалтын жил-2018” нээлтийн өдрөөр “Ажилтай иргэн-орлоготой өрх” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг аймгийн Биеийн тамир спортын газарт амжилттай зохион байгууллаа.

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг нийт 48 аж ахуйн нэгж байгууллага оролцож, нээлттэй зарласан 726 ажлын байранд 1964 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 432 иргэн ярилцлагад орж, 82 иргэн шууд ажлын байраар хангагдсан байна.

Экобустай анхны аймаг

Өмнөговь аймаг улсдаа анх удаа экобусыг ашиглалтад орууллаа. Даланзадгад хотод энэ өдрөөс эхлэн 8 экобус иргэдэд үйлчилж эхлэх юм байна. Мөн Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, 100 хүүхдийн цэцэрлэгийг барих ажлыг эхлүүлэв. Энэхүү барилгын ажлыг Орон нутгийн “Суварган говь” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн 1,4 тэрбум төгрөгөөр барьж байгуулах юм. Тус аймгийн упирдлагууд бүтээн байгуулалтын ажлуудыг аймаг, орон нутгийн компаниудаар гүйцэтгүүлэх сонирхолтой байдаг бололтой.

Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх, татвар төлөөс нь ч гэсэн орон нутагтаа шингэж үлддэг учраас ийм бодлого баримталдаг бололтой. Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 2018 оны бүтээн байгуулалтад хамтран ажиллах компаниудын төлөөлөл орон нутгийн 5 компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

Шинэ суурьшлын бүс байгуулжээ

Өмнөговь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд 280.7 тэрбум төгрөгт хүрч, 2017 онд бүтээн байгуулалтын ажил хийхэд нийтдээ 73 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ 73 тэрбум төгрөгийн 3.2 тэрбум нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, үлдсэн 60 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн болон төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлжээ. Хамгийн олзуурхууштай нь бүтээн байгуулалт нэрээр хий дэмий мөнгө үрсэнгүй.

Нэг ээлжиндээ 1200 хүүхэд хичээллэх боломжтой Ерөнхий боловсролын сургууль, 3.3 км гэрэлтүүлэгтэй автозам, 11 км явган хүний зам, 7000 м.кв авто машины зогсоол байгуулжээ. Мөн Ханхонгор, Баян-Овоо сумдыг цэвэр, бохирын шугам сүлжээтэй болгож, Ханбогд суманд иж бүрэн лаборатори бүхий малын эрүүл мэндийн төвийг байгуулжээ. Малын эрүүл мэндийн төв, лабораторитой болсноор урд хөрш рүү мах экспортлох, мөн уул уурхайн компаниудад мах нийлүүлэх боломжтой болж байгаа юм байна.

Өмнөговь аймаг нийтдээ 2.6 сая тоо толгой малтай. Үүний 1.7 сая нь ямаа. Тиймээс сүргийн тоо толгойд бус чанар, бүтцэд анхаарч, энэ чиглэлээр багагүй ажил хийхээр төлөвлөж байгаагаа ч аймаг орон нутгийн удирдлагууд танилцуулж байсан. Тус аймгийн удирдлагууд аймгийнхаа төвийг өргөтгөхөөр төлөвлөж, шинэ суурьшлын бүс байгуулжээ. Шинэ суурьшлын бүсэд цахилгаан дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэж, 1200 хүүхдийн сургууль, олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай барьсан байна. Нэгэнт дулаан, цахилгааны асуудал бүрэн шийдвэрлэгдсэн учраас шинээр барих эмнэлэг, сургууль болон бусад бүтээн байгуулалтын ажлууд Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн 90 га талбайд хийгдэх юм.

Батаар “гэртээ” ирнэ

Далан сая жилийн настай Тиранозавр Батаарын хэрэг дэлхий дахинд шуугиан тарьж, энэхүү үлэг гүрвэлийг ховор сонин олдворыг Монголын говиос олж, хууль бусаар хил нэвтрүүлснийг эрдэмтэд, хууль шүүхийнхэн тогтоосон. АНУ-ын Үндэсний түүхийн музейн палеонтологич Марк Норрель болон олон эрдэмтэн судлаачид Тиранозавр Батаарыг Өмнөговь аймгийн Нэмэгтээс олдсон гэдгийг баталсан юм. Харамсалтай нь сүр дуулиантайгаар эх орондоо ирсэн Тиранозавр Батаар өнөөдөр орох оронгүй байгаа.

Тиймээс Өмнөговь аймгийн удирдлагууд орон нутагтаа шинэ музей байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү музейн барилга нь дөрвөн давхар байх бөгөөд орчин үеийн үзмэр үзүүлэнгийн стандарт шаардлага хангасан, Монгол улсад жишиг музей байх гэнэ. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Монголын говь бол эртний түүх, ховор сонин үзмэр, түүхийн үнэт дурсгалаараа алдартай.

Манай Нэмэгтийн хөндийгөөс олдсон гэдэг нь батлагдсан Тиранозавр Батаар эх нутагтаа ирсэн ч гэртээ ирээгүй байна. Байрлуулах музей, хадгалах газар өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Энэ дэлхийн жишигт нийцсэн музей удахгүй байгуулагдаж, Тиранозавр Батаар гэртээ ирнэ” хэмээн ярьж байлаа.

Өмнөговь аймагт 2018 онд 103 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

Өмнөговьчуудын хувьд уул уурхайн баялаг нутаг орондоо хөрөнгө оруулалт болон үлдэх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна. Тиймээс ч 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлажээ. Энэ 2018 онд нийтдээ 103.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Үүний 10 хувь буюу 11 тэрбум нь Улсын төсвөөс гарч байгаа юм. Харин аймаг, орон нутгийн төсвөөс 47.7 тэрбум төгрөг, төсөл хөтөлбөрөөс 34.6 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангаас 9.9 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.

Даланзадгад суманд “Багш хөгжлийн ордон”, 100 хүүхдийн цэцэрлэг, Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга, зориулалтын мал нядалгааны цех бүхий мах боловсруулах үйлдвэрийг гээд томоохон ажлуудыг төлөвлөж, ажилдаа ороод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх