ХЭҮК Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүллээ

2018 оны 03-р сарын 20 өдөр, 17 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1521530580_2018.03.20-hurdan-mori-unaach-huuhduud

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж, Дүнжингарав-2018 хурдан морины уралдааны явцад хяналт тавьж ажилласан бөгөөд уг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Зөвлөмж хүргүүлээд байна. Тус Зөвлөмжийг уншигч танаа бүрэн эхээр нь толилуулъя.

“ЗӨВЛӨМЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

Комисс хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд тус зөвлөмжийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг дарга нарт мөн адил хүргүүлсэн билээ.

Гэвч Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолоор “…жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон” шийдвэр гаргасан байна.

Засгийн газрын дээрх шийдвэрийн улмаас Монголын морин спорт, уяачдын холбоо 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт төрийн холбогдох байгууллагуудад урьдчилж мэдэгдэлгүйгээр Дүнжингарав-2018 уралдааныг зохион байгууллаа.

Комиссоос Дүнжингарав-2018 хурдан морины уралдааны явцад хяналт тавьж ажилласан бөгөөд уралдааныг ямарч зохион байгуулалтгүй, эмх журамгүй, морь, автомашины холимог уралдаан болгов. Зам талбайн тоос, шороо маш их байсан тул ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдаж, үүнээс үүдэн уралдааны үед нийт 18 хүүхэд мориноос унаж, 1 хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвд хүргүүлсэн, 1 хүүхдийн гар хугарч, 2 хүүхэд мөр болон шуундаа бэртэл авч, 1 хүүхдийн хөл хугарч, 4 хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж, унаач хүүхдүүдийн сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тохиолдол олон гарлаа.

Ер нь хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион явуулж байгаа үндсэн шалтгаан нь уяачдад цол олгох болзолтой холбоотойгоос өөр шалтгаангүй болох нь иргэдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл, явуулсан хяналт шалгалт, судалгаанаас харагдаж байна. Эндээс харахад улсын баяр наадмаас өмнө жил бүрийн 5,6 дугаар саруудад хэдэн ч уралдаан зохион байгуулах боломж харагдаж байна.

Иймд Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг эргэн харж, уг тогтоолын “…жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс…” гэснийг “жил бүрийн 05 дугаар сарын 01” болгож, хэрэв энэ хугацаагаар шийдвэрлэх боломжгүй бодит шалтгаан байгаа бол “цас, мөс хайлж шавар, шавхай арилсан үед буюу цаг агаарын хэм +15 градусаас дээш болсон үед” гэж өөрчлөхийг Танаас хүсэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү Зөвлөмжийг хүргүүлэв.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ” гэжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх