Дүрэлзсэн алаг нүдтэй, турьхан охин Д.Учрал таван настай. Том болоод эмч болно гэх жаахан охин өвчтэй бүх хүнийг эдгээдэг хүн болно гэж мөрөөддөг. Өнгөрсөн жил жижигхэн хөөрхөн дүүтэй болсон.
-Чи юу хийх дуртай вэ?
-Зураг зурах
-Цэцэрлэгт явдаг уу?
-Үгүй ээ.
-Яагаад?
-Бие өвдөөд …
Яагаад бие нь өвдсөн тухай асуултанд харин тэр хариулахыг хүссэнгүй. Харахад цовоо сэргэлэн, эгдүүтэй охин хоёр настайдаа гэнэт өндөр халуурч, эмчилгээ шинжилгээ хийлгэхэд эмч нарын онош тодорхойлж чадахгүй, эргэлзээ төрүүлж эхэлжээ. Рентген зурган дээр уушгинд маш их хэмжээний цэртэй гэж гарах боловч чагнаж үзэхэд илт хүндрэл мэдрэгдэхгүй. Ингээд хатгаа туссан хэмээн эмчилгээ хийж, сүрьеэ өвчний сорил авч, боломжит эмчилгээнүүдийг хийсээр. Гэтэл хоёр сарын дараагаас шүлс нь ялгарахгүй, шүлсний булчирхай томрон, шүд нь хөдлөн унаж эхэлжээ. Залуу ээж аав бүх л эмнэлгээр явж шаардлагатай шинжилгээнүүдийг өгч, оношийг нь тодруулахаар чармайсаар. Томографи зургаар уушиг 60 хувийн хатууралтай гарч, цусны эсвэл тулгуур эрхтний, уушигны ямар өвчин болохыг тодорхойлж чадахгүй л байв.
Бяцхан охины уушиг, яснаас шинжилгээ авах боломжгүй, хоёр жил гаруй онош тогтоох гэж явсаар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард булчирхайнаас эд эсийн шинжилгээ авах боломжтой болсноор цусны нэгэн төрлийн өвчин гэсэн эхний онош тогтоогдож. Гэвч эмч нар оношт эргэлзсээр байсан учир залуу хос охиноо Солонгост шинжлүүлэхээр болж. Өмнөд Солонгосын Сөүлийн Их сургуулийн лобаратори цусны цагаан эсийн замбараагүй өсөлт хэмээх эмгэг өвчин болохыг баталгаажуулжээ. Түүний ээж Д.Буянхишиг “Монголд онош тогтоож чадахгүй маш их хугацаа алдсандаа үнэхээр их харамсч байна. Өөр ч боломж байгаагүй” гэж ярьж байна. Ингээд Д.Буянхишигийн яриаг хүргэж байна.
-Охинд тань одоо ямар эмчилгээ хийх шаардлагатай байгаа вэ?
-Юуны түрүүнд химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гурван сарын хугацаанд долоо хоногт 1-2 удаа химийн эмчилгээ хийсний дараа цаашдын эмчилгээг тодорхойлох ёстой. Химийн эмчилгээ 1-2 жил үргэлжилнэ гэсэн.
-Монголд эмчилгээ хийлгэх боломжгүй юу?
-Цусны цагаан эсийн замбараагүй өсөлт гэдэг нь эмгэг өвчиндөө ч, хавдрын төрөлдөө ч ордог юм байна. Тийм учраас эмчилгээ эхлэхээс өмнө 10-20 сая воннын нарийн шинжилгээ өгөх ёстой. Гурван сарын эмчилгээний дараа шинжилгээг харьцуулан дараагийн эмчилгээг тодруулах ёстой. Гол нь уушиг маш их хатууралтай учраас өндөр эрсдэлтэй гэж манай эмч нар ч Солонгосын эмч нар ч үзэж байгаа. Хамгийн гол нь Монголд онош тогтоогдож чадахгүй их хугацаа алдсан. Солонгосын эмч нар бол Монголд цөөхөн тохиолдох өвчин боловч Солонгост бол нэлээд тохиолддог. Гэхдээ хэдийгээр эрсдэлтэй ч бид чадах бүхнээ хийж эмчлэх болно гэж хэлсэн Солонгос эмч нарын үг их итгэл төрүүлж байгаа учраас бид ямар ч гэсэн охиноо эмчлүүлнэ эдгээнэ гэсэн итгэлтэйгээр чадахаасаа чадахгүйгээ хүртэл бүхнийг хийх болно.
-Эмчилгээний зардал мэдээж өндөр байх. Хамгийн эн тэргүүнд одоо юу шаардлагатай байгаа вэ?
-Эхний удаад дээр хэлснээр 10 орчим сая воннын шинжилгээ хийлгэнэ. Дараа нь 3 сарын хугацаанд долоо хоногт 1-2 эмчилгээ хийлгэхэд нэг удаагийн эмчилгээ багаар бодоход 1-2 сая вонн. Гурван сарын дараа, дараагийн эмчилгээг тодорхойлно гэсэн.
-Уучлаарай, танай гэр бүл ямар ажил хийдэг вэ? Монголчуудын хувьд ялангуяа залуу гэр бүлийн хувьд мэдээж эмчилгээний зардал хэцүү л байгаа байх?
-Би Хүрээ дээд сургууль төгссөн. Сургууль төгсөөд охиноо гаргаж, дараа нь охин бие өвдөж, эмнэлгээр яваад, өнгөрсөн жил маамуутай болж, ажил хийгээгүй байгаа. Нөхөр маань ШУТИС-ийг дулааны инженерийн ангийг төгссөн, ТЭЦ-4-т засварын мастераар ажилладаг. Охиныхоо оношийг тодруулахаар сая нэгдүгээр сард Солонгос явахдаа хашаа байшингаа барьцаанд тавьж, нөхөр маань цалингийн зээл авч бүх боломжоороо мөнгө зээлсэн болохоор одоо барьцаанд тавих зээл авах ямар ч боломжгүй болчихоод байна л даа. Тийм болохоор Монголынхаа сайхан сэтгэлт хүмүүсээс тусламж хүсч байгаа нь энэ.
-Эхний гурван сарын эмчилгээнд хэд орчим төгрөг зарцуулагдахаар байна?
-Зөвхөн эхний шатны шинжилгээнд 50 сая вонн /100 орчим сая төгрөг/ . Цаашдаа ямар эмчилгээ хийгдэх нь одоо тодорхойгүй. Охиноо эмчлүүлж шинжилгээ хийлгэж явахад олон ч хүнтэй уулзаж ярилцаж, арга зам хайж байна. Хүнээ, хүүхдээ эмчлүүлэх гэж байгаа хүмүүс эхний шинжилгээ, эмчилгээний мөнгөө бэлтгээд, явцдаа арга нь олдох байх гэж найддаг юм байна л даа. Гэтэл солонгосчуудын хувьд эмчилгээний төлбөрөө дараа өгье гэх ойлголт байхгүй. Тийм учраас эмчилгээ дундаа тасалдаж, үр дүнгүй болох тохиолдол цөөнгүй байдаг. Тийм ч учраас эмчилгээний мөнгөө бэлтгэж байж, эмчилгээгээ эхлүүлэх хэрэгтэй шүү гэж зөвлөж байна. Солонгос эмч нарын зүгээс ч ингэж анхааруулсан. Тийм болохоор ямар нэгэн байдлаар эмчилгээний эхний зардлаа олж байж, Солонгос явах шаардлагатай. Ах, дүү хамаатан садны зүгээс мэдээж дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Гэхдээ энэ хэрийн мөнгийг олоход бидний хувьд хэцүү болчихоод байна даа. Очоод охиноо эмчлүүлэнгээ өдөр шөнөгүй ажиллаж, бүх боломжоороо дараагийн эмчилгээний зардлаа олохоор зүтгэх болно. Буяны, тусламжийн янз бүрийн байгууллагуудад ч хандана гэж бодож байгаа.
Залуухан ээж аав Д.Буянхишиг, Х.Даваасүрэн охиноо эдгээж эмчлүүлнэ гэдэг найдвараа огтхон ч алдаагүй, чадах бүхнээ хийнэ гэсэн итгэл дүүрэн. “Манай монголчууд энэрэнгүй, тусч. Олон сайхан хүмүүсийн буянаар олон хүмүүс эдгэрч эмчлүүлсэн гэдэг. Тийм болохоор охинд маань ч гэсэн тусламжийн гараа сунгана гэдэгт итгэж байна. Тус гэдэг их багадаа биш, таван зуу, нэг мянган төгрөг ч гэсэн хандив өргөхөд олны маань тус багадахгүй дэм болох байх аа” гэж итгэл дүүрэн ярьж байна. Саяхан сурсан шинэ дуугаа дуулж өгнө гэж байсан охин ээжийнхээ гар дээр унтаад өгч. Их амархан сульдаж ядардаг, сүүлийн нэг жилд маш их турж эцсэн, шүднүүд нь унасаар, эрүүний яс нь 3/1 хүртлээ нимгэрээд байгаа гэсэн. Тоглох, эрхлэхээс өөрийг мэдэхгүй байх учиртай охин өвдөлт зовиураа даан тэвчсээр, хэдийгээр өвдөж шаналж байвч түүнийгээ бусдад мэдэгдэхгүй гэж, дуулж, хөөрч, эмч болохыг хүсч байгаагаа шулагнан ярина. Охины хүслийг биелүүлж, эдгэрэхэд нь халамжийн гараа сунгаасай, сайхан сэтгэлт монголчууд маань. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Жич: Хандивын данс Damdinsuren Buyankhishig
Хаан банк данс-5087299751 Терийн банк данс- 104000695938
Мөн 99926469 88019432 утсаар шууд холбогдож болно шүү.