Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүйн гурван цагийн хэлхээст түүх нь Монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой юм.
Хүннү гүрнээс улбаатай эрэлхэг баатруудын аугаа их сүр хүчийг залгамжлан Их Монгол Улсыг байгуулсан Эзэн Богд Чингис хааны төрийг төвшитгөх алсын хараатай мэргэн бодлого нь өнөөдрийн дэлхий нийтийн даяарших үзлийн эх үндэс байсан төдийгүй, Монгол цэргийн сүр хүч, байлдах урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа таниулсныг олон зууны буурал түүх, намтар мартаагүй байна.
Манжийн дарлалыг эсэргүүцсэн “Үндэсний эрх чөлөөний тэмцэл”, даян дэлхийд туурга тусгаар улсаа зарлан тунхагласан “Ардын хувьсгал”, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан “Халхын голын дайн”-ы ялалт, “Чөлөөлөх дайн”-д оролцсон баатарлаг үйлс, энх цагийн бүтээн байгуулалтад тэргүүн эгнээд явсан зэрэг нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэг хэсэг билээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань өнгөрсөн зуунаас эдүгээд улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай үүргээ биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлж, хүүхэд залууст эх оронч үзэл, хүмүүжил олгож, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ эх орныхоо нэрийг олон улсын тавцнаа дуурсгаж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа гайхуулан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа бахдам амжилтыг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.
Энэхүү баяр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр залуу үеийнхний эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайлал үзүүлэх чухал ач холбогдолтой билээ.
Монгол Улсын төр, засгаас үеийн үед эх орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ хөгжлийг дээшлүүлэхэд анхаарч, 1992 онд шинээр баталсан “Монгол Улсын Үндсэн хууль”-д нийцүүлэн батлан хамгаалахын хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлэн хэрэгжүүлсэн. Өнөөдөр бидний өмнө дэлхийн улс орнуудын хөгжил, батлан хамгаалах бодлого, цэрэг-улс төрийн нөхцөл байдалтай хөл нийлүүлэн алхах, тэдгээрт нийцүүлэн хууль, эрх зүйн тогтолцоогоо шинэчлэх, Зэвсэгт хүчнийхээ бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхаа нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдынхаа нийгмийн баталгаа, эрх зүйн байдлыг хангах хэрэгцээ, шаардлага чухлаар тавигдах боллоо.
Энэ он бидний хувьд Засгийн газрын үйл ажиллагааны болон Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, цаашлаад батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлж, “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хууль, “Дайчилгааны тухай”, “Улсын нисэхийн тухай”, “Эрүүл мэндийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, улмаар Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх бодлогоо УИХ-аар батлуулан, хэрэгжүүлж эхлэх томоохон зорилт тавигдаж байгаа юм. Түүнчлэн батлан хамгаалахын бүх шатны албан тушаалтны хууль дээдлэх, ажлын хариуцлага, сахилга бат, удирдлага, хяналтын ажлын үр нөлөөг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг оновчтой ашиглах замаар цэргийн нэгтгэл, анги, байгууллагын бие бүрэлдэхүүний албаа хаах, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх бодит ажлыг өрнүүлэх жил байх болно.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин нь түүхийн бүхий л үед хамгийн чухал үүргүүдийг гүйцэтгэж, залуу үеийн хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг-эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга бат, хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн нэг баталгаа байх болно.
Олон зууны баялаг түүх, орчин үеийн шинэ шинэ ололт амжилтаар түүхийн хуудсаа зузаатган, хөгжин бэхжиж буй Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай!
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД