Хайрын соронз /Тууж/

2018 оны 02-р сарын 26 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hair

 Жаварт хайрагдан, хоёр чих нь часхийхэд, божийсон бор гараараа дарах аядаад, хурдаа нэмэн шогшино. Исгэрэн шилбүүрдэх цасан шуурга өөдөөс нь хайр найргүй балбавч, хүү өврөө байн байн тэмтэрч үзчихээд нүцгэн гар, улаан нүүрээрээ сөрөн урагшилсаар…

 “Дарь-Эх”-ийн овоон дээрх хогноос шил, лааз цуглуулж, тушаагаад олсон мөнгөөрөө  нэг талх, цувдайны оронцог аваад “гэр” рүүгээ яарч яваа энэ хүү 13-хан настай. Духан дээрх гүн цагаан сорви нь түүний туулсан амьдралыг тодотгох мэт. Халуун пийшин мөргүүлж, хамаг биеийг нь хөх няц болтол зодож, гарынхаа чилээг гаргадаг хойд эцгийн харгислалын нэгээхэн ул мөр нь энэ…

                         ****                 ***                ***             ***              ***

 Хотын төв рүү орж ирэхэд салхины хүч сулран, хүү  алхаагаа  удаашруулав. Чих нь хорсовч сайранд идэгдэж, хагар туссан гарнаас нь өөр халхлах, хамгаалах юм түүнд байсангүй. Хоёр өөр размерын ханзархай гутланд нь цас чихэж, хөл нь нойт оргино. Энгэрийг зөрүүлж бүсэлсэн, томдсон хүрэм нь тэр чигтээ дарайтал хөлджээ.

 Хоёр чих, хэдэн хуруугаа хөлдөөн байж хоногийн хоолоо олж ирсэн Цоохорыг “танк”-ндаа ирэхэд хэн ч байсангүй. Муухай үнэртэй, харанхуй даасан энэ нүх   өөдөөс нь халуу дүүгэн угтсан нь хүүд таатай санагдана. Гар, чих нь тэсэхийн аргагүй янгинаж, хорсоход хүү уйлах нь уу гэлтэй өмөлзөв. Тэгснээ нүдээ гараараа ширүүхэн хоёр шударч, чихэндээ шүлсээ түрхсэн болоод ажилдаа оров. Ил утастай плиткан дээр түлэгдэж харлаад өнгө нь мэдэгдээ больсон төмөр таваг тавьж, идэх юм  аялуулж суутал Хэнчбиш, Олдох хоёр гаднаас орж иржээ. Хоолны үнэрт нүд нь сэргээд, хоймор эзэгнэн, өөр өөрсдийн өмнөх төмөр тавгаа нүдэн суух тэр хоёрт Цоохорын чих, хурууг анзаарах сөхөө  алга.

 Чих, хуруу нь хорсон янгинаж өвдөхийн эрхэнд мөн өөрийг нь эс тоож, анзаарахгүй зөвхөн хоол хүлээн суугаа нөгөө хоёртоо гомдсон  Цоохорын нүд юу юугүй нулимсаар дүүрээд иржээ. Тэрбээр нулимсаа унагаахгүйг хичээн нүдээ хэдэнтээ цавчин, аньсагандаа шингээлээ. Хоолоо хурдхан шиг болгож, тэр хоёрын амыг хамхих сан гэж яарна. Утас нь улайссан плитка хүртэл удаан халаад байх шиг зэвүүцэлтэй санагдах. Хөлдөж ус нь шүүрэн, минчийж хавдсан гар хуруу, чих нь байж ядтал янгинахад түүний сэтгэл  хөндүүрлэн, “Ингэж явснаас…” гэсэн өнөөх муухай бодол нь түрж ирээд түүний цээж гуниг гутралаар дүүрч байж ядна. Ийм үед  хойд эцгийн харгис төрх нүдэнд нь улам аймшигтайгаар харагдаж, гомдлын хар үүл багалзуур хоолойд нь тулж, хүүгийн амьсгал  давхацна…

    Төдөлгүй хоол болж, харанхуй даасан тэр нүхний голд байрлах том дөрвөлжин цементээ тойрон сууцгаав…

                                  ***                  ***             ***           ***          ***

       … Өмхий үнэртэж, халуу төөнөх цооногт өчнөөн жил хамт амьдрахдаа үе тэнгийн гурван  хөвгүүн юу эсийг үзэх вэ. Амьдарч буй дулааны  цооногоо “танк” хэмээн нэрлэх. “Танк”-ныхан, “Траншей”-ныхан гээд тэднээс дайжиж бараг зугтаж, тэжээвэр нохойноосоо дорд муу үзсэн нийгэм, цаг үе…

       “Танк”-ныханд гуньж гутрах, хөөрч баярлах… бүгд байсан. Тэр байтугай өсч өндийгөөд ирэх үедээ эрчүүд юу хүсч, юу хийдгийг амтлах нь энүүхэнд.   Хайрлана, дурлана…

      Үерхдэг охинтойгоо хамт хонох дээрээ тулахад хэн нь ч үг дуугүй  байраа тавьж өгнө. Харин маргааш нь “Чи яасан… би тэгсэн…” гээд эр, эмийн ажлын туршлагаа хуваалцах бол хамгийн амттай ярианы нэг байсан.

-Эр хүн болсных… гээд үнэ хямдтай архи хувааж уучихаад:

-Ээжийгээ санаж байна… гээд гурван биеэ тэврэн уйлж суусан. Энд тэндээс хумсалж ирсэн хэд гурван төгрөгөө булаацалдан, нударга зөрүүлж, нармайгаа нээлцчихээд бодох, санах юмгүй инээгээд гүйж л явсан… Тэр байтугай тэрсхэн гурван хүү зэрэг шахам нэг охинд дурлачихаад, хоорондоо үг сольж чадахаа больсон дурсамжтай бяцхан түүх  хүртэл байх.

    Галт тэрэгний буудал дээр ачаа зөөж явсан Цоохорын араас нэг охин гүйж ирснээ:

-Май… гээд ноосон бээлийгээ сарвайжээ. Гайхаж ангайсан хүү түрдэг тэрэгний бариул дээрх улайж, даарсан гар руугаа нэг хараад:

-Миний гар даараагүй ээ. Чи өөрөө бээлийгээ өмс… хэмээн ичингүйрснээ нуухыг хичээн аминдаа их л пээдгэр, үл тоосон маягтай хэлжээ.

Ягаан хүрэм, цав цагаан малгайтай, бумбайсан хацартай, хөөрхөн бор охин инээснээ:

-Зүгээр ээ. Миний гар даараагүй гэв.  Цоохор гар руугаа нэг, тэр охин руу нэг харж, юу гэж хэлэхээ мэдэхгүй балмагдаж байтал Цоохорын гар дээр бээлийгээ тавьчихаад гүйгээд явчихсан байна. Эргэж  харалгүй гүйсээр вокзал руу орсон охины араас харж яг хөшөө шиг хөдөлгөөнгүй зогсч байтал:

-Хүүе, чи яачихаа вэ. Яваач… хэмээн ачаагаа зөөлгөж яваа эмэгтэй уцаартай гэгч нь дуугарахад сая сэхээ орсон Цоохор бээлийг нь газар унагаачихаад тэргээ түрэн машин руу нь очсон байна. Ачааг тээшинд хийж өгч, ажлын хөлс 500 төгрөгөө авч халаасандаа хийгээд эргэж, гүйсээр нөгөө газраа ирэхэд охины бээлий газар хэвтэж байв. Цоохорын санаа амрах шиг болж, ийш тийшээ харснаа доош сууж, сэмээрхэн гэгч нь гараа явуулсаар бээлийг авч халаасандаа хийв. Халааснаас нь халуу төөнөх шиг болж, гар нь хүртэл дулаацаад иржээ. Тэрбээр бээлийг нь халаасан дотроо атгаж, охиныг ийш тийш харуулдан зөндөө удаан зогслоо. Хүрч ирээд бээлийгээ авбал… гээд хэлэх үгээ бэлтгэн, бараг гараас нь хөтлөөд гэрт нь хүргэж өгнө хэмээн мөрөөджээ.  Вагоноор ирсэн зорчигчдын хөл татарч, тэр хавьд Цоохор  ганцаараа үлдсэн байлаа. Сайншандын вагон ирэхэд мань хүн 2000-3000 төгрөг олдог бол энэ  удаа 500 төгрөгтэй буцахдаа харамссангүй. Харин ч жигтэйхэн баяр хөөртэй, догдлоод ер бусын сайхан байжээ. Алхсаар нэлээд холдож, хүний хөл хөдөлгөөнгүй газар очив.  Дахиад л ийш тийш харлаа. Охины цагаан цэцэгтэй, ягаан өнгийн нэхмэл бээлийг ихэд нууцлан байж, гаргаж ирээд эргүүлж, тойруулан харснаа өөрийн эрхгүй үнэрлэж үзэв. Нэг тийм дотно  зөөлөн, дулаан үнэр…Тэр өдөржин Цоохор вокзал, вагоны буудал орчмоор эргэлджээ. Төстэй харагдсан охин болгоны араас гүйж очоод биш байсанд гоморхох шиг болсоор оройтой золгосон байна. “Гэр”-тээ очоод  нөгөө хоёртойгоо дуугарахаас хүртэл дургүй нь хүрээд, зөвхөн хөөрхөн инээдэг бор охин бээлийгээ өгч байгаа төрх харагдаад сэтгэл нь тогтож өгөхгүй, хоол унд   хоолойг давахаа больжээ. Тэр охины төрхийг нүдэндээ хадгалан, халаасандаа гэрээ хийж, бээлийг нь тас атгаад хэвтээд баймаар байж. Гэтэл нөгөө хоёр нь:

-Чи чинь яагаа вэ… Хоол унднаас гараа юу…

-Дээшээ харж хэвтчихээд ганцаараа инээд алдаад байх юм. Арай галзуурчихсан юм биш биз дээ…гээд амар заяаг үзүүлэхгүй, хэл үгийг татаж чангаах шахам шалгаах нь тээртэй.

   Хөөрхөн охин бээлийгээ өгсөн тухай ярьж гайхуулмаар байвч урьдын нэг гашуун дурсамжийн шарх Цоохорын амыг тэвхдээд байжээ…

                                ***        ***           ***             ***        ***

   Бараг хоёр жилийн өмнө. Зуны сайхан өглөө. Өнгө, өнгийн цэцэг алаглаж, шувууд шулганан энэ өдрийн хөг аялгууг чимж байгаа нь алхаж яваа Цоохорын сэтгэлийг ихэд хөдөлгөв. Амандаа дуу аялан, хэцүү, хатуу бүхнээ мартан, цээж тэнэгэр алхахын учир нь “Машин угаах” ажилтай болсных байлаа. Нэг үеэ бодвол орчлонгийн сайн,сайхан,  өнгө, будгийг ялгаж салган, ойлгож сэтгэл зүрх нь хөглөгдөх болжээ. Энэ бол түүний өсч өндийж, ухаан  тэлж явааг илтгэх. Нэлээд нуруулаг  тэрбээр өтгөн хөмсөгтэй, их сайхан шүдтэй.  Омог зузаан,  хөөрхөн чихтэй.  Хөгшчүүд  “Амны хишигтэй хөөрхөн хүү” хэмээн өхөөрдөх нь түүнд юутай ч зүйрлэшгүй шагнал мэт санагддаг. Машин угаана гэдэг Цоохорын хувьд их хариуцлагатай ажил байлаа. Яагаад гэвэл чинээлэг буюу ажил албатай өөрийнх нь ойлгож тодорхойлсноор бол “том”-чуудын унааг угаах учраас биеэ хүртэл бэлтгэн цоо шинэ футболк, гоёлынхоо жийнсэн өмдөөр  гангарчээ.

-Навсайж, нооройсон хүнээр машинаа угаалгахдаа дуртай хүн байхгүй. Бас байнга хүнээс харц буруулж явбал хэн ч сайнаар ойлгодоггүй юм билээ  хэмээн ярих нь түүний хэрсүү сууж, биеэ авч явах тал дээр хэнд ч гологдохгүй болсныг илтгэнэ.

     “Сансар”-ын туннелийн ойролцоохь автосалон  дээр Цоохор ийнхүү өглөө эртлэн очсон байна. Салоны нэг ажилчин түүнийг угтан авч, ажлын хувцасны хамт зааварчлага, зөвлөгөө өгчээ. Цоохор ийнхүү ажилдаа орж, өдөржин машин угааж, оройн 20 цаг гэхэд ажлаа дуусав.

-Сайн байна. Манай үйлчлүүлэгч нар бүгдээрээ  ам сайтай байна. Улам сайн ажиллаарай. Өнөөдөр урьд, урьдынхаас олон үйлчлүүлэгчтэй байлаа. Автосалоны ажилтнаас  сайшаалын үгээр ингэж мялаалгасан Цоохор  сэтгэл хангалуун гэрийн зүг гарчээ. Цээж тэнүүн, сэтгэл тэнэгэр алхаж явтал зам гарах гэж буй бололтой настай хөгшин, охин хоёр их л түүртэн байгаа харагджээ. Нэг гартаа томоос том ууттай юм барьсан охин, хавирган сар шиг нумарч бөгтийгөөд  хөлөө зөөж ядах хөгшнийг түшиж, хоёул хамтдаа уначих шахан гуйвчина. Ногоон гэрэл ассан үед явган хүний гарцаар яваа тэдний хажуугаар нэг жийп чанга гэгч сигналдан давхиж өнгөрөхөд  айж, сандарсандаа  эмгэн таягаа алдаж газар унагав. Охин эмээгээ нэг гараараа түшиж, ууттай юм барьсан гараараа таягийг авах гээд тонгойх үед Цоохор гүйж очин, авч өгчээ. Үе тэнгийн хүүгээс ичсэн бололтой нүүр нь час улайсан охин:

-Баярлалаа… гэж сулхан дуугарав.

-Алив, та гараа өг дөө… гэснээ яах ийхийн зуургүй эмээг нь үүрээд алхах Цоохорын араас охин таяг, тортой юмаа барин шогшжээ.

-Яасан буянтай хүү вэ. Миний хүү урт наслаарай… гээд ам нь өмөлзөн, хоёр гараа сарвайх эмгэн рүү тонгойж, хоёр хацраа ээлжлэн үнсүүлсэн Цоохорын сэтгэл огшиж ирээд золтой л уйлчихсангүй.

-Гэр чинь ойрхон уу. Би хүргээд өгье… гэснээ охины гараас тортой юмыг авч, эмээг нөгөө гараараа сугадлаа…

 Ингэж Цоохор,Зулаа хоёр танилцжээ. Зулаа тэгэхэд наймдугаар ангиа дөнгөж төгссөн, ээж нь Солонгос явсан учраас эмээтэйгээ үлдсэн байв. Эмээгээ асрахын зэрэгцээ жижиг цайны газар угаагч хийж, эмээгийнхээ байрны мөнгийг төлдөг гээд бас л өөртөө ахадсан ачаа үүрч яваа илт.

Ажлаа тараад заавал Зулаа дээр очдог, эмээд нь үнсүүлээд буцдаг хэвшил тогтоосон Цоохор тэсэлгүй, нэг өдөр нөгөө хоёртоо  энэ тухайгаа сонирхуулан ярьжээ.

-Би ажилд орсон өдрөө хөөрхөн охин, их сайн эмээ хоёртой танилцсан. Охины нэр Зулаа… Цоохорын яриаг таслан Хэнчбиш:

-Тэр Зулаа чинь тийм хөөрхөн юм уу. Хэр өндөр вэ… Гэр нь хаана байдаг юм бэ…  Хэн, хэнтэйгээ амьдардаг гэж байна. Одооны охидууд аав, ээжийгээ баян, тарган гэж худлаа хэлнэ шүү. Чи хууртчихаад нойр, хоолоо мартаад, давхиж яваа юм биш биз…    гэж ирээд баахан юм асуужээ.

   Тэр оройжингоо Цоохор Зулаагийнхаа тухай ярив.

  -Аав нь өөр хүүхэнтэй суугаад явчихсан. Ээж нь Солонгост ажиллаж, мөнгөтэй болоод охиноо их сургуульд суралцуулна гэсэн. Эмээ нь ёстой сайн хүн. Эрхиэ бариад сууж байгаа нь яг Бурхан шиг их сайхан харагдаад байдаг юм… Цоохорыг ингэж ярихыг сонсч байсан Хэнчбиш мөн л өрөмний өт шиг шөвөлзөж ирээд:

-За, чи одоо магтах гэж бүр ядаж байх шив дээ. Хэзээ эмэгтэй Бурхан байсан юм бэ… хэмээн мэдэмхийрэн сайрхахад Олдох:

-Дарь-Эх гэж 21 бурхан байдаг. Бүгд эх бурхад… Чи одоо өөрөө юу ч мэдэхгүй байж. Дуугүй сууж болохгүй байна уу… Есүс эр хүн биш гэвэл ямар сонсогдож байна… хэмээгээд муухан цохисноос илүү ширүүн харцаар Хэнчбиш рүү цоо ширтэв. Харцнаас нь дальдарсан Хэнчбиш буруу харах зуураа амандаа:

-Би ямар Бурханыг чинь шүтдэг биш… гэж бувтнаад авав.

 Тэр хоёрын  ингэж толхилцохыг  Цоохор анзаарсан шинжгүй  Зулаа, түүний эмээгийн тухай ярьсаар байлаа…

   Олдохын саналаар маргааш нь Зулааг хоолонд урьж, танилцахаар болоод унтацгаажээ.

Нөгөө хоёртойгоо Зулаагаа танилцуулна гэхээс Цоохорын сэтгэл догдлоод нойр нь хүрсэнгүй. Маргааш нь Зулаагаа ятгасаар байгаад жижигхэн зоогийн газар дагуулан ирснээр тэдний халуун ам бүл болох Хэнчбиш, Олдох хоёртой танилцав. Гэтэл үүнээс сар шахмын дараа Зулаа:

-Чи намайг хуурч, ингэж явахаасаа ичихгүй байна уу. Би чамайг эмээдээ хэлнэ, за. Манай руу дахиж битгий ирээрэй… гээд хаалгаа тас саван хаах нь тэр.

 Цоохор гайхаж, чихэндээ итгэсэнгүй…

    Орой ажлаа тараад Цоохор заавал тэднийхээр очно. Гэвч Зулаа учрыг эс хэлэн хачин ааш авир гаргасан хэвээр… Түүнд огт нүүр өгөхгүй байлаа. Эмээд нь ч үнсүүлж чадахгүй хаалганы нь гаднаас буцдаг болов.

     Зүрх нь цээжний цаанаас балбах адил цохилно. Хичнээн өөдрөг, идэвхтэй сайн ажиллаж байлаа, Цоохор. Гэвч Зулааг аргадаж, юуны учир ингэж гэнэт зангаа хувиргасныг мэдэх гэж тэдний үүдийг сахиж, ажлынх нь гадаа зогсч, хаашаа ч явсан дагасаар ажилдаа очихоо больжээ. Зулаатай уулзахгүй, эмээд нь үнсүүлэхгүй байх түүнд хамгийн хэцүү санагдана. Үүнээс өөр хатуу, хэцүүг туулж, сөрж, дийлж чаддаг байсан ч Зулаа гэнэт аашаа ингэж хувиргасан нь Цоохорыг үнэхээр гацаанд оруулж орхив. Ингэж хээр хаясан чөдөр, ногтоо хайхтай адил доош харан гиюүрч арав шахам хоножээ. Гэтэл ам бүлийнх нь нэг, хамгийн ахмад нь хэмээн сургаал, үг хэлэх, зандрах, захирах дуртай Хэнчбиш Зулаад худал хэлж, яс хаясныг Олдох мэдсэн байна. Зулаа учрыг ойлгож, Цоохороос уучлалт гуйсан ч:

-Үнэн, худлыг олоогүй байж, ийм авир гаргасан чамайг уучилж чадахгүй. Харин эмээ дээр  би хааяа  очиж байна аа… гэсэн хариу өгснөөр Цоохор  анхны гэж болох дурлалын түүхэндээ  ингэж цэг тавьсан удаатай. Тиймээс энэ удаа бээлий болон түүний эзний тухай ярихгүй байхаар шийдсэн хэрэг…

                       ***               ***             ***          ***             ***

           Цоохор  траншейнд очсоноосоо хойш   Христийн “Итгэлийн сүм”-ийг бараадан, итгэгчдийн цуглааныг алгасдаггүй байлаа.

         Харин нөгөө хоёроосоо биерхүү өндөр нуруутай болоод ч тэр үү Олдох энд тэндхийн бөхийн дугуйлан секц хэснэ. Бас  сүм хийдүүдийн хурал, номын дуу сонсон цагийг өнгөрөөх дуртай. Энгэрийн халааснаасаа эрхи барьсан өвөөгийнхөө зургийг гаргаж ирээд, ном айлдаж байгаа  лам нарыг  харж суух шиг сайхан юм түүнд үгүй мэт. Тэрбээр өвөөгөө хайж, тэр хүнийг ямар их санаж үгүйлдэг тухайгаа ярих дуртай.

     Хамгийн сэргэлэн нь мөртлөө Хэнчбиш салхинд хийссэн хамхуул адил хаашаа л бол хаашаа холбирч явдагт нь нөгөө хоёрын сэтгэл ихэд зовнидог гэдгийг ч эс тооно.  Элэг бүтэн, орон гэртээ өсч өндийж яваа үеийнхнээсээ хэдэн алхмаар хоцорч яваагаа мэдрэх тусам тэд сэтгэл эмзэглэж “Яасан ч хүнд муу, муухайгаа үзүүлэхгүй шүү. Харин ч яавал тэд нар шиг болох вэ, тэр л зөв замаар явъя” гэсэн эрмэлзэл, тэмүүллийг  эс тоон Хэнчбиш хий сэлгүүцэж, тэнэх дуртай.  Энэ нь түүний хулгай хийх сонирхолтой нь холбоотой  гэдгийг Олдох, Цоохор  хоёр сайн мэднэ. Тэр байтугай халаасны хулгайч нар Хэнчбишийг  “Хадаас” хэмээн хочилдог байсан төдийгүй цагдаагийн бүртгэлд ороод авсан нь хүртэл тэр хоёрын санааг зовоох.

-Шил, лааз, төмөр… гээд мөнгө олж болох юм л цуглуулъя. Хулгай хийхгүй, худал хэлэхгүй шүү…

      Өглөө болгон ингэж тохиролцоод гурван тийшээ гарахад орой нь Хэнчбиш  хэтэвчтэй бэлэн мөнгө барьчихсан бүр заримдаа айлаас бурхан, аяга гээд үнэт зүйлсийг хулгайлж аваад ирнэ. Ходоод нь хонхолзож байсан ч Олдох, Цоохор хоёр хулгайтай хэзээ ч эвлэрдэггүй. Тиймээс Хэнчбишид нүүр өгдөггүй байж.

/Үргэлжлэл бий/

Ж.Дүүрэнжаргал

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх