Завхан аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт отор нүүдэл хийж буй малчдаа эргэж тусламж дэмжлэг үзүүллээ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Чандмань, Хатгал, Алаг-Эрдэнэ зэрэг сумдаар 1600 км замыг туулж оторт яваа малчидтай уулзжээ.
Отрын малчдаа эргэх үеэр тэдэнд төрийн зарим үйлчилгээг үзүүлж, санал хүсэлтийг сонсож, хаваржилтын нөхцөл байдалтай нь танилцаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж өвс тэжээлээр тусалсан байна. Отроор яваа малчдад аливаа хүндрэл тохиолдоогүй бөгөөд өмнөх жилүүдэд отор хийж байсан туршлага байгаа болохоор очсон газрынхаа багийн дарга, эмч нартай байнгын харилцаа холбоотой байгаа гэнэ. Мөн сургуулийн хүүхдүүд сургууль завсардаагүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайн газрынхаа эрүүл мэндийн байгууллага, багийн эмч нараас бүрэн авч байгаа, тавтай хаваиржиж байгаа талаараа малчид ярилаа. Мөн энэ үеэр оторчдод шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, хүндрэл бэрхшээл гарсан тохиолдолд сум, багт уламжилж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэгт малчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв.
Их-Уул, Ургамал сумын удирдлагууд Баянхонгор, Архангай, Увс аймагт өвөлжиж буй оторчдоо эргэх ажлыг мөн зохион байгуулжээ. Эдгээр аймагт таван сумын 50 гаруй малчин өрх отроор хаваржиж байгаа ажээ.