Жил бүрийн 3 дугаар сарын 8. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр манай гаригийн бүсгүй хүн бүхэн эрхээ эдлэн баярлах өдөр. Гэтэл өчигдөр баярынхаа өдрөөр эиэгтэйчүүд Монголын төрөөс шударга ёсыг шаардаж жагслаа. Хаврын зэвэргэн өдөр хагас нүцгэлсэн бүсгүйчүүд Их эзэн Чингис Богдынхоо өмнө “Бидэнд баярлах шалтгаан алга” хэмээн зориг шулуудан цугласан нь тэр. Цуглаанд оролцогчид гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэрэг нийгэмд уршиг тарьж буй ёс бус үйлдлүүдийг таслан зогсоохыг төр засгаас шаардсан юм.
Монгол Улсад, ажилгүйдэл, ядуурал газар авч байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан байхгүй хэмээн цуглаанд оролцогчид онцолж байлаа. Гэр бүлийн хүчирхийллийг зогсоож, ажилгүйдэл, ядуурлыг арилгаж, амар тайван амьдрах боломж олготол энэхүү цуглааныг жил бүр зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчид анхааруулсан юм.
Цуглаанд зөвхөн эмэгтэйчүүд ч биш эмэгтэйчүүдийн төлөө сэтгэл чилээж явдаг эрчүүд ч бас олноор ирсэн байв. Хүмүүсийн ярихыг анзаарвал, уг жагсаалыг хуульч,өмгөөлөгч Т.Бат-Ялалтын толгойлдог “Шударга шүүх” ТББ-ын дэргэдэх “Ээжүүдийн холбоо”-ны гишүүн бүсгүйчүүд зохион байгуулсан аж. Өнгөрсөн өвлийн дүн хүйтнээр тус төрийн бус байгууллагын дэргэдэх “Худалдаачдын холбоо”-ны гишүүн эмэгтэйчүүд МАН-ын байрны гадна хагас нүцгэн жагсаал хийж байсан.
Тэд уг жагсаалаараа амьжиргаагаа залгуулж буй бизнесийг нь төрөөс албадан устгаж байгааг эсэргүүцэж,эрх баригчдад албан шаардлага хүргүүлж, дэрийтлээ нүцгэлэн жагсаж байсныг хүмүүс санаж буй. Идэр есийн жавар ид тачигнаж байхад жагссан бүсгүйчүүд “Бид эрүүл мэнд, нэр төрөө гаргуунд нь гаргаж энэ жагсаалыг зохион байгуулж байна.
Хариу өгөхгүй бол долоо хоног бүр жагсаал зохион байгуулах болно. Зулын гол болоход ч бэлэн байна” гэж хатуухан мэдэгдэж байсан билээ. Харин энэ удаа жагссан бүсгүйчүүд Монголын нийгмийн байдал дэндүү муудаж байгаа учраас үзэл бодлоо илэрхийлж байгаагаа учирлаж байсан. Эрхээ эдлэн баярладаг ганц өдрөө зэврүүн салхинд алгадуулан, хагас нүцгэн зогсож байгаа бүсгүйчүүдийг өрөвдөөч, Монголын төрийн эрхэм дээдсүүд ээ.
Төр засгийн арчаагүй дүлий байдлаас болж аргаа барсан бүсгүйчүүд гадаа жиндэн дааран жагслаа. Харин тэднийгээ өмгөөлж хамгаалах эрчүүд хаана явна вэ. Дотуур өмднөөс өөр биеэ халхлах хувцасгүй, сүү ивлэх хөхөө ил гарган зогсож байгаа бүсгүйчүүд баярынхаа өдөр доголон нулимстай жагслаа. Тэднийг тэгж л байг,сайн дураараа нүцгэлээ л биз,харин ч үнэгүй “стриптиз” үзчихлээ гэж маасганан шоолж байсан хүмүүс ичиж амьдраарай. Үзэл бодолдоо үнэнч, нийгэмд бодож эргэцүүлэхийн чухлыг сануулсан зоригтой бүсгүйчүүдэд баяр хүргэе. Бүсгүй хүнийг ийм байдалд оруулсан төр засаг эрхбиш нэгийг бодох болов уу. Найдъя даа,өөр яалтай. Санаачлага муутай,бүсгүйчүүдийг урдаа түрэн зүтгүүлдэг доожоогүй эрчүүд сэтгэл зүрхээ чагнаарай. Сайхан амьдралын төлөө,үр хүүхдийнхээ гэгээн ирээдүйн төлөө,эх орныхоо хөгжлийн төлөө зориг,тэвчээр гарган нулимс зангируулан тэмцэж байгаа бүсгүйчүүд сэтгэл зүрхийг минь өмрүүллээ. Тэд маань улам олуулаа болох болтугай.
Н.Дөл