Хайрын соронз /Тууж-4/

2018 оны 03-р сарын 06 өдөр, 14 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hair

…Тулгын гурван чулуу шиг биедээ тулах, түших хүч болон амьдарч эрийн цээнд хүрсэн тэд тусдаа гарсныхаа дараахан нэг хэсэгтээ хөлөө олох гэж хэцүүхэн байснаа   дурсдаг.

    Амьдралын ханиа сонгохдоо Хэнчбиш хайрыг биш бэл бэнчинг харна гэсэндээ хүрэх гэж чамлахааргүй хугацааг ганцаар туулжээ. Нөгөө хоёрыгоо ажил хийгээд мөнгө олоод ирж байхад арай өөр аргаар ходоодоо борлуулаад сурчихсан түүнд өдрийн хоолны мөнгөтэйгөө залгана гэдэг хамгийн том шалгуур болов. Гэвч хоосон хонохгүйн тулд өглөө эртлэн гарч “Барс” зах дээр очно. Урд хөршөөс оруулж ирсэн хүнсний ногоо голдуу ачааг зөөж хэдэн төгрөг олно. Заримдаа бүр гутал тосолж, өдөржин суугаад арайхийн хоёр хуушуурны мөнгө олоод баярлах. Хэнчбиш ингэж явахдаа Олдох, Цоохор хоёрын юу хийж хэдэн төгрөг олж байгааг тандаж мэдээд өөртөө гутравч “Удахгүй би баян хүүхэнтэй сууна” хэмээн сэтгэлээ тайтгаруулна. Нэг өдөр “Барс” зах дээр очтол хээнцэр дэгжин хувцастай, гучаас нэг их хол даваагүй насны эмэгтэй цоо шинэ жийпнийхээ дэргэд бараг уйлах нь холгүй үглэн зогсч байхтай тааралджээ.

-Муусайн балиар юмнууд миний машиныг өөрсдийнхөө царай шиг болгоод хаячихаж…

Машины хаалга болоод кузовын эргэн тойронд шохой, шавар түрхсэн нь халтайж, сааралтаад хэний ч дургүй хүрмээр байв. Дургүйг хүргэсэн буюу дээрэнгүй хандсан заримыг ингэж хашраадаг байснаа бодоод иээд нь хүрсэн Хэнчбиш:

-Би угаагаад өгье… хэмээн уриалгахан дуугарчээ. Нөгөө эмэгтэй хөлөөс толгойг хүртэл харж шилбэлзсэнээ:

-Чи өөрөө угаах юм уу…гээд дуу нь зөөлрөөд ирэхийг 20 насны босгыг алхаад хоёр  жилийн нүүр үзэж байгаа залуу сайн гэгч мэдэрсэн байх юм.

-Машин угаадаг хүн биш л дээ. Гэхдээ яахав, таныг ингэж бухимдахыг хараад сэтгэл хөндүүрлэчихлээ…

   Минчийтлээ уурлаж, элдвийн муухай үг урсгаж  байсан эмэгтэй:

-Тийм үү… гэснээ тас тас хөхөрч амаа даран аальгүйтсэнээ:

-Сэтгэл чинь хөндүүрлэсэн бол  гар  чинь бүр их өвдөх байлгүй… Ойрхон угаалгын газарт очиж угаалгасан нь дээр байх. Тэгээд ч би машинаа хүнээр угаалгаж үзээгүй гэжээ.

      Хэнчбиш мөчөөгөө өгсөнгүй. Тэр эмэгтэй сээтэн хаяж ирээд үгээр өдөх маягтай байгааг анзаарсан залуу:

-Угаалгын газарт ч гэсэн хүн угаах байлгүй дээ. Аль эсвэл жийп угаадаг угаалгын машин байдаг юм болов уу…гээд хажууд нь ойртон очив…

Шүрээтэй ингэж танилцсан Хэнчбиш тэр өдрөөс хойш халтуурын ажил хайх зовлонгоос ангижирч, чинээлэг, хөөрхөн хүүхний ивээлд багтжээ. Үе мултарсан насны зөрүүг эс тоосон тэдний мөнгө рүү тэмүүлэх чин хүсэл нь тун богинохон хугацаанд нэг гэрт оруулсан гэлтэй.

    Гурван эрэгтэй дүүтэй, айлын том охин Шүрээ  эдийн засагч мэргэжилтэй. “Хувиараа бизнес хийж мөнгө босгож бас шатаж үзсэн. Хоёр ч эртэй дэр нэгтгээд хүү, охин төрүүлсэн боловч хамтын амьдрал удаан үргэлжлээгүй буруутан нь өөрөө биш. Хүүхэмсэг зантай харчуудын тэнэглэл байсан. Өөр эмэгтэй рүү харц шилгээж өвөр юу руу нь тэмүүлэхгүй эрийг бол өвөр дээрээ бүү хэл толгой дээрээ өргөөд авч явах чадалтай” гэх энэ эмэгтэй Хэнчбишийг дотроо ихэд олзуурхсаныг яаж гадарлах билээ.

    “ Хар толгойноосоо өөр хамаатай садан байхгүй. Царай… нуруу … бие хаа бол сайхан… Хэн ч харсан “танк”-ных гэхгүй. Тиймээс би энэ залууг алдаж болохгүй. Анзаарсан чинь, ашгүй овоо зэгсэн шуналтай шинжтэй… Мөнгө, хөрөнгө гэж мэдэхгүй хар юм бол ёстой хэцүү. Ямар гэрийн тэжээмэл амьтан биш… Хэн тийм мануухай шиг юмыг тэжээгээд бас тэврээд хэвтэж байдаг юм бэ. Харин энэ бол ядуугийн зовлонг яс махандаа тултал мэдэрсэн, сайн сайханд шунахаас өөр ямар юу руу тэмүүлнэ гэж…Заяаны хань зам дээр гэж энэ дээ…” Шүрээ ийм бодлоор сээтэн хаяж, улмаар сэтгэл юугаа илэрхийлэхэд бэлэн байх үед нь:

-Чи миний хань болооч. .. гэж Хэнчбиш гуйжээ.

   Хоёр хүүхдээ салсан нөхрүүдийн аав, ээжид өгсөн тул Шүрээд Хэнчбишээс өөр арчилж, тордох, ааглаж зандрах хүн үгүй. Хайр халамж гэдгийг огт амсаагүй эр ийнхүү тансагхан амьдралтай тун сэргэлэн эмэгтэйн энхрийлэлд очсоноор ёстой л хайрын болоод хөрөнгө мөнгөний бялууралд автжээ. Түүний хүсэн шуналын гал оволзож, хайртай бүсгүйнхээ хий гэсэн бүгдийг гүйцэлдүүлж, хүн харахад нэг том бизнесмэн, захирал мэт имиж бүрдүүлсэн нь хүртэл шинэхэн амрагийн зөвлөгөө байв…

   -Миний нэг хуурай эгч байдаг юм. Нэртэй сайн эмч. Нөхөр нь төрийн түшээ гээд бод доо. Тэр эгч нэг санал тавиад байгаа юм. Хоёулаа одоо тэр ажилд орно.

   -Түшээ гэдэг чинь юу хийдэг хүн билээ…

   -Би чамд хэлдэг шүү. Мэдэхгүй юмаа хүртэл сайн мэддэг хүн шиг царайл гэж. Түшээ гэдэг  бол УИХ-ын гишүүнийг хэлдэг юм, мэдэв үү. Тэгэхээр эхнэрийн нь ажлыг бүтээж өгвөл гишүүн нөхөр нь бүхэл бүтэн алтны ордыг “Май” гээд өгнө.

  -Алтны орд оо…Аа яа яа… Ямар ажил юм бэ. Хань нь шууд оръё.

  -Миний ханьд бол амархан ажил. Яагаад гэвэл хүн мэддэг юмаа хамгийн сайн хийдэг гэдэг биз дээ.

  -Тийм үү. Миний мэдэх гэхээр юу байж таарах вэ…

  -Чи хөөрцөглөлгүй сайн сонс. Энэ ажлын тухай бас хамтарч буй хүмүүсийн тухай хэзээ ч хэнд ч хэлэхгүй. Хамгийн том болзол бол энэ. Хэрэв энэ бүгдийг зөрчвөл юу болох нь ойлгомжтой. Эрхэм гишүүн бол зүгээр нэг кнопны манаач ч биш. Гар, хөл урттай амьтан. Ямар сайндаа өөрөө нэг удаа согтуудаа “Хүн алахаас бусдыг хийж явна” гэж ам алдаж байх вэ дээ…

  -Ингээд бодохоор Төрийн ордонд орж суусан гишүүд, томчууд гэх бүлэглэл дотор юу ч хийх, бас юу, юу хийсэн хүмүүс байдаг бол. Цэвэр ариун, шударга царайны ард их юм байгаа… Хэнчбиш санамсаргүй ингэж хэлсэн биш эхнэрийнхээ тахилыг буруу эргүүлээд тавьчихжээ.

  -Чи тэгж бодож явдаг юм уу. Тийм бол яах юм бэ…Хэн чадаж байгаа нь ингэж явдаг юм, яадгийн. Чам шиг юм бол яах вэ. Хоосон гуяа ганзагалаад суухаас өөр яаж амьдрах юм. Чадаж байгааг нь амьдар, ав… гэсэн далдын далд хуультай нийгэм цаг үе мэдэв үү. Тэр хууль нь одоо ингэж ил болоод байхад чи ийм юм яриад сууж байдаг. Чи ер нь эргээд бухах,  траншейныхаа занг  гаргах гээд байна уу?…

   Хэдэн өдөр Хэнчбиш эхнэрийгээ аргадах гэж өглөө бүр босч дуртай зууш, унд цайг бэлтгэж тэр бүү хэл:

   -Чинийхээ хэлсэн бүгдийг биелүүлнэ… Ард нь ямар ч яриа, асуудал үүссэн би хар толгойгоороо хариуцна. Чи, бид хоёр ийм тохиролцоонд хүрсэн учраас өнөөг хүртэл гэрлэлтийн баталгаагүй байгаа. Хэдхэн сарын дараа мэндлэх хүүхдээ хэнээр овоглох бол гэдгийг хүртэл чи  мэднэ тийм биз дээ… хэмээн бүх булчирхайгаа тоочин байж арайхийн Шүрээгийн ая занг зөөлрүүлжээ…

                          ***                ***                  ***                    ***                 ***

   “Хүүхэд аваад ирнэ” гэдэг чинь сайн. Хэрхэхийг цааш нь зохицуулна. За, ингээд Заамарын алтны орд манайх болж байгаа юм даа”. Залгасан дугаарын эзэн хариу өгөх  хүртэл Хэнчбиш ингэж бодов.

    – Мөнгөө эмч үү, та хаана байгаа юм бэ… Би яваад очих уу… гэж хэлчихээд амандаа дуу аялан дороо эргэлдсэнээ “Баярлах арай эрт байна шүү…  ” хэмээн өөртөө анхааруулаад, жолоочоо дуудлаа.

Түүнийг очиход Мөнгөөгийн туслах эмэгтэй нь байсангүйд Хэнчбиш дотроо баярлав.

      “Мөнгөө эгчтэй чи ойртож дотносоод байна уу. Өрөөгөө дотроос нь түгжчихээд хоёр цаг гаруй болохдоо юу хийсэн юм бэ… Намайг тэнэг гэж бодоод байгаа юм биш биз.

  Мөнгөө авгайгийн  эр хүнд яаж найр тавьж, наалинхайтдагийг би сайн мэднэ ээ. Яг чам шиг эрд цаадахь чинь дуртай. Яагаад гэвэл эр нөхөр нь гэрийн бараа харах биш. Зүгээр л мөнгөний машины үүрэгтэй амьтан байгаа юм…”. Эхнэр Шүрээ нь ингэж цаг минутаар нь бүртгэж, мөрддөгийг мэдсэн эр “Мөнгөө эмчийн туслах бүсгүйг хов зөөгөөд байна” гэж хардсан нь үнэнээс тийм ч хол зөрөөгүй гэдэг.

       Цэлийсэн том өрөөндөө ганцаархнаа байсан Мөнгөө түүнийг оронгуут хаалгаа түгжиж их л шимтэн суулаа. Хэнчбиш түүнд ойртон:

-Бүх асуудлыг зөвшөөрүүлсэн… хэмээн шивнэх шахам хэллээ.

    Хувийн томоохон эмнэлгийн захирал, хатагтай Мөнгөө талархал илэрхийлэн Хэнчбишийн хоёр гар дээр ээлжлэн үнсэхдээ “Эр хүн иймэрхүү энхрийлэлд илүү хурдан татагддаг сан” хэмээн бодоод, жоготой харцаа тулгав…

                                   ***             ***             ***            ***            ***

   “Архи үнэртүүлээд… бас…” хэмээн хардах сэтгэл нь оволзовч Шүрээ “Алтны орд авчрах гэж байгаа юм чинь” гээд амаа хамхин, дуугүйхэн хажуугаар нь орж хэвтлээ. Эхнэртэйгээ ганц үг солилгүй, буруу харан хэвтэх Хэнчбишийн нойр хүрсэнгүй. Босч зочны өрөөндөө орж, хойш урагш холхиж байснаа шилтэй виски авчирч ширээн дээрээ тавив. Шөнө дунд ганцаархнаа ийн тухлах  тэрбээр  хааяа виски шимэн, цаашид “хэрхэх” төлөвлөгөөгөө боловсруулж суулаа.

    Эхлээд арай цөөхөн тоо хэлж байснаа одоо бүр өдрөөс өдөрт нэмээд байгаагаа эрхэм гишүүн гуай мэдэж байгаа болов уу. За яахав, Мөнгөө эмчид ямар ч байсан унавал хаана очих вэ гэдгийг мэдрүүлсэн. Тэгэхээр намайг хүндрүүлж, дахиад өөр юм хийлгэж чадахгүй. Ийм аймшигтай тоглоом руу харин ч цэвэрхэн орлоо. Хөөрхий,  Цоохор “Хүмүүнлэгийн ажил гар, бие оролцуулж, буян үйлдэж байна” гээд бодож хэвтээ биз.

    Алтны орд авчихаар, бас миний хүүхдийг төрүүлээд ирэхээрээ Шүрээ хүүхний ааш аяг арай өөр болоод Хээкий хүүгийн байр суурь бүр дээшээ өргөгдөөд ирэх бий вий…

   Одооны “танк”-ныхан ч үнэхээр аймаар болжээ. Тэдэнд мэдэхгүй, чадахгүй юм алга. Арга ч үгүй биз. Бусдаас дутахгүйн тулд бөндгөрөө ажиллуулахыг шаарддаг л орчин доо, хөөрхий. Элдэв бодол сүлэлдүүлэн, холхисоор арайхийн үүр цайлгасан Хэнчбиш усанд орчихоод гарч ирэхэд эхнэр нь боссон байлаа.

   Унтлагын хувцасны гаднаас хэвлийг нь илэн энхрийлснээ:

-Хань нь сайхан хар шөл хийгээдэхье. Миний хань өөрийнхөө бэлтгэлийг базаа. Юмаа мартав аа… гээд гал тогооныхоо өрөө рүү оров.

    Солонгосын хөрөнгө оруулагчидтай уулзаж, алт олборлох ажилд хамтрах гэрээ байгуулахаар явах эхнэртээ хоол, цай хийж өгсөн эр:

-Миний хань, хамгийн сайн эмнэлгийг сонгож байгаад биеэ сайн үзүүлээд аваарай. Ирэхэд чинь хань нь алтны орд эзэмших эрхээ авчихаад сууж байя… хэмээн Шүрээд тал заслаа.

 -Ямар удах биш, гурав хоноод ирнэ. Наад ажлаа бүтээсэн байвал сайн байна. Алтны сураг сонссон солонгосчуудад бол оруулах хөрөнгө, мөнгө юу ч биш шүү дээ. Аягүй бол надтай хамт хүрээд ирж мэдэх л шуналтай улс. Ямар ч байсан гэрээгээ нэлээд хатуу болзолтой байгуулна.

Нөхөртөө анхааруулга сануулгыг чангахан өгөхдөө:

-Мөнгөө эгчийн хэлсэн бүгдэд итгэв дээ. Цаадахь чинь улс төрийн тогоо руу өнгийгөөд үзчихсэн бас л санаа гэж явчихсан хүн байгаа юм. Чи анзаарч, ядаж өөрийгөө мэдэж байгаа биз дээ. Толгой чинь хүрэхгүй юм уу эсвэл болохгүй, бүтэхгүй ажил дээр битгий “За” гэж зүтгээрэй. Уг нь их аятайхан эгч байсан чинь нөхрийнхөө арыг даах гэж зүтгэхдээ ямар ч арга хэрэглэхээс буцахаа больсон байна лээ. Эрх мэдэл мөнгө хөрөнгө угаасаа хүнийг өөд нь биш уруу нь татдаг юм байна. Тэглээ гээд яалтай билээ… хэмээн давхар зөвлөгөө өгчээ.

 Нисэх буудал орж, эхнэрийгээ үдэж өгөөд буцах замдаа “Итгэх… гэж байдаг юм уу, энэ хорвоод чинь. Мөнгөө нь “Танай Шүрээ айхтар шүү. Чи ямагт давхар бодолтой байгаарай. Зангаа хэзээ ч өөрчилж чадах хүн” гэнэ. Шүрээг хар. “Мөнгөө эгч минь…” гээд сүйд болдог мөртлөө бас л сайн дүн өгөхгүй шүү… Би ч гэсэндээ дутах юм юу байна. Миний бодлыг Цоохор зүүдлэх ч үгүй яваа…” хэмээн боджээ. Хотын төв рүү орж ирэнгүүтээ Мөнгөө эмчтэй ярьж, өглөөний мэндийг асууж ёсорхлоо.

 – Өнөөдөр амжуулаарай. Найз нь чамайг гомдоохгүй шүү. Мөнгөнд дургүй хэн байх вэ, тийм ээ хө. Цоохортой ингэж  ярьчихаад Хэнчбиш “Хэрэггүй ч ингэж хэлэв үү… Новш чинь, “Юунаас ч илүү үнэтэй нинжин сэтгэл надад байна” гээд цээжээ нүддэг өвчтэй амьтан шүү дээ… хэмээн харамсан амаа барив.

                                ***                  ***                    ***              ***              ***

     Оройн 20 цаг өнгөрчээ. “Одоо л цугларч байгаа даа” хэмээн бодсон Цоохор гэрээсээ гарав. Тэрбээр гарааш хүрэх замдаа “Манай Олдох ойрд яагаад чимээгүй болчихов. Бээжин, Улаанбаатарын хооронд нисдэг байснаа болиод Сингапур, Макао гэж ярьдаг болсон байна лээ. Манай тэр хэзээний хэрсүү, суурьтай юм чинь ажил амьдралаа сайхан босгоод авлаа. Том хүү нь Энэтхэгт сурч байгаа гэсэн. Өөрөө чадаагүй ч гэсэн өвөөгийнхөө удмыг залгаж хүүгээ лам болгохоор шийдсэн хэрэг.

   Би ч гэсэн ихэр хөвгүүдээ гайгүй сургуульд оруулж, боловсролтой болгоно оо. Анх ор, хөнжлийн даавуу оёж эхэлсэн жижиг үйлдвэрлэл маань одоо бүр захиалга, гоёлын хувцасных болоод өргөжчихлөө. Сайн эзэгтэй, сайхан ээж шүү, миний Бурмаа чинь” хэмээн бодов.

          Машинаа гаргаж асаачихаад, жаахан суулаа… Тэгснээ зугуухан хөдлөв.        Хорин жилийн өмнө л “Траншейныхан” гэж ярьдаг байсан. Өнөөдөр байж л байна. Бидний үеийг бодвол траншейныхан чинь тархи хагалчих гээд хэцүү болжээ. “Муухай байж болно. Муу байх ёсгүй” гэж гар барьсан болохоор бид нар чинь барагтай бол дуугардаггүй. Бусдад адлуулахгүй. Хүн шиг байх гэж их хичээдэг байсан даа…” хэмээн бодсоноо хөдөллөө.

          “Гэсэр” сүмийн урд талбай дээр тэргээ тавьчихаад бууж баруухан талд нь байх хоёр траншейг хэд хоногийн өмнө товлосон болохоор шууд очив. Харанхуй болсон хэдий ч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Цооногийн ам руу тонгойсноо шүгэлдэв.

          – Юу вэ… гэх бүдүүн дуу гарлаа. Төдөлгүй жижигхэн бор хүү гарч ирлээ…    Цоохор тэр оройжингоо Золбооттой ярьж суув. Тэд  “ам”-ндаа зургуул ажээ. Хоёроос бусад нь ирцгээсэн тул хоорондоо тоглож өдрийн паянгаа ярьж хөөрцгөөгөөд, Золбоот тэр хоёрыг анзаарах сөхөө  алга…

 Тэр оройдоо Цоохор хэд хэдэн траншейгаар орж, хүүхдийн нэрсийн жагсаалттай болжээ. Олонхи нь эмнэлэгт үзүүлэх дургүй байлаа. Арга ч үгүй биз. Хөрвийн аргаар өсч өндийсөн тэд хамрын ханиад ч хүрэх нь хүртэл ховор байдаг хойно.

   Орой болсон хойно Олдох, Хэнчбиштэй уулзаж хүүхдүүдийн нэрсийг өгчээ.

-Нөгөөдөр өглөө 10 цагт шууд “Ялалт”-ын талбай дээр очицгоо гэж хэлээрэй. Найз

нь зохицуулаад унаатай хүн явуулаад авахуулна. Чи санаа зоволтгүй. Үзлэг, эмчилгээ дуусангуут хоёулаа уулзана аа.

    Хэнчбиш ингэж хэлээд, 18 хүүхдийн нэр бичсэн хуудас цаасыг аваад явжээ…

                              ***              ***             ***                ***              ***

   Өглөө эртлэн босч хөөрцөглөцгөөсөн хүүхдүүд хүзүү толгойгоо угааж ариун цэвэр сахив.

-Ямар хог түүж, ачаа бараа зөөх гэж байгаа биш цэвэрхэн хувцаслахыг бодоорой… гэж Золбоот нөгөө хэддээ анхааруулжээ.

     Эмнэлэг рүү явах гэж байгаа хэддээ аль л өнгөтэй өөдтэйгөө өмсүүлж, аминдаа их гоёж, гангалсан зургаан хүүгээс гурав нь буцаж ирсэнгүй.

-Эмнэлэгт хэвтүүлнэ гээд аваад үлдсэн… гэх там түм яриа тэдний амныханд тэр оройн сонин болов. Халтар даавуугаар долоовор хуруугаа боосон нэлээд биерхүү хүү:

-Намайг яагаад хэвтүүлээгүй юм бол…Миний энэ хуруу ямар их өвдөж байгаа билээ дээ… хэмээн гоморхоод авлаа. Тэгэхэд хэвлүүхэн нэг хүү хажуугаас нь:

-Эрүүл бол юу гэж хэвтүүлэх вэ дээ. Наад ганц хурууг чинь хар цайгаар л эмчилдэг юм. Энэ зэргийн юмыг эмнэлэг тоохгүй. Харин манай Саку, Хамуу, Буржак гурав өвчтэй байж дээ…гээд их додигор суув.

“Энд хамгийн их удсан хүүхдүүдий өвчтэй гэж бодсон юм болов уу. Саку бараг 10 настайдаа ирсэн. Хамуу бол анхдагчдын нэг. Надаас нэг ах мөртлөө дэндүү давжаа биетэй шүү. Өлөн зэлмүүн явдаг болохоор өсөлт нь зогссон юм болов уу. Харин Буржак бол жижигхэн биедээ байхгүй хөдөлгөөнтэй, авьяастай амьтан даа. Аргагүй л өөрийнх нь хэлдгээр орос аав, монгол ээж хоёрын дундаас төрсөн учраас тийм сэргэлэн байдаг нь үнэн байх…” Золбоот ингэж бодоод, өдрийн ажилдаа яаран гадуур хувцсаа өмсөөд гарчээ…

       ***                        ***                     ***                   ***               ***

      Утасны цаанаас таатай биш мэдээ хэлэх нь гэдгийг анзаарсан Хэнчбиш оронгуутаа мэндийг асууж нялуурсангүй. Юу гэж хэлэхийг хүлээн дуугүй сууж байснаа тэсвэр алдан:

-Намайг хурдан хүрээд ир гэсэн үү. Би буруу сонсчихов уу хэмээн тээж ирсэн дургүйцлээ илэрхийллээ. Эхний үеэ бодвол Хэнчбиш эрхэм гишүүн Гөлөгөөгийн эхнэрийн өмнө бөхөлзөж сөгдөх нэь багасчээ. Учир нь тэрбээр өөрийг нь сонирхож илт сээтэн хаясан хижээл авгайн өврийг хэдэнтээ дулаацуулсандаа эрдэж, “Энэ бид хоёр хэн хэндээ томрох вэ” гэх маягтай хандах болсныг эмч хатагтай ч гадарлана. Гэвч эхэлсэн ажлын үр дүн Хэнчбишийн амьдралын зам цааш хэрхэн үргэлжлэхэд дэндүү их нөлөөлөх учраас Мөнгөөгийн урхи хэцүү гэдгийг тэр бас сайн мэднэ.

Мөнгөө эмч халгаж ядан хэсэг сууснаа:

          – Би чамаас юуг нь нуух вэ. Бөөрний хагалгаанд орсон хүү тэссэнгүй. Тийм болохоор хүүхэд  нэмж авахаа түр зогсооё. Ирүүлсэн “бараа”-ны захиалга бол бүрдсэн… хэмээн ихэд  болгоомжлон хэлэв. Тэгснээ:

          – Нөгөө хоёрыг нь эмнэлгээс гаргаж явуулбал элдвийн юм ярьчихгүй байгаа. Хагалгаанд орсноо хоёулаа мэдчихсэн… Их адтай новшнууд юм гээч. Яагаад хагалгаа хийж байгаа юм бэ… гээд уурлацгаасан. Хэлэх үг олдохгүй хэцүү байлаа. Чи тэд нартаа  өвчтэй эрхтэнд чинь хагалгаа  хийнэ гэдгийг хэлээгүй юм уу… гээд уруул нь үл ялиг чичирхийлэхийг анзаарсан Хэнчбиш сандарснаа мэдэгдэхгүйг хичээн хоолойгоо засч, хэдэнтээ  ханиалгав.

          “Цоохорт энэ тухай хэлбэл юу болохыг мэдэж байна уу…” гэсэн бодол нь түүний толгой руу лантуудах шиг болжээ. Айдсандаа нам цохиулсан тэрбээр “Муусайн баячууд бүх юмыг зовлонгүй бүтдэг гэж төсөөлнө. Ёстой зэвүүн… Энэ нь  дургүй хүргээд байдаг юм ” хэмээн бодов. Амьсгал нь давхцан байж ядах хэдий ч  эхнэрийнх нь тушаал адил тулгаж хэлсэн үг түүнд сонсогдоод Хэнчбиш мухарт хашигдсан мэт болжээ. Тамхины утаагаар тоглон өөрийгөө бага зэрэг сатааруулснаа:

– Гадагш сэжиг авахуулж болохгүй… Тэр хоёрыг өөр газар байршуулж болно хэмээн Хэнчбиш сулхан хэлэв.

     Түүний энэ үгийг сонсоогүй, чихгүй хүн шиг сууж байсан эрхэм гишүүний нэрээр дулдуйдан ихэмсэг төрх бүрдүүлсэн, царай муутай, цонхигор хөх хүүхэн:

-Арыг нь чи хариуцах учиртай болохоор өөрөө мэдээд зохицуулна биз…гэж шүд зуун хэлээд суудлаасаа бослоо… Ширээ тойруулан тавьсан хэдэн модон сандлыг тарж бутартал өшиглөж хаямаар, хашгираад тэр хөх хүүхнийг заамдаад авмаар байвч Хэнчбиш хөдөлж чадахгүй, хүлээтэй мэт зогссоор байв. Тэгснээ:

-Айгаад байх юу байгаа юм бэ… гэж хэлчихээд хаалгыг саван гарчээ.

                            ***            ***            ***            ***            ***             ***

      Хэнчбиш хамгийн эхний ээлжинд “гал унтраах” баг томилохоор шийдэв. “Бөмбөгөр” орчмоор хоёр эргэлдэхдээ хэдэн хүнтэй уулзаж, халаасандаа байсан хэдэн төгрөгийг хармын сэтгэлгүйгээр тэдэнд өглөө. Тэр оройдоо түүний хөлсний багийнхан шууд ажилдаа оржээ. Цоохор хаанаас хүүхдүүд авсныг хамгийн түрүүнд олж тогтоогоод Хэнчбишид мэдээлжээ.

 “Хоёр дахь нүүдлээ яаралтай хий” гэсний дагуу тэд Цоохорын очсон хоёр амныханд хоол унд, хувцас хунар тарааж өгөн халамжиндаа авсан байна. Тэгээд:

-Хэн ч ирж, юу ч асуусан хэлгүй хүн шиг байх ам өчгийг аваад, хариуд нь:

-Өдөр бүр ирж, хоол, хүнсний мөнгө өгнө  хэмээн амлажээ. Тэр байтугай тэдний гол хүслэн бол компьютер  тоглоом боловч сачий нь хүрдэггүй гэдгийг нь хүртэл олзлохоо мартаагүй байна. Ойролцоохь РС тоглоомын газарт цаг хязгааргүй тоглох эрх өгчээ.   Хоол, мөнгө… юунд ч санаа зовохгүй, зөвхөн хоорондоо зохицон, ээлжээ хүлээж байгаад дуртай тоглоомоо тоглоно гэдэг томоохон боломж, аз завшаан мэт.

Ийнхүү гэнэт бусдын хайранд умбан, хоол, хувцастай болж бүр “цалин” авах болсондоо  хүүхдүүд гайхаж:

-Эд нар ингэж байгаад яах гэж байгаа бол… хэмээн хоорондоо шивэр авир  гэцгээхэд:

-Та нар амаа хамхина гэж хэлээд энэ бүгдийг авсан биз дээ. Юу ч мэдэхгүй байж…Яасан хэрэгт дуртай юм… Чимээгүй байцгаасан чинь дээр шүү… хэмээн тамхи баагиулан суусан барзгар нүүртэй, хүрлийсэн хар царайтай хүү хахир дуугаар хэлснээ сүлбэх мэт муухай харцаараа бүгдийг тойруулан харав. Олигор хэмээх16 хүрч яваа энэ хүүтэй үг  сөрвөл, бас зөрвөл юу болдгийг мэдэх учраас дахин хэн ч ам нээж зүрхэлсэнгүй. Харцаа буулгацгаан, тонгойн сууцгаажээ…

        Цоо шинэ гар утас байн, байн гаргаж ирээд эргүүлж тойруулж харж суусан Олигор гаднаас дуудлага ирж, чичирхийлэхэд давхийн цочсоноо босч, буланд очлоо.

-Би байна. Өө, ах хүү санаа зоволтгүй. Дүү нь энэ хавийг зохицуулна…гэснээ

-Гутлынхаа размер гэдэг юмыг мэдэхгүй шүү дээ…Нэлээд том хөлтэй шүү гээд их л маадгар хүн утсаа халаасандаа хийв…

-Цаадахь чинь өнөөдөр овоо юмтай хүний халаасанд орсон юм байх даа. Гайгүй утас гайхуулж ядаад байх чинь.

-Энэ новш хулгай ч хийж чаддаггүй биз дээ. Хүн өгсөн юм шиг байна аа. Хүний гараар могой бариад сурчихсан, аймхай  өөдгүй новш ийм утас хулгайлж чадах ч үгүй.

    Түүний энэ байдлыг анзаарч хэвтсэн хоёр хүү хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч байгаад ийн шивнэлдлээ.

                        ***             ***              ***                   ***               ***

       Хүүхдүүд эмнэлэгт үзүүлж эхэлснээс хойш тав хоножээ. Хамгийн эхний өдөр явсан гурван хүү эргэж ирээгүй байв.

-Эмнэлэгт хэвтсэн…гэх таамаг төдий мэдээнд Цоохор итгэсэнгүй.

 Өглөө гараад бор хоногтоо буцаж ирдэг тэднийг бүртгэх, тэдэнтэй уулзана гэдэг хэцүүг тэрбээр сайн мэдэх хэдий ч:

-Золбоот хаачив. Утас нь үргэлж хаалттай байх чинь…Тэр бол урвах хүүхэд биш. Хүчинд автсан юм биш байгаа… гэдэг асуулт түүний нуруу руу хүйт сэнгэнүүлээд болж өгсөнгүй.

   Хүлээлээ. Харанхуй нөмөрч хөл хөдөлгөөн намжсан хэдий ч хүүхдүүд бүрэн цуглаж ирээгүй байлаа.

Ганцхан хоногийн өмнө Хэнчбиштэй уулзахад юун тухай ярьсан билээ?

  -Хүүхэд гэдэг чинь бурхны элч болохоор эмч нар хүртэл үзэж, эмчлэхдээ дуртай байдан юм байна. Бид хоёрын ганзага нийлэхгүйн зовлон байх биш дээ. Багаасаа нийлээд өнөөг хүрсэн юм чинь…Хэнчбиш уулзангуутаа ингэж ярьсан.

-Хоол идээч… гэхэд:

-Хоолой руу давахгүй байна аа. Давуулахад амар, хатуу юм ууя гэсэн. Шилэн стаканаар хоёр дараалан татсанаа:

-Найз нь сүүлийн хэдэн өдөр их сонин зүүд зүүдэллээ. Оогий бол нөгөө зөн совин, мэдрэмжтэйгээ холбож сүртэй тайлбарлах биз. Найз нь зүүд үэргийг тоодоггүйг чи мэднэ дээ. Гэхдээ ба дотор жаахан эвгүйрхээд нэг л биш ээ… гээд нэлээд шаналангуй байхаар нь:

-Ямар зүүд болохоороо чамайг ингэж асуултын тэмдэг шиг болгов оо гэж асуулаа.

-Намайг тас харанхуй өрөөнд хүлээд хаячихаж. Би хашгирах гэтэл дуу гардаггүй. Тэгтэл нэг зовлого зуусан нохой хүрч ирснээ яг миний нүүр рүү сарьчихаад яваад өглөө. Ой гутаж үхэхийн даваан дээр миний хацар руу тас хийтэл буулгаад авсан. Намайг хашгирч тийчлээд байхаар Шүрээ ингэж сэрээсэн. Тэгсэн чинь урьд шөнө бүр сонин зүүд зүүдэллээ. Хуй салхи намайг дайрч унагасан. Босох гэтэл болдоггүй. Арайхийн өндийтөл дээрээс чулуун мөндөр буугаад… Бас сэрж чадахгүй тийчлээд эхнэрийнхээ хилэнг хүргэсэн.

  Хэнчбиш ингэж яриад ямар нэг тайлбар хариу нэхэн өөдөөс хараад байхаар нь:

-Чи нойр муутай, амарч чадахгүй яваад байгаа юм биш үү. Тэгээд жаахан хар дараад байгаа биз. Зүүдний тухайд бол нэг их айгаад, сэжиглээд байх юм юу байгаа юм бэ. Нохой бол эзэндээ үнэнч амьтан. Салхи, чулуу бол байгаль. Ёстой жинхэнэ Бурханы бүтээл. Тийм болохоор чи сайн талаас нь бодож, зүүдээ тайлсан нь дээр гэж хэлсэн.

   Гэтэл мань хүн зүүдээ ярих гээд ёстой булхайгаа ярьсан юм биш үү. Одоо бодоход тэр зүүднүүд нь түүнд анхааруулж, үнэнийг нь хэлээд өгсөн юм биш үү… Мань хүн зүүд байтугай юунд ч итгэдэг юунаас  ч эмээдэг хүн биш шүү дээ. Гэтэл тэр зүүднээсээ айж жийрхээд бүр хачин байсан.

     Ийнхүү бодох тусам Цоохорт найзынх нь байгаа төрх  болон ярьсан зүүд нь     сонин жигтэй санагдаад явчихжээ…

 “Хүүхдүүдээс лавлая. Золбооттой уулзахад бүх юм тодорхой болно…” Ингэж бодсон Цоохор хүлээжээ. Гэвч Золбоот ирсэнгүй.  Шөнийн 23 цаг өнгөрч байхад Цоохор хэд, хэдэн траншей руу өнгийж Золбоотыг асуухад:

   -Мэдэхгүй ээ. Өөр цооног руу явсан байх… гээд хүүхдүүд тоймтой юм хэлэхгүй байлаа. Тэдний энэ байдал бүр их сэжиг төрүүлжээ.

     Бусад хэд хэдэн цооногоор ортол Цоохорын таамгийг бүр баталгаажуулаад өгөв.

-Энэ муу Олигор л бүгдийг мэдэж байгаа. Саяхан огт ойлгогдохгүй юм яриад, Золбоот тэр хоёр муудалцсан. Халз үзвэл Золбоот дийлнэ. Тэгэхээр Олигор түүнд гар хүрч  чадахгүй…

– Тэр гурвыг ирээгүй цагт чи сайнаа үзэхгүй шүү. Тэд нар хаана, ямархуу  байгааг  ганцхан чи мэдэж байгаа. Чамайг ивээн тэтгээд байгаа тэр муухай новшнууд чинь хүн төрхтэй араатнууд мэдэв үү… гэж Золбоотыг хэлэхэд Олигор юу ч хэлж чадахгүй байсан…

-Хэн түүнийг ивээлдээ авсныг бүү мэд. Гар утас сольж бариад, гоё гутал өмсөөд их өөр болсон… Эмнэлэг явсан хүүхдүүд ирэхгүй байгаа нь айдас төрүүлээд байна. Яагаад гэвэл мөнгө тарааж өгсөн тэр ах:

-Ам алдах л юм бол бөөрийг чинь юм уу зүрхийг чинь аваад мөнгө болгож чадна шүү гэж сүрдүүлсэн…

  Хүүхдүүдийг өөр газар аваачиж байгаад удаан ярилцсаны эцэст Цоохор ийм мэдээ авчээ…

      “Мэхт мэхэндээ” гэдгийг Хэнчбиш тооцоогүй хэрэг. Чи хар дарсан зүүдэндээ бухимдаад бүр байж сууж ядаад байсан. Ийм учиртай байж. Зүүдэнд чинь чам руу нохой сарьж байсан гээ биз дээ. Чи уг нь их зөнтэй юм байна. Зүүд чинь чамайг нохойн замаар ороод ялгадаснаас ялгаагүй бодол тээж явааг чинь хэлээд өгчихөж, новш оо…

   Ийн бухимдан, Цоохор гэр рүүгээ явж байтал замын хажууд нэг хүүхэд дээш харан хэвтэж байлаа. Замын хажууд машинаа зогсоогоод, яаран бууж, ойртон очоод харав.

    Эрлийздүү царайтай, жижигхэн шар хүүтэй адилхан ч харагдах шиг…Ахиулан сайн харлаа. Яах аргагүй мөн…Царай нь цонхийгоод аймаар харагдав.  Цоохор буцаж гүйн,  машиндаа ороод Яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгчээ..

    “Орон гэргүй хүүхдүүдийг эмчилгээнд хамруулах”  төсөл  авлаа. Эхнэрийн минь найз их сайн эмчийн буян. Нөхөр нь эрхэм гишүүн, төрийн түшээ хүн… гэхээр нь итгэсэн юм сан…

      Хог дээрээс олсон хоолоо хувааж идэж байснаа мартчихсан муу новш ийм юм хийх гэж намайг олзолсон байх нь. Хэзээ ар нуруу руу хутга зоох гэж байгаа бол?   Хэлдэг үг, хийж чадах ганц юм нь “Өрсч ходрох”…  . Тэгвэл энэ удаа би чамаас өрсч хөдөлье л дөө…” хэмээн бодож суутал түргэний машин дохиогоо хангинуулсаар давхин иржээ…

  -Арай ч амьсгал хураачихаагүй байна. Ямар нэг бичиг баримт байхгүй ч гэсэн аваад явахаас. Та энэ хүүхдээ харгалзаж очих юм байгаа биз дээ.

 Түргэний эмчийг ингэж хэлэхэд Цоохор толгой дохилоо. Ингээд дохио хангинуулан давхих түргэний машины араас мөр даран явсаар эмнэлгийн гадаа ирэв.

      Цоохорыг дотогш ороход “Хүлээн авах” гэсэн өрөөний үүдэнд цагаан халадтай гурван хүүхэн шивнэлдэн зогсч байлаа. Түүнийг ойртож очингуут нэгээс бусад нь нүүр буруулсан янзтай яваад өгчээ. Энэ  байдлыг ажигласан түүний бие нь жихүүцэж, сэтгэл нь тавгүйтээд  яах учраа олохгүй зогсов. Тэгтэл чагнуур мөрөн дээрээ тохсон эмэгтэй шатаар бууж ирснээ шууд дэргэд нь ирэв.

          – Хагалгаа хийлгээд удаагүй хүүхэд байна. Шарх нь аньсан ч, хүндрэл өгсөн юм байлгүй… Одоохондоо ухаангүй байна. Эрчимт эмчилгээний тасагт хүлээн авсан. Шаардлагатай бүх эмчилгээ, шинжилгээг хийнэ…  Та аав нь уу?… гээд хөлөөс нь толгой хүртэл ширтэх эмчид Цоохор хариу хэлсэнгүй гарч явлаа…

                                ***                ***             ***           ***              ***

       Бүтэн шөнө өнгөрч, үүр цайн өглөө болж байгааг Цоохор сая анзаарчээ. Машинаа асаагаад хөдлөхөд жолоо мушгих гар нь чичирч байлаа.

     Нөхрөө хүлээн хаалга чагнасаар өглөөтэй золгосон эхнэр нь хаалга онгойлгож өгөнгүүтээ:

-Хүүе, чи чинь яагаа вэ. Бие чинь зүгээр үү. Наад царай чинь… гээд гадуур хувцсыг нь авч өлгөх зуураа духан дээр нь дарж үзлээ.

– Би зүгээр ээ. Харин нөгөө муу хэдэн хүүхэд хэцүүдээд байна… гэснээ хоолой нь зангираад дуугүй болчихов. Дахиж үг хэлэлгүй шууд угаалгын өрөө рүү оржээ. Бурмаа гайхаж байснаа цахилгаан зуухан дээр цай тавьчихаад Цоохорын араас очжээ. Нөхөр нь мэгшүүлэн уйлж байлаа. Эхнэрийгээ орж ирэхийг мэдэв бололтой:

-Яасан гэж тэр хэдэн хүүхдийг ийм болгож байгаа хэрэг вэ… Тэр муусайн новшнууд мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй юм байна. Арай ч дээ… Ингэнэ гэж бодоогүй, би ёстой тэнэг хүн юм аа… хэмээн үглэн эхэр татан уйлсаар байлаа. Бурмаа яах учраа олохгүй, нөхрийнхөө гарыг атган зогсохдоо өөрийн эрхгүй нулимс дуслуулав.

 … Цоохор усанд орчихоод гарч иржээ.

Тэрсхэн хоёр охин нь аавдаа эрхлэн хойно өмнө нь гарч гүйлдэв. Охидуудаа өхөөрдөн хайрын халуун харцаараа мялаанх Цоохорын зүрх, сэтгэл нь шархирч, хэдэн халтар хүүхдийн царай харагдаад болж өгсөнгүй.

-Миний хоёр охин өрөөндөө очиж, даалгавраа хий… гээд Бурмаа нөхрийгөө аль болох тайван байлгахыг хичээв.

Гал тогооныхоо өрөөнд ороод эхнэрийнхээ аягалж тавьсан цай, хоолыг идэлгүй   хүйтэн юм залгилсан Цоохор  яаран гарч явлаа. Түүнийг шууд эмнэлэг рүү явна гэдгийг  гадарласан учраас эхнэр нь элдвийг асууж шалгаасангүй.

     Цоохор шууд эмнэлгийн даргатай уулзав.

-Хаана хагалгаа хийлгэснийг Та мэдэхгүй хэрэг үү гэж Сүхээ гэх хижээл насны эр нухацтайхан асуужээ. Тэгснээ:

-Харж хандах хүүхдүүдийн араас сэтгэл зовнин ингэж явааг чинь хараад танд итгэж  байна. Ер нь бол их муухай юм болжээ. Энэ хүүгийн өрөөсөн бөөрийг авсан байна. Хагалгааны дараахь хүндрэлээ даахгүй хүү ухаан алдсан… Гэхдээ одоо санаа зоволтгүй. Удахгүй хөл дээрээ босно… гэхэд:

-Баярлалаа, эмч ээ… гээд Цоохор бүр суудлаасаа өндийн бослоо.

-Харин яагаад тийм хүнд хагалгаа хийлгэсэн хүү  замын хажууд хэвтэж байсан юм бол гэдэг нь санаанд багтахгүй байна. Дуудлагаар очсон эмчийн тэмдэглэл дээр тэгж бичсэн байна лээ… Сүхээ ингэж хэлээд Цоохороос хариу шаардах мэт эгцлэн харав.

-Энэ асуултанд  би хариулж чадахгүй, эмч ээ. Гэхдээ хариултыг заавал олно оо.

-Ухаан орохгүй удахаар нь “үхчихэж” гэж бодоод гаргаад хаялаа гэж бодсон ч айдас төрөх юм. Аль эсвэл анхнаасаа л өөр зорилготой байсан юм болов уу…

-Та бид хоёр адил асуултанд хариулт хайгаад байна. Танд энэ явдлын талаар удахгүй бүр эхнээс ярьж өгнө өө. Одоо би тэр хүүгийн барааг харчихаад явъя.

-Нэг их удахгүй энгийн тасаг руу шилжүүлэх байх. Эмнэлгээс гарахаас нь өмнө энэ хүүгийн бичиг баримтыг авчраарай. Эмнэлгийн дарга, ерөнхий эмч Сүхээг ингэж хэлэхэд Цоохор:

-За, тэгнэ ээ…хэмээн чанга гэгч хэлээд гарчээ. Түүнийг шатаар бууж явтал:

-Цоогий ах аа… гэх танил  дуу гарав…

   Золбоот түүний өөдөөс гүйж ирснээ:

-Буржактай уулзсан юм уу. Зүгээр үү… хэмээн шивнэн асуужээ. Цоохор өөдөөс нь зөрүүлээд:

-Чи яагаад сураггүй алга болсон юм бэ…хэмээн асуулаа.

– Хамуу, Саку хоёрыг сахисан юм. Тэгээд … гэснээ толгойгоо илээд:

-Миний утсыг Олигор гэж нэг муухай амьтан нэг архичинтай нийлж байгаад дээрэмдээд авчихсан. Намайг тантай  ер нь хэнтэй ч холбоо бариулахгүй гэсэн арга нь тэр… хэмээн дуу нь чангарч ирснээ ийш тийш харлаа. Цоохор “Яасан их зохион байгуулалттай муухай юм хийдэг улс вэ…” гэж бодсон хэдий ч Золбоотын цааш юу гэж ярихыг хүлээж байгаагаа харцаараа илэрхийлжээ. Хүү ч дор нь ойлгов бололтой яриагаа үргэлжлүүллээ.

– Уг нь Буржакийг тэр хоёртой бас хамт хэвтүүлсэн юм. Гэтэл нэг шөнө хаашаа авч явсан нь бүү мэд. Алга болчихсон. Би нөгөө хоёрыг минь бас хэзээ, хааш нь аваад явчих бол гэхээс айгаад тэр эмнэлгийн шатны дор хонгилд нуугдаж байлаа…

     Цоохор, Золбоотыг дагуулан явж, “Эрчимт эмчилгээний тасаг”-ийн эрхлэгчтэй уулзав. Тэд учир байдлаа хэлж ойлгуулснаар тасагт нь орж Буржакийг харах зөвшөөрөл авчээ.

    Сувилахуйн албаны ахлахаас халад болон гутлынхаа гадуур өмсөх улавч авч өмссөн Цоохор ганцаараа дотогш оров.

  Цэвэрхэн жижгэвтэр өрөөг голлуулан ганц ор. Түүний дээр хэвтэх Буржакийн бүхнээс содон аржгар үс нь сөөсийн харагдав. Цоохорын нулимс нь бүрхээд ирлээ.

-Ах аа… аяархан атлаа цовоо дуу…

Нулимсаа шударсан Цоохор шууд очоод хүүгийн духан дээр үнсэв. Хоёр гараа гаргаж ирсэн хүү:

-Манайхан сайн уу. Над дээр ирэх үү… гэснээ:

-Та намайг яаж олсон юм бэ. Намайг орон дээр хэвтүүлчихээд хагалах гэж байхдаа:

-Айж эмээх юм байхгүй. Энэ чинь траншейных… гэхэд нэг нь:

-Тэгвэл шууд хоёуланг авчихвал яасан юм бэ гэж асуусан… Тэгээд л надад нэг тариа хийсэн. Ухаан алдуулсан юм шиг байна лээ. Хэзээ нь ч юм бэ мэдэхгүй би гадаа байгаа  юм шиг даараад  байсан. Цангаад… чичрээд… хашгирах гэхээр дуу гараагүй… Тэгсэн чинь ийм дулаахан эмнэлэгт байгаа юм даа. Би халуураад солиорсон байх аа… Хүү ингэж ярихдаа ямар эрхтэнээсээ салснаа мэдэж байгаа шинжгүй байхаар нь:

-Ахын дүүгийн хаана нь өвдөж байна? Цоохор сэмээрхэн ингэж асуув.

-Хөл чинь их даардаг уу… гэж асуусан. Тэгснээ бөөр чинь бүр аймаар болчихож. Том, сайхан эр болоход ийм муухай бөөр гай болно. Тийм болохоор одоо энэ муу бөөрийг нь аваад хаячихъя. Тэгээд чи цоо эрүүл болно гэж хэлсэн. Миний энд байсан бөөрийг авчихсан байх. Яг тэнд аймаар өвдөөд байсан чинь одоо гайгүй болчихож.

Хүүг ингэж хэлэхэд Цоохорын дотор давчдахын зэрэгцээ бас л нулимс нь түрээд иржээ. Буржакийн сайранд идэгдсэн гарыг удаан гэгч нь барьж зогссон Цоохор:

-Чи ёстой мундаг эр юм аа. Одоо айх юм байхгүй. Хурдан эмнэлгээс гараарай. Ах нь чамайг гэртээ аваачна… гээд чийгтэй нүдээрээ өхөөрдөн, инээмсэглээд гарав.

     Тэр оройдоо Золбоот Цоохор хоёр эмнэлэг гэх хуучирч балгас болсон шавар тагзнаас Хамуу, Саку хоёрыг “хулгай”-гаар авч оргуулжээ…

                          ***               ***              ***                ***              ***

          -Хятадууд хилээр хүний эд, эрхтэн авч гарахыг завдсан байна. Хужаа нарт нүүр өгч болохгүй ээ гэж би байнга хэлдэг. Одоо яаж байна?… Ха, ха, хи, хи …гээд хахаж цацан ганцаараа инээв.

-Сайн хөрш, энэ тэр гээд байдаг хэдэн солиотой нөхдийг унагаах сайхан материал миний аманд өөрөө гүйгээд ороод ирлээ шүү. Хэзээ байтлаа Монгол, Хятад хоёр найз, нөхөд байсан юм бэ?

      Гөлөгөө хоолны ширээний ард өөхтэй мах амтархан идэх зуураа ганцаараа шахам ингэж яриад, завьжаараа тос савируулан бах нь ханасан янзтай сууна. Өөдөөс нь харан суух эхнэрийнх нь дотор муухайрч, зүрх нь бараг зогсчихов уу гэлтэй болжээ.

          – Хоол, ундаа идээч… Ярвайгаад үнээний бөгс үнэрлэсэн бух шиг яагаав, чи чинь.  Ямар ч өрсөлдөгчгүй дахин гарч ирэх сайхан боломж гарч ирээд байна, наана чинь. Та хоёрын нөгөө ажил юу болж байгаа билээ. Одоо мөнгө шиг хэрэгтэй юм байхгүй шүү. Дараа нь ямар нөхөөд олчихож чадахгүйн зовлон байх биш.  Нөгөө Хэнчбишийг дуудах юм сан.

        Нөхрийгөө ингэж хэлэхэд муужрах шахсан Мөнгөө:

-За…  гэж чичирхийлэн дуугараад, бушуухан утсаа барин бослоо…

                           ***               ***              ***               ***                 ***

       Хэрэг бишидсэнийг мэдсэн Хэнчбишийн толгойд “Ходрохоос өөр арга байхгүй” гэсэн бодол хоромхон зуур орж ирлээ…

     “Цоохорыг ятгах бас түүний хойноос юм ярих ганц хүн бол Олдох. Тэр хоёр хэзээний их дотно, амь нэгтэй улс.   Дугуй ижилсэж байж өнхөрдөг юм хойно. Тэр хоёр аминдаа зиндаархдаг санаатай…Тэгэхээр Цоохорын амыг  барихгүй бол болохгүй. Олдохтой уулзуулахгүй байж чадахгүйгээс хойш, чимээ намдтал түүнийг л аргалахаас…Харин яаж…”

    Хэнчбиш, Мөнгөө хоёр ингэж ярилцаад хоёр тийш одоцгоов…

                   ***            ***          ***          ***          ***           ****

        Олдох  дэлгүүрээс хоёр янзын чихэр, чацарганы ундаа аваад,   эмнэлэг рүү явав.

       “Цоохор чихрэнд  дуртай. Тэр тусмаа зөөлөн чихрийг бүр бөөнөөр нь амандаа хийчихээд хоёр завьжаа төмбөлзүүлж байгаад баригдана. Тэр болгон чихэр, жимс олддог ч биш. Хааяа нэг олдвол мань хүн нөгөө хоёрыгоо хатуу чихрээр хуурчихаад өөрөө зөөлнийг идэх гэж байгаа царай нь энэ. Чихрэнд тийм ч дуртай биш байсан болохоор олдсоныгоо нууж Цоохортоо өгнө. Тэгэхэд манай Хээк яадаг билээ… Цоохорын халаасанд ч , аманд ч чихэр орохыг андахгүй. Бөөн зарга дэгдээнэ ээ. Чихэрнээс ер нь идэхээс болж мань хоёр мөн ч их үзсэн дээ. Одоо ч манай Цоохор чихрэнд дуртай хэвээр гэдгийг эхнэр нь ярьж байна билээ.

-Дуртай чихрийг нь ахиухан аваад өгвөл манай хүн гал тогооны өрөөнөөс гарахгүй. Олон янзын сайхан хоол хийнэ шүү…”

    Бурмаагийн ингэж хэлснийг бодон, найзыгаа шоолох аядаж явсаар эмнэлгийн гадаа ирлээ.

    Шатны дэргэд байх нээлттэй цонхны дэргэд очоод:

-Цоохор гэдэг хүн хаана хэвтэж байгаа бол… гэхэд:

-Та нэрийг нь хэлээч… хэмээн аальгүйтжээ.

-Нэрийг нь хэлсэн юм сан.

-Тэгвэл овгийг хэл дээ.

-Итгэл… гэж хэлээд Олдох хэнгэнэтэл санаа алдлаа.

   Амандаа орчих шахан суусан хоёр сувилагчийн нэг нь арайхийн:

-Мэсийн 5-д байна… гэж дуугарлаа.

   Гурвууланд нь адилхан овгоор иргэний үнэмлэх гаргуулаад ирэхэд нь баярлаж байсан атлаа Олдох хэзээ хойно:

-Би аав, ээжийгээ мэдэхгүй ч гэсэн өвөөгийнхөө өвөр дээр өссөн.  Би өвөөгөөрөө овоглоод, иргэний үнэмлэх дахиж гаргуулж авна гэжээ. Тэгэхэд нөгөө хоёр нь ам амаа даган:

-Аав, ээжийн нэрийг мэдлээ гээд яах вэ дээ. Ямар айлын хүүхэд шиг тэдний хайрыг үзсэн биш. Харин халуун хоол, дулаан байраа харамлахгүй өдий хүрсэн төвийнхөө нэрээр овоглосныг хэн мэдэх юм бэ… гэцгээж.

  Үнэндээ бол Олдох тэр шөнө бас өвөөгөө зүүдэлжээ.

-Миний хүү чинь Өлзийт гэж  өвөөгөөрөө овоглож явдаг юм шүү дээ… Өвөө нь ингэж хэлээд зээ хүүгээ хөтлөн их сайхан уул оргил руу мацсаар орой дээр гарчээ. Тэнд өвөө нь ном айлдаж зөндөө удаан суусан байна… Энэ зүүдээ Олдох ярихыг хүсээгүй. Яагаад гэвэл нөгөө хоёр нь зүүд, зөн, совингийн тухай ярианд дургүй, ойлгодоггүй учраас тэр.

    Шатаар өгсөн гурван давхарт гарах зуураа ийн бодож амжжээ. Энэ бол Цоохорын овгийг асууснаас улбаалсан хэрэг.

   “Гаднын хүн орохыг хориглоно” гэсэн анхааруулгатай тул Олдох тасгийн сувилагч эмэгтэйд учир байдлаа хэлээд хамт хэвтэж байгаа нэг хүнийг дуудуулж уулзлаа…

          – Цөсний хагалгаа хийлгэсэн. Элдэв хүндрэлгүй бие нь сайн байсан чинь урьд шөнөөс эхлээд ухаан нь орж гараад муудчихлаа…

     Хижээл насны эр үүнээс өөр үг хэлсэнгүй.  Олдох тэр палатанд хамгийн эхэлж хэвтсэн залууг дуудуулжээ.

          -Орой болсон хойно эмчээс нь өөр нэг цагаан халаадтай хүн орж ирээд хамт гарцгаасан. Удалгүй  эргэж ирсэн. Тэгснээ таталт өгөөд, гэнэт дэмийрч эхэлсэн…

          Өрөөнд нь хэвтэж байсан өвчтөнүүдийн яриа Олдоход оньсого мэт санагдаад байлаа.  Эмнэлгийн дарга, эмчлэгч эмчтэй нь уулзаж энэ байдлыг хэлж, нухацтай ярилцав… Тэд ч бүр асуултын тэмдэг шиг болцгоон тэр орой болсон хойно хэнтэй уулзсаныг тогтоох бас яагаад тийм хүн дотогш нэвтрүүлсний учрыг олно гэдгээ амлажээ…

  Олдохыг орж очиход Цоохор хоёр гараа дэлгэн, тэвэрч авснаа хүүхэд шиг уйлчихав.

            Ам нь хөдлөвч Цоохорын дуу  гарахгүй байлаа. Олдох түүнд үзэг, цаас авч өгөв.

    “Тэр эм өгсөн хүнийг танина. Намайг яагаад ийм болгосныг мэдмээр байна. Би  эмнэлгээс гарах гэж байсан шүү дээ. Хэзээ ч эмнэлэгт хэвтэж байгаагүй юм чинь нэг удаа сайхан эмчлүүлчих” гэж эв хавгүйхэн бичсэнийг нь удаан гэгч харж зогссоноо Олдох:

          – Учрыг заавал олно оо, найз нь… Удахгүй гэчихээд зурвасыг базсан чигээрээ гарлаа…

    “ Энэ бол яавч өвчин биш. Хөндлөнгөөс орж ирсэн хор, хараал хоёроос зайлахгүй. Ямар ч байсан. Найдан гуайд дуулгах нь зөв…” Олдох ийнхүү сийрэгхэн бодол шилгээгээд машинаа асаан Гандангийн дэнж орохоор хөдөллөө…

                  ***                    ***                ***                 ***              ***

            “Ярьж чадахгүй, хэвээр байгаа” гэсэн мэдээнд түр тайтгарсан Хэнчбиш  “Хятадууд хүний эд, эрхтэн түүж байна. Үүний ард эрх мэдэлтэй томчууд байж магадгүй. Хамгаалж, хятадуудыг “өхөөрдөж” гүйдэг, тэдэнд тал засдаг зарим улстөрчдөд хамаатай байж болох юм” гэсэн өгүүлбэрийг дахин дахин уншив. Тэгснээ “Новш оо, өөрөө өөрийгөө илчилж ярилцлага өгөөд байх юм даа” гээд сонин дээрх Гөлөгөөгийн зураг руу нулимчихаад, удтал чичирхийлэн дуудсан гар утсаа авлаа.

          -Цоохор ярьж байна гэнэ…  хэмээн цахиртсан хоолойгоо чичрүүлэх Мөнгөөгийн дууг сонссоноо:

          – Заамарын орд миний гарт ороогүй болохоор замд тээглэх саад үнэнийг илчлэх гэсэн хүмүүсийн тоо нэмэгдээд байгааг мэдэж байна уу…  Танай нөхөр чинь хүртэл ярилцлага өгсөн байх шив… гээд зэвүүн гэгч нь инээлээ.

          – Манай тэнэгийн тэр ярилцлагыг битгий тоо. Хятадуудад халууртлаа хулхидуулж байсан болохоор тэгээд байгаа юм. Тэрний үгийг тоох хүн байхгүйг чи  мэднэ биз дээ. За, энэ яах вэ…

      Нөгөө хүүхдүүд аль ертөнцөд байгааг чи өөрөө яг мэдэж юм уу? Хамгийн эхний хүүг ямар ч байсан “Гаргаж хаялаа” гэсэн. Тэрнээс биш нөгөө хоёрыг “үхсэн” гэж урдаас ирсэн хоёр эмч ухаантай мануухайнууд л хэлсэн биз дээ… Тэсрэх хамгийн том бөмбөг босоод ирлээ… Дээрээс нь тэр хэдэн хүүхэд бас амьд байх юм бол яах болж байна аа… хэмээн уйлагнаснаа:

          – Заамарын орд чинийх ээ, чинийх. Түншүүдийн маань мөнгө бага зэрэг саатсан болохоор хөдөлж болохгүй байна хэмээн Хэнчбишийг аргадах аядав…

                             ***                           ***                  ***              ***

          Траншейны хэдэн хөвгүүн Олдоход цаг тутамд мэдээ дамжуулж байлаа…   Эмчилгээ хийлгээд гарах гэж байсан Цоохорт хүчтэй эм өгч, тариа хийлгэж хэлгүй болгосон хүн бол Гөлөгөөгийн эхнэр Мөнгөө, Хэнчбиш хоёр гэдгийг  хөдөлгөөнгүй мэдэж авсан Олдох “Сайн оточ ямархуу ид шидтэй байдгийг ийм богино хугацаанд харуулж чадлаа. Эмч нар хүртэл гайхаж, биширч байна. Манай Найдан хамбынхан чинь  бүр удмаараа дом хариулга хийдэг, тан барьдаг улс байсан юм гэнэ лээ. Ийм сайхан буянтнуудын ачийг мэддэггүй юмаа гэхэд ад шоо үзэхгүй байвал олон хүнд буян болно. Одоо ч харин нэг үеэ бодвол шашин зан үйлээ дээдэлдэг боллоо. Имй сайхан эрдэм бол монголчууд бид бүгдийн буян заяа юм шүү” хэмээн бодов.

      Бүртийх үүлгүй цэлмэг хөх тэнгэр өөд удаан гэгч харж зогссоноо Олдох “Гурвуулхнаа хамт өссөн юм сан… Ямар байлаа ч нэгийгээ түлхээд яалтай билээ. Ус уух хувьтай, азтай хэдэн хүүхэд таарч дээ… Үхсэн бол яах байсан юм. Мөнгөнд улайрсан тэнэгүүд “Үхнэ… Хаяна… Хэн ч мэдэхгүй гэж тооцсон биз… Үгүй юм аа… Та нар тоносон ч тэд нарыг сайн санаатнуудын буянаар босгосон… Авсан эд эрхтэн бүгдийг нөхсөн…Амьд сэрүүн байгаа учраас та нартай хүний хэлээр ярьж үзэх гээд байна…   Хэнчбиш минь, чи хэзээ ухаан суух хүн юм бол… Энэ бол чамд олгох ганц боломж…Дахиад хар муу үйлтэй хутгалдвал ангалаас татах хүн байхгүй…” хэмээн  өөртэйгөө ярив. Тэгснээ шууд  утсаа гаргаж ирээд Хэнчбиш рүү залгалаа.

          -Цоогий сая эмнэлгээс гарлаа. Хоёулаа хамт тэднийд очъё…

   “Бодийг нь хөтөлсөн” гэх мэдээ хүлээж суусан Хэнчбиш хий юм сонсоогүй байгаа даа хэмээн бодож, чихэндээ үл итгэн,  залгасан утасны дугаарыг дахин дахин харав.

 Цоохорыг “намнах” даалгавар авсан хоёр хужаа аль хэдийнэ траншейныхны урхинд бүдэрснийг тэр хараахан мэдээгүй байлаа.

    Цагаа харан холхиж, “Чи надтай уулзах болов уу, би чамтай юу…” гэж ганцаараа ярих Хэнчбиш танил утсаа яаран автал урдаас нь Цоохор тачигнатал инээж:

          – Найз минь яасан муухай юм хийж явдаг юм бэ? Хүрээд ир… Гурвуулаа сайхан ярилцъя…гэлээ.

      Найзуудыгаа биш  өөрийгөө ходорсон Хэнчбиш гар нь салгалан нүд нь гөлийгөөд суун тусчээ…

                           ***              ***               ***                ***                 ***

        Өглөө эрт босч хоол унд хийгээд, эмнэлэг рүү явсан Бурмаа хөл нь газар хүрэхгүй шахам хөөрцөглөсөөх эргэж ирэв.

-Хань минь, машин тэргээ эртхэн гаргаарай. Буржакийг үдээс хойш эмнэлгээс гаргана гэсэн шүү. Нөгөө төрсний гэрчилгээг авсан уу… гээд хувцасны шүүгээгээ уудлан уутанд нямбайлан хйсэн цоо шинэ хувцаснууд гаргаж ирлээ. Цоохор эхнэрийнхээ ингэж бэлтгэж, энэ хүүд ийм их хайр шингээж байгааг огт мэдээгүй болохоор бяарласан сэтгэлээ илэрхийлэн:

-Миний хань бүр иж бүрэн хувцас аваад хадгалчихсан юм уу. Наад гутал чинь ямар дэгжин эд вэ… гэснээ:

-Төрсний гэрчилгээг өчигдөр орой авснаа чамд хэлэхээ мартаж… гээд цааш эргэв.

Хүүгийн төрсний гэрчилгээг гартаа барьсан Бурмаа:

– Энэ хүү бол Бурханы элч. Ингээд манайх ам бүл нэмж, өнөр өтгөн боллоо шүү дээ… хэмээн бахдал дүүрэн хэлээд:

-Цоохор овогтой Бархүү… гэж чанга гэгч уншлаа.

-Бодож, бодож ийм нэр сонгосон. Бар шиг хүчтэй, хийморьтой хүү байгаа юм.

   Тэр хоёрын ийнхүү баярлан догдолцгоохыг харсан хэн боловч “Хүнлэг нандин сэтгэл ямар агуу юм бэ” хэмээн бахархахгүй байхын аргагүй…

    “Олдохтой уулзана. Хамт явна гэсэн. Хэлэхгүй бол гомдоод сүйд болно. Би ч найзынхаа хүчинд хүн шиг явж байгаа юм шүү… Манай тэр өвөөгийнхөө хайр, үгийг өөртөө сайн шингээж авсан их лут амьтан байгаа биз…” хэмээн найзаараа бахархах Цоохорыг гарангуут Бурмаа жижиг өрөөгөө зайчлан янзлав. Анх гэр бүл болоход  авга эгч нь өгсөн нарийвтар модон орыг тагтан дээрээсээ оруулж жижиг өрөөндөө  тавилаа. “Эр хүн газар унтаж болохгүй. Манай хоёр охин яахав. Матраасаа хаяад өвөртөө унтчихна” хэмээн бодохдоо ээжийгээ жигтэйхэн их үгүйлж огшиж ирснээ:

-Миний охин хань ижлийнхээ болоод бүстэй хүүхдийнхээ хувцас, ор дэрийг байнга дээдлэх учиртай юм шүү. Эс тэгвэл эрийн хийморь сүлд гундана. Эрийнх ингэж гундаад ирвэл гэрийн ноён нуруу бөхийнө л гэсэн үг… хэмээн захиж байсныг нь тодоос тод санажээ…

/Үргэлжлэл бий/

Ж.ДҮҮРЭНЖАРГАЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Mrs Lia
     (192.168.8..***)
    2019/01/26 05:07

    Би төлбөр тооцоо, өрийг ангилахын тулд зээл хайж байсан. Дараа нь би та нарын эргэн тойронд байгаа АТМ машинаас мөнгө хөөж хоосон хоосон хоосон ATM ATM картны талаархи саналыг харсан. Тиймээс би эргэлзэж байсан боловч {rickatmcardoffer @ gmail хаягаар холбоо барьж үзээрэй. com} тэд карт хэрхэн ажилладаг тухай удирдамжийн дагуу хариу өгсөн. Картаа өдөрт $ 5,000 шуурхай авах боломжтой ба $ 50,000,000.00 $ кредит авч байсан тул 24 цагийн дараа надад төлбөр төлөх төлбөрийг төлсөн төлбөрийг төлсөн гэдэгт би итгэлтэй байсан. Багц {карт} Би гарын үсэг зурж, дотогшоо буцаж очиж картаа үлдээсэний дараа картын ажлыг баталгаажуулсан. Энэ нь эргэлзээтэй зүйл биш учраас карттай & картыг ашигласан. Энэ хакерууд нь АНУ-д суурилсан хакерууд санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүст туслах зорилготой юм !! Хэрэв та энэ аргаар баян болгохыг хүсвэл эдгээр имэйл хаягаар холбогдоно уу: rickatmcardoffer@gmail.com}

    (0) (0)