Зээлийн мэдээллийн тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад ажилладаг банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-д болон банк, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгч байхаар заасан. Тус хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо “ХЗХ-ны үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д Монголбанкны Зээлийн мэдээллийн сантай ХЗХ-д заавал гэрээ байгуулж ажиллахаар тусган, мөрдүүлж байна.
Дээрх хууль, журмыг мөрдлөг болгон ХЗХ-д Монголбанкны зээлийн мэдээллийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, мэдээлэл солилцож ажиллах үүрэгтэй боловч өнөөдрийн байдлаар Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа ХЗХ-дын ердөө 30.7 хувь нь Монголбанкны зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээ байгуулсан ХЗХ-дын ердөө 50 хүрэхгүй хувь нь зээлийн мэдээллээ тогтмол өгч байгаа бөгөөд бусад нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг дээрх Сангаас Санхүүгийн зохицуулах хороон тайлагналаа.
Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас ирүүлсэн дээрх тайланд үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийнхээ мэдээллийг санд төвлөрүүлж, хууль, журам болон гэрээний үүргээ сахин биелүүлж ажиллахыг ХЗХ-дод анхааруулж байна. Зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулахад ямар нэгэн төлбөр, хураамж төлөхгүй бөгөөд Монголбанкинд хүсэлт гаргаж, хамтран ажиллах боломжтой. Зээлийнхээ мэдээллийг санд өгснөөр учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зээлдэгч гишүүдийн санхүүгийн сахилга батыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм.