Завхан аймгийн Алдархаан сумын нутаг ирвэс ихтэй гэдэг. Тус сумын ирвэс бүхий таван газарт судлаачид камер суурилуулаад хоёр жил болж байгаа аж. Судалгааны баг саяхан камеруудыг эргэж очсон байна. Тэд өнгөрсөн есдүгээр сараас бичигдсэн 63 гэрэл зураг бүхий мэдээллийг авчээ. Эдгээр гэрэл зураг болон дүрс бичлэг нь ирвэс судлах, тоо толгойг нь судлах, хамгаалахад хэрэг болох судалгааны чухал баримтууд юм.
Тэдгээр камерыг Ирвэс хамгаалах сан, АНУ-ын ирвэс судлалын төвтэй хамтран суурилуулж ажиглалт судалгаа, мониторингийн ажил хийж байгаа ажээ. Тодруулбал, Алдархаан сумын Худаг улаан, Улаан хайрхан, Хөх ам зэрэг газарт 11 автомат камер суурилуулсан бөгөөд энэ жилийн судалгаагаар Алдархаан сумд 56 тооны ирвэс байгааг тооцоолжээ.
Сонирхуулахад, ирвэсийн урт нь 135 см, сэрвээгээрээ 60 см, сүүлний урт нь 90 см, 45 кг хүртэл жин татдаг байна. Ирвэсний орооны цаг нь 2-3 сард эхэлж хагас сар үргэлжилдэг бөгөөд тав, зургаан сард 2-5 гүег төрүүлж, гурван сар орчим хөхүүлдэг байна. Голдуу бүрэнхий, харанхуйд хоол тэжээлээ эрж олдог, заримдаа өдөр ангуучлах нь бий. Сэм явдалтай, нуугдмал амьтан юм хэмээн судлаачид мэдээлэв.