Хүйтний улиралд Хөвсгөл нуур дээгүүр машинаар зорчдог уламжлалтай. Энэ жилийн хувьд мөсний зузаан дунджаар 1.8 м байгааг хэмжиж тогтоожээ. Удахгүй тус аймагт мөсний баяр тэмдэглэнэ. Тиймээс баяр тэмдэглэх газарт мөн хэмжилт хийсэн байна. Өмнөх жилүүдэд мөсний хамгийн зузаан нь 1,2 м хөлддөг байсан бол энэ жил олон жилийн дунджаас 40-50 см-ээр зузаан байгаа гэнэ. Гэхдээ болзошгүй эрсдлээс сэргийлж зөвхөн замын тэмдгийн дагуу зорчих хэрэгтэйг Мөсний баярыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Г.Энхбаяр онцлов. Мөсний баярт ирж байгаа хүмүүсийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулж байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөс нимгэн,зорчих боломжгүй аюултай газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавьж Хөвсгөл аймгийн хууль хяналтын байгууллагын алба хаагчид харуул хамгаалалтанд өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.