Гандантэгчинлэн хийдийн том, жижиг лам нар “урт гар”-тай болжээ. Сүүлийн үед лам нар залилан, хулгай танхайн хэрэгт холбогдож нэлээд асуудал үүсгэх болсны улмаас Монголын Бурхан шашны тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц хүртэл Авлигатай тэмцэх газарт морилж,бурханы олон шавь нарынхаа өмнөөс нүүрээ улалзуулсныг юу гэх вэ. Бид лам нарыг ариун гэгээн, бурхантай ойр байдаг хүмүүс хэмээн хүндлэн залбирдаг биш үү. Өнгөрсөн наймдугаар сард хамба Д.Чойжамцын гарын ганц туслах Б.Бүрнээ гэгч лам ямар ч шалтгаангүйгээр “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам З.Санждоржийн нүүр нүдийг хөх эрээн болтол зодсон хэрэг гарсан. Гэвч тэр хэрэг тэгсхийгээд намжсан. Бодвол аргалсан байлгүй дээ. Ер нь Гандан хийдийг тойрсон хэрүүл маргаан,шунахай сувьдаг явдал олны чихийг халууцуулах болсон. Гандантэгчинлэн хийдэд байн байн хулгайн гэмт хэрэг гардаг. Уг хэргийг шалгахад лам, банди нар харуул хамгаалалтынхан “туучихсан” байх нь цөөнгүй. Сүүлийн үед нийгмийн төлөө санаа зовж явдаг хүмүүс сошиалаар тус хийдийн лам хувраг,нярав,нягтлан бодогч нар сүм хийдийнхээ нэн ховор үнэт эдлэл, алтадсан бурхан зэргийг дансны аргаар “идчихдэг” болсныг бичиж байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед До яамныхан 700 гаруй сүм хийдийг устгаж,галдан шатааж, лам нарыг баривчлан цаазалж түүхэнд хар мөр үлдээсэн билээ. Аймшигт аллагын жилүүдэд жирийн иргэд эсэргүү гэгдэхээс айж цэрвэж,шүтэж биширч явсан бурхад, шашны эд зүйлс, ном судар, сахиус зүүлт болон алт, мөнгөн эдлэлүүдээ бүгдийг Гандантэгчинлэн хийдийн гадаа авчирч овоолсон гэдэг.
Тэр бүх зүйл хэзээ ч давтагдашгүй түүхэн бүтээл байсныг түүхчид өгүүлдэг билээ. Тэгвэл өнөөдөр Гандан хийдэд хадгалагдан үлдсэн,хийдийн сан хөмрөгт үлдсэн бурхан шашны эд зүйлсийг бурханы шавь нар нь хулгайлж,зарж үрж байгааг юу гэж ойлгох вэ. Дахин давтагдашгүй бурхан шашны бүтээлүүд хил даваад л буй. Үүнийг лавтайяа 20 гаруй жил ярьлаа. Түүхийн шарласан хуудсыг эргэн сөхвөл,1990-ээд оноос хойш Монголд буддын шашин дахин сэргэж эхлэхэд Гандантэгчинлэн хийдийн данс бүртгэлийг зарим нэг лам зориуд будлиантуулжээ. 1970-аад оны сүүлчээр тус хийдийн агуулахад хадгалагдаж байсан нэн ховор бурхад, үнэт эдлэлүүдийг найман том авдарт хийж битүүмжлэн Монгол банкны “Эрдэнэсийн сан”-д аваачиж хадгалуулсан байна. Гэтэл тэдгээрээс мөн хулгайлсан байх юм. Эдгээр хайрцагт чухам ямар ямар үнэт эдлэл байсныг харамсалтай нь одоо хэн ч мэдэхгүй байгаа аж. “Эрдэнэсийн сан”-д тушаасан гэх үнэт эдлэлүүд рүү хулгайч нар бузар гараа оруулж, цутгамал алт,янз бүрийн хэмжээтэй ембүү зэрэг нийт дөрвөн кг орчим алтыг авсныг акт тогтоосон байна. Тухайн үед Эрүүгийн цагдаагийн газрынхан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц нарын мяндаг тушаал дээгүүр лам нарыг сэжиглэн шалгаж байсан боловч өдгөө таг чиг болжээ. Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагчид 2012 оны тавдугаар сараас эхлэн мөрдсөн “Эрдэнэсийн сан”-гийн гэх хэргийг цагдаа нар нэлээд чамбай шалгаж эхэлсэн боловч хэсэг сүржигнээд удалгүй хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Прокурор уг санлыг ёсоор болгож хаасан гэдэг. Гандан хийдийн ерөнхий нягтлан бодогчоор олон жил ажилласан Б.Ганзориг, нярав Д.Пүрэвжав нарын холбогдсон нэлээд хэдэн хэрэг лам нарын дунд дуулиан тарьсан боловч дүүргийн цагдаагийнхан олигтой ажилласангүй. Нягтлан бодогч Б.Ганзориг нь нярав Р.Пүрэвжавтайгаа хамтран Гандантэгчинлэн хийдийнхээ орлого, зарлагын их хэмжээний мөнгийг байнга хумсалдаг байсан аж. Урт гартай энэ этгээдүүд “Эрдэнэсийн сан”-гийн эд зүйлс рүү гар дүрсэн ч байж болзошгүй юм. Учир нь Монгол банкны “Эрдэнэсийн сан”-д хадгалуулж байгаа тэдгээр эд зүйлсийн төлбөрт 2006 оны зургаан сарын байдлаар 44,991 сая төгрөгийг Гандангаас төлөх ёстой байсан ч энэ төлбөр огт хийгдээгүй аж. Үүний учрыг Гандантэгчинлэн хийдийн ерөнхий нябо байсан Б.Ганзориг, нярав Р.Пүрэвжав хоёроос өөр хэн мэдэх билээ дээ. Харин үүнийг цагдаа нар бүрэн шалгаагүй байгаа нь харамсалтай. Эсвэл шалгахыг хүсээгүй ч байж болох юм. Б.Ганзориг нь 2009 онд кассын орлогоос 15 сая төгрөг, 2011 онд мөн 24,8 сая төгрөг хувьдаа авч ашигласан нь нотлогдсоор байтал Д.Чойжамц хамба яагаад ч юм бэ дуугарсангүй. Тэр их мөнгө одоо болтол Гандангийн дансанд эргэж орсонгүй. Энэ мэтийг эргэн сануулахын учир нь Монголын бурхан шашны төв гэж бурханы шашны төлөө юу хийдэг нь тодорхойгүй байгууллагыг үйл ажиллагаагаа олон түмэнд ил болгоосой гэснийх. Ганцхан зүйлийг онцлоход, өчнөөн жилийн өмнө сүйдсэн сүм хийдийг сэргээж,хурал уншлагатай болгох,шавь сургалтаа явуулах гэж мөнчгөрөөрөө зүтгэж яваа даруухан багш лам нарын хөдөлмөрийг үл хүндэлдэг. Сүм хийдүүдийн үйл ажиллагааг дэмждэггүй,тоногдож сүйрч байгаа хийдэд өчүүхэн ч анхаарал тавьдаггүйг нийслэлийн Багануур дүүрэгт гундан гандан буй Ёнгоршадивдаржаалан хийд гэрчилнэ. 1990-ээд оны сүүлээр барьж босгосон сайхан дацан хийд балгас болоод удав. Тус дүүргийн үе үеийн дарга нар уг хийдийг хэдэн лам нарт хүлээлгэн өгсөн нэрээр ном судар,шашны эд зүйлсийг нь хулгайн замаар оруулсныг нутгийнхан харамсан ярьж байна. Одоо тэр хийдэд 2 м өндөр равнайлсан бурхан багш эзгүй хийд,ойр тойрны хогийг сахин үлджээ. Өнөө цагийн даанч харамсмаар түүх энэ юм. Бурхан багшийг равнайлах ёслолд биечлэн оролцож, амь оруулан ном уншиж суусан Д.Чойжамц хамбыг нутгийн олон хүсэн хүлээдэг юм билээ. Эрхэм хамба эрхбиш тийш морилно гэдэгт бурханаа сахин залбирч буй. Бурханыг дээдэлдэг монгол ёс Багануурын эрхэм дээдсүүдэд алга. Хэзээ нэгэн цагт тэр бурханыг хүндэтгэлтэйгээр залсан Бакула Ренбүчи,хийдийн ловон лам Я.Норов гуай, Төрийн соёрхолт,яруу найрагч Дашбалбар нарын ариун сүнс тэр газраар морилбол сэтгэлийн сайхнаар бүтээсэн бүхэн нь мөхсөн байхыг үзээд юу хэмээн болгоох бол. Хэрхэхийг харах үлдэв. Дашрамд хэлэхэд, олны нүдэн дээр сүйрч байгаа хийдэд заларч буй бурхан багшийг авраач хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид дуулгая. Илүүдэхгүй гэж найдъя.
Н.Дөлгөөн
Багануурын хийдийг хогийн цэг малын хашаа болсныг эрхэм дээд Чойжамц хамба та хүн явуулж үзүүлээч. Цагтаа та бурхан багшийг равнайлж бсан хүн шүү дээ. Хээр хаягдсан бурхан даанч хайран,хэлэх үг олдохгүй байна. Бакула ренбүүчи та хар мөн ч олуулаа амь оруулсан бурхан шүү дээ