СУИС-ийн “Оюутан” театрт энэ сарын 19-нд хөөмийн шинэ бүтээлийн “Галайхан” тоглолтын нээлт болно. Энэ нь тус сургуулийн хөөмийн багш, оюутнуудын анхны дуурилга ажээ. Дуурилга гэдэг нь дуу хөгжмийн аливаа илэрхийллээр дамжуулан агуулга өгүүлэх тодорхой цомнол бүхий тайзны бэсрэг хөгжмийн уран бүтээл аж. Энэхүү бүтээлийг санаачлагчид, хэрэгжүүлэгчид монгол угсаатанд л эрт үеэс уламжлагдаж ирсэн язгуур урлагийн хөөмий төрлөөр үзүүлэх жүжгийг дуурилга хэмээн томъёолсон бөгөөд цаашид хөгжим судлаачид шинжилж дүгнэлт хэлэх байх хэмээж буй. Цомнол буюу хэд хэдэн үзэгдэл бүхий үйл явдалтай, жүжиглэнгээ хөөмийлж утга санаа илэрхийлэх энэ төрөл нь дуурьтай, драмын бүтээлтэй адил. Гэхдээ дүрүүд дуулахгүй, ярихгүй, гагцхүү хөөмийлнө, бүжиглэнэ.
“Галайхан” дуурилгын цомнолыг Чоно багш бичжээ. Энэ нь зохиолчийн уран бүтээлийн нэр бөгөөд тоглолтын нээлтээр чухам хэн болохыг үзэгчид мэдэх юм байна. Төслийн санаачлагч нь СУИС-ийн хөөмийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн, хөгжмийн зохиолч нь хөөмийч, хөгжмийн зохиолч, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд юм байна. Найрал дууны удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий хормейстер Н.Дашбямба, бүжгийн найруулагчаар балетмейстер Р.Туяацэцэг, ерөнхий зураачаар монгол зургийн мастер Б.Нямхүү нар ажиллажээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн “Хөөмийч хүн бол өөрөө хүн хөгжим болой” хэмээн хэлсэн байх аж. Одоогоос 40 мянган жилийн өмнө “Агуйн хүмүүс” аянга цахилгаанаас үүссэн галаас таслан авч, галтай болсондоо баярлан хөөмийлж наадан байтал дуурилгын гол дүрүүдийн нэг Алайхан охины буруугаас өнөөх галаа алдчихдаг ажээ. Адал явдал хэрхэн өрнөхийг хөөмийчдийн дуу хоолой, жүжиг, бүжгээс харах тун сонирхолтой байх буй за.