Монголын урлагийн мастерууд хэвлэлийн хурал зарлав. Учир нь Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Монгол Улсын ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж бөөрний архаг дутагдал гэсэн оноштой биеийн байдал эмчлүүлж байгааг мэргэжил нэгт нөхөд нь хэллээ. Б.Мөнхдорж найруулагчид туслах хандивын аяныг эхлүүлж байгаагаа тэд сэтгүүлчдэд мэдээлэв.
Б.Мөнхдорж нь 1975 онд Москва хотноо Лунарчаскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгсөж УДЭТ-т одоог хүртэл ажиллаж байна.Түүний өвчний талаар Солонгос улсын гурван эмнэлэгт хүсэлт явуулсан бөгөөд нааштай хариу ирсэн байна. Эмчлүүлэхэд 180 орчим сая төгрөг шаардлагатай байгааг тэд хэллээ.
УДЭТ-ын дэд захирал Н.Сувд, “Нохой жил манай соёл урлагийн салбарт нэлээн хүндхэн ирж байна. Бидний үеийнхэн ажил хийж амьдралаа залгуулж явснаас биш ардаа хуримтлал үүсгэх ойлголт байсангүй. Нэрт найруулагч Б.Мөнхдорж одоо эрчимтэй эмчилгээ хийлгэхгүй бол маш хүнд байдалд ороод байна. Та бүхний тусламж дэмжлэгээр Б.Мөнхдорж маань эдгэх байх, эргэн олон сайхан уран бүтээлээрээ хамт ажиллаж, үзэгч та бүхнийг баярлуулна гэдэгт итгэж байна” гэв.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар, “Хандив гуйхаас илүү халуун дулаан сэтгэлээр, хүний сэтгэл санаа урлагаа дэмжих гэсэн ойлголтоороо нэгдэхэд бид тусалж чадна. УДЭТ-ын 700 хүний суудалтай танхимд нэг билетийг хорин мянган төгрөгөөр тооцоход, 10 орой тоглолт хийгээд 140 сая төгрөг болно. Иймд үзэгчид та бүхэн театрын урлагаа хүндэтгээд, түүнээсээ оюуны таашаал авч алдартай найруулагчийн бүтээлийг 10 орой үзэхэд найруулагчийнхаа эмчилгээний зардлын 80 хувийг бүрдүүлэх юм. Энэ мэтээр бие, биенээ дэмжих боломжтой” гэв.
УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Хүнд бэрх цагт хүний чанар танигдана гэдэг шиг урлагийхан бид өнөөдөр ийм хэвлэлийн бага хурал хийж чимээ өгөхгүй бол болохгүй нь. Бидний суу билэг, авъяас оюун санаа ухаан гэдэг бол улс орны үнэт баялаг. Иймд бид энэ үнэтэй баялгаа алдмааргүй байна.
Цагийн сайханд Монголын ард түмэн энэ хүний оюун санаагаар мэлмийгээ нээж, магадгүй ирээдүйн сайн сайхны билэгдлийг бий болгож байв. Тэгвэл энэ хүн бүхий л амьдралынхаа туршид ард түмэн улс орныхоо сайн сайхны төлөө өөрийнхөө бие сэтгэлийг умартаж зүтгэсэн. Бид дээрээ төртэй дэргэдээ ард түмэнтэй сайхан улс. Энэ аюулт өвчнөөс багшийг маань аврахын тулд бидэнтэй нэгдээч хэмээн уриалж байна” гэв.
Хандивын тоглолт ирэх сарын 13,14-нд UB palace, Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Хандивын данс: Б.Мөнхдорж /5020291613/, Холбогдох утас : 96965335, 96964664