Хаврын тэргүүн сарын шинийн нэгний битүүний өдөр Орхон аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, энэ сарын 15-нд тус сумын Улаантолгой багт нутаглаж буй иргэн А. “Манай үхрийн амнаас шүлс гоожоод байна” гэсэн мэдээллийг сумын мал эмнэлэг үржлийн тасагт өгсөн байна. Уг мэдээллийн дагуу малын эмч нар очиж үзлэг хийгээд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг мөн гэдгийг тогтоосон байна.
Нэгэнт гоц халдварт шүлхий өвчин гэдэг нь тодорхой тул Жаргалант сумын нутаг Улаантолгой багт уг өвчнөөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийг хяналтын 6 цэгээр дамжуулан хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тогтоожээ. Сэжигтэй бүсэд байрлах 34 өрхийн 1431 үхэр, 19 хонь, 64 ямаа нийт 1514 малд үзлэг тандалтын ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн шүлхий өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд тандалт судалгаа хийж, малчдад шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах зөвлөгөө өгчээ.