Барилга, хот байгуулалтын яам, Барилгын Хөгжлийн төв, “Мишээл Групп” ХХК хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар-2018” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус нээлтийн үйл ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлсэн юм. Тэрээр “Нээлтийн үйл ажиллаганд оролцож байгаа барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын материал, төхөөрөмж импортлогчид болон хувь хүмүүс нийт оролцогчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Эх орны хөгжлийн түүчээ болсон салбарынхаа хамт олонд, хамтран ажилладаг та бүгдэд амжилт хүсье.
Энэхүү үзэсгэлэн нь өнөөдөр 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт тусгагдсан салбарын томоохон зорилтууд хэрэгжиж, улсын төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэн гэр хороололын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж гээд олон ажлууд хийгдэх хөрөнгө, хууль эрх зүйн нөхцлүүд бүрдээд байна. 2018 он бол барилгын салбарт хямралаас гарсан бүтээн байгуулалтын жил болно.
“Улаанбаатар-2018” зохион байгуулагддаг үзэсгэлэн нь ард иргэд, аж ахуйн нэгжүүд барилгын салбарт дахь шинэ технологи, шинэ материал, шинэ бүтээц, шинэ бүтээн байгуулалтыг танилцуулж, мэдээлэлийг нийтэд сурталчлан танилцуулах чухал ач холбогдол өгдөгөөрөө онцлогтой юм.
Монгол инженерүүд, манай салбарын бүтээн байгуулагчид аль хэдийн дэлхийн технологитой хамт хөл нийлүүлэн алхаж байгаа гэдгийг жил бүр зохион байгууллагдаг энэхүү үзэсгэлэнгээс мэдэж, үзэж сонирхон, сонгож хэрэглэдэг хэрэгчдэдээ талархаж байна.
Үзэсгэлэнд оролцогч та бүхэнд эх орныхоо бүтээн байгуулалтанд ихээхэн хувь нэмэр оруулж, шинэ дэвшилтэт технологи бүхий материал, орон сууц захиалга, ногоон байгууламж, гадна тохижилт, гэрэлтүүлэг гээд олон сайхан шинэ санаа олж их бүтээн байгуулалтын ажилдаа хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе” гэв.
Мөн энэ үеэр сайд Х.Баделхан 2018 онд хийхээр төлөвлөсөн салбарын бодлого, ажлуудын талаар тодорхой мэдээллүүдийг хүргэлээ.
Энэхүү үзэсгэлэн нь 2018 оны 03 дугаарын 15-19 өдрүүдэд “Барилгын материал, шинэ техник технологи” , 03 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд “ Орон сууц хот тохижилт” чиглэлээр 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэн нь олон нийтэд дэвшилтэт техник, технологи, шинэ бүтээгдэхүүн, материалыг сурталчлан таниулахаас гадна баригдсан ба баригдахаар төлөвлөгдсөн орон сууцны мэдээлэлийг хүргэдэг.
Мөн барилгын салбарын дотоод гадаадын компаниуд хамтран ажиллах нөхцөл бололцоог олгодог аж.
“Улаанбаатар-барилга 2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2018 оны 03-р сарын 16 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )