Ираны “Aseman Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдон унажээ. Онгоцонд нийт 66 хүн байсан байна. Энэ тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв. Ираны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, онгоцонд 60 зорчигч, 2 нисгэгч, 2 үйлчлэгч болон 2 хамгаалагч байсан байна. Онгоц Ясуж хотоос 22 км-ийн зайд Дена уулын ойролцоо унасан байна. “Онгоцонд зорчиж явсан бүх хүн нас барсан” гэж “Aseman Airlines” компани мэдэгдэж байсан боловч уг мэдээллийг залруулсан байна. Учир нь “Газар нутгийн онцлогоос шалтгаалсан байж болзошгүй газарт осол гарсан тул бид хүрч чадаагүй байна. Тиймээс бүх зорчигч нас барсан эсэхийг батлан хэлж чадахгүй нь “хэмээн тайлбарлажээ.
Олон улсын улаан хавирган сар хөдөлгөөн осол болсон газар руу аврах багийнхнийг явуулсан байна. Онгоц Тегеранаас Ираны баруун өмнөд зүгт орших Ясуж хотын чиглэлд нислэг үйлдэж байхдаа тус улсын төвийн уулархаг нутгийн Семиром хотоос холгүй унажээ.
“Осолдсон онгоц 25 жил ашиглалтанд байсан” гэж Ираны иргэний агаарын тээврийн газар мэдэгдсэн байна.