Парис хотод Монголын соёлын өдөрлөг боллоо

2018 оны 03-р сарын 12 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2m7vgm6o73mpi1h1ggb8gpom62_b

Франц улсын нийслэл Парис хотноо Монголын урлаг, утга зохиол, зан үйлийг сурталчлах өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн “Умардын монголчуудын холбоо”, Парисын 10 дугаар дүүрэг хамтран зохион байгуулсан байна.

ЭСЯ-ны зөвлөх Э.Есүхэй өдөрлөгийг нээн хоёр орны харилцааны уламжлал түүх, өнөөгийн түвшний талаар товч мэдээлэл хийсэн бол хамтран зохион байгуулагч Парисын Х дүүргийн удирдлагын зүгээс эртний түүхт монгол анд нөхдийнхөө өвөрмөц соёл, зан заншилтай танилцах боломж олдож байгаад талархал илэрхийлжээ.

Харь оронд амьдарч байгаа ч эх хэл, соёлоо суралцаж буй багачууд төрийн дууллаа дуулан, Францад өөрийн орны орчин цагийн уран зохиол, яруу найргийн бүтээлийн түгээн сурталчлах чиглэлээр ажиллаж буй орчуулагч Р.Мөнхзул Монголын утга зохиолын түүхэн үечлэл, гол гол төлөөллийн талаар танилцуулга хийсэн байна. Тэрээр Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх, яруу найрагч Л.Өлзийтөгсийн өгүүллэгийн түүвэр зэрэг бүтээлийг франц хэл рүү орчуулжээ.

Өдөрлөгийн үеэр монгол ардын уртын болон богино дуу, морин хуурын татлага, бий биелгээ, үндэсний бүжгийн сор болсон бүтээлүүдээс бүрдсэн тоглолт гадны төдийгүй эх орноосоо алс суугаа иргэдийн сонорыг мялааж, франц дахь шагайн харвааны нийгэмлэгийнхэн уухай өргөж шагайн харвааны ёс, хашлага хасаа, ардын тоглоомын хүндэтгэл, монгол бөхийн өмсгөл зэргээ танилцуулсан байна. Мөн Францад уран бүтээлээ туурвидаг зураач, урчууд өөрсдийн бүтээлээ дэлгэжээ.

Сонирхуулахад Франц улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн “Умардын монголчуудын холбоо” байгуулагдаад гурван жил болж буй, эх орноо сурталчлах үйл ажиллагаа явуулдаг, гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн хамгийн идэвхтэй нийгэмлэг гэж үнэлэгддэг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх