Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2018 оны 03-р сарын 19 өдөр, 09 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GolZ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол цэргийн өдрөөр зэвсэгт хүчний 089 дүгээр ангийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, хэлсэн үгэндээ

“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, албан хаагчид аа,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

Та бүхэнд Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 089 дүгээр анги үүсгэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947 оны Баруун хилийн тулгаралтад армийн дээд командлал, штабын бүрэлдэхүүнд авто техникээр үйлчлэх, ар талын материал хангалт, галт зэвсэглэлийг тээвэрлэх байлдааны онц чухал үүрэг гүйцэтгэж байсан хийгээд Улс ардын аж ахуйн бүтээн байгуулалтад оруулсан түүхэн гавьяат тус цэргийн ангийг Монгол Улсын төрийн дээд шагнал – Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол цэргийн тэмдэглэлт баярын өдрөөр гардуулан өгч байгаадаа баяртай байна.

Энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага, Зэвсэгт хүчний тайван цагийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад үнэтэй хувь нэмэр оруулан, шинэ түүх бүтээж, цэргийн гавьяагаа байгуулсаар байгаа тус ангийн үе үеийн эх оронч хөвгүүд, командлал бүрэлдэхүүний түүхэн хийгээд одоогийн хувь нэмэр, хичээл зүтгэл, байгуулсан гавьяаг өндрөөр үнэлж, Та бүхнээр бахархаж байгаа хэрэг юм. Түүхэн явцад тус ангиас салбарлан байгуулагдсан 026, 011, 107 дугаар ангиудад мөн баяр хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс орны бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдыг оролцуулж, ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэх “Бүтээн байгуулалт-Монгол цэрэг” хөтөлбөрийг дэвшүүлэн тавиад байгаа. Монгол цэрэг, зэвсэгт хүчин бол бүтээн байгуулалтын түүхэн арвин туршлагатай салбар, бие бүрэлдэхүүн байдгийн нэг жишээ нь Та бүхэн. Төр иргэнээ, байгууллагаа шагнана гэдэг бол бүтээсэн алдар гавьяаг үнэлэхийн зэрэгцээ байгуулах амжилт бүтээлд уриалан дуудаж, итгэл хүлээлгэж байгаа нэг хэлбэр байдаг.

Та бүхний улс орноо батлан хамгаалах, бүтээн байгуулах их үйлсэд амжилт бүтээлийн дээдийг, нийт албан хаагчдад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар бадартугай.

Баярлалаа” гэлээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх