92 орны тамирчид “Пёнчан баяртай” гэсээр олимпийн хотхоноос мордлоо

2018 оны 02-р сарын 26 өдөр, 15 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28534836_1311873782277450_285690536_n

Өмнөд Солонгосын Пёнчан хотод 17 хоног үргэлжилсэн өвлийн олимпийн XXIII наадмын хаалтын ёслол Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд 92 улсын 2925 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөв. Пёнчаны өвлийн олимпоос 29 улсын баг тамирчид медаль хүртжээ.

Норвеги улс 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль авч нийт 39 медалийн эзэн болсноор медалийн тоо болон чанараар тэргүүлсэн юм. Харин Герман улс нийт 31 медаль хүртэж, хоёрдугаар байрт жагссан юм. Германы араас Канад, АНУ болон Нидерланд улс чансаагаараа эхний таван байрт жагсжээ. Олимпийн наадмыг зохион байгуулагч орон “Пёнчан-2018” олимпоос найман алтан медаль хүртэж багийн дүнгээрээ эхний дөрөвт орох зорилт тавиад байсан бол тоглолтын эцэст нийт 5 алтан медаль хүртэж чансаагаараа долдугаар байрт жагссан байна. Харин жагсаалтын 15 дугаар байрт бичигдэж байсан ОХУ-ын баг тамирчид өнөөдөр дахин нэг алтан медаль хүртсэнээр 13 дугаар байрт шилжиж нийт 17 медальтайгаар наадмыг өндөрлүүлсэн байна. Малайз, Сингапур, Эквадор, Эритрей, Нигер болон Косово улсын тамирчид анх удаа оролцсон юм.

Хаалтын ёслолын үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Спорт даян дэлхийн хүмүүсийг хэрхэн нэгтгэж чаддагийг 17 хоног үргэлжилсэн олимпийн наадмаар бид харууллаа. Үнэнч шударгаар өрсөлдсөн тамирчиддаа баярлалаа. Та бүхэн бол бидний үзэл санааг өөдрөг байлгадаг хамгийн сайн элчүүд юм” хэмээн онцлоод өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөж байгааг мэдэгдсэн байна. Эрхэм ерөнхийлөгч Томас Бах  дараагийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсан  Бээжин хотын дарга Чэнь Зининд олимпийн далбааг гардуулан өгсөн байна. Өвлийн олимпийн XXIV наадам 2022 оны 2 дугаар сарын 4-20-нд Бээжин хотод болох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх