Нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагч 9 дүүргийн 470.0 мянган га нутаг дэвсгэрт байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгаль орчны танин мэдэхүйн сурталчилгаа хийх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зөвлөгөө өгөх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнийг даган гарсан журмууд хэрэгжиж эхэлсэн.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тус газрын байгаль хамгаалагчдыг улсын байцаагчийн эрхтэй болгох шаардлага бий болсон юм.
Үүний дагуу улсын байцаагчийн тодорхой шалгуурыг хангасан 9 байгаль хамгаалагчид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны Б/28 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрх олгоод байна.
Байгаль хамгаалагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох заавар, журам, стандартыг хэрэгжүүлэх шаталсан сургалтуудыг зохион байгуулж эхлээд байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.