Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Истанбул хотод зочилж, тус улсын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтад Туркийн талаас ЭКСИМ банкны Дэд захирал Корай Эрдэн, олон улсын төслийн зээл хариуцсан захирал Сюзан Уста, олон улсын худалдаа, санхүүгийн асуудал хариуцсан захирал Үмүт Топал нар оролцож, банкны үйл ажиллагаа, Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар танилцуулга хийлээ.
Туркийн төрийн мэдлийн ЭКСИМ банк нь гадаадын улс орон, дотоодын бизнес эрхлэгчдэд төслийн зээл болон зээлийн эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг томоохон банк юм. 2017 онд гэхэд 40 тэрбум ам.долларын зээл олгожээ.
Тус банкны онцлог нь Туркийн хөрөнгө оруулагчид гадаад улс оронд төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж зээл олгодог бөгөөд тухайн улсын Засгийн газрынх нь болон банкуудын баталгааг шаарддаг, хүүгийн хувьд нэлээд өндөр буюу 7 орчим хувьтай байдаг ажээ. Монголын ХААН, Голомт, Хөгжлийн банкинд зээлийн шугам нээж, хамтран ажиллаж байгаа аж.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзах үеэрээ Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг ярилцан, тохиролцсон. ЭКСИМ банкнаас 300 сая ам.долларын зээл авах асуудал олон жил яригдлаа. Зээлийн шугам нээгдсэн боловч бүрэн тохиролцоонд хүрч чадалгүй өдий хүргэснийг нэг мөр шийдэж, дээр дурдсан болон бусад төслүүдийг хэрэгжүүлэх нь ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд та бидний барих бэлэг болно. Зээлийн хүү өндөр, баталгаа шаарддаг гэсэн хоёр асуудал бий. Ах дүү улсын хувьд асуудлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр шийднэ гэдэгт итгэж байна. Дөрөвдүгээр сард Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымийг Монголд айлчлуулах асуудлыг ярьж байгаа. Мөн удахгүй Монгол-Туркийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатарт болно. Эдгээр арга хэмжээний үеэр асуудлыг эцэслэн шийдэх нь чухал хэмээн онцоллоо.
ЭКСИМ банкны дэд захирал Корай Эрдэн “Бид зөвхөн Монгол Улсад зориулсан тусгай гарц олохыг хичээж байна. Монголын талын санал санаачилгыг хүлээж авахад бэлэн. Тухайлбал, зээлийн төлбөрийг бүтээгдэхүүнээр хийж болно. Зээлийн хэмжээг 350 сая ам.долларт хүргэх боломжтой гэж бид шийдсэн” гэв.
Эдгээр шийдэл өмнөх өдөр нь М.Энхболд, Р.Т.Эрдоан нарын ганцаарчилсан уулзалтын үеэр ярьж тохирсон зүйлүүд юм. Монгол орон, монголчуудыг элгэн саднаа гэж тооцдог туркчуудийн хүндлэл, М.Энхболд, Р.Т.Эрдоан нарын хувь хүмүүсийн нөхөрлөл, дотночлол энэ нааштай алхамд нөлөө үзүүлсэн байна.
Мөн өдөр УИХ-ын дарга М.Энхболд Туркийн Гадаадтай эдийн засгаар харилцах зөвлөл (DIEK)-ийн удирдлагуудтай уулзалт хийв. Энэхүү уулзалтыг өндөр түвшинд, тусгайлан бэлтгэж хийх талаар Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан үүрэг өгсөн гэж Зөвлөлийн тэргүүн Нэйл Олпак, Зөвлөл дэх Турк-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Чэнгиз Гул нар онцоллоо.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг хамтын ажиллагааны улс орон хариуцсан хороо 144 байдаг аж. Уулзалтад Туркийн нэр хүнд, туршлага, чадавхиараа Туркт төдийгүй дэлхийд үнэлэгддэг томоохон аж ахуйн нэгжийн 20 шахам удирдлага ирсэн байв. Тэдгээр нь уул уурхай, өнгөт болон хар төмөрлөг, мах, махан бүтээгдэхүүн, газар тариалан, ноос ноолуур, нэхмэл сүлжмэл, авто зам, тээвэр, хот байгуулалт, орон сууц, эрчим хүч, төмөр зам, зочид буудал, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.
Тэд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээний талаар танилцуулж, Монголтой хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлж байлаа.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Туркийн бизнес эрхлэгчдийн хооронд амьд хэлхээ холбоо тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх сайхан эхлэл тавигдаж байна хэмээн онцлоод, “Энд яригдсан асуудлууд, тодорхой саналуудыг ажил хэрэг болгоход бид онцгой анхаарна. Монгол Улс Европын холбоотой “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан. 7200 нэрийн бүтээгдэхүүнийг Европын холбооны 28 оронд татваргүй гаргах боломжтой. Орос, Хятад хэмээх дэлхийн хоёр том зах зээлтэй хаяа дэрлэн оршдог. Ази-Европыг холбох хамгийн дөт замын зангилаан дээр байрлалтай. Ази, Номхон далайн бүс нутагтаа хамгийн бага татвартай улс бол манайх. Энэ мэт давуу талууд бизнест сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Та бүхнийг Монголд урьж байна” гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уг уулзалтыг Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар (Консул Э.Мөнх-Очир) зохион байгуулсан юм.
Иргэд УИХ-ын даргын айлчлалын үеэр иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн чухал гэрээ байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Тэд гадаадад ажиллах хүч гаргах бодлогод өөрчлөлт оруулах, турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг болгох, гадаадад байгаа иргэдийнхээ соёл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарал хандуулах, орон сууцны ипотекийн зээлд хамруулах, албан ёсоор оршин суух зөвшөөрөл авах нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг саналыг хэлж байлаа.
Иргэдийн асуултад УИХ-ын дарга М.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.