Оюунлаг,бүтээлч Б.Дуламжав багш сайныг дэлгэрүүлсээр явна

2018 оны 02-р сарын 14 өдөр, 16 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dulamjav

Ардын боловсролын тэргүүний ажилтан,тэргүүлэх зэргийн багш Б.Дуламжав Сар шинийн өмнөхөн “Ачит багшаан дээдлэе” хэмээх дууныхаа DVD-г  гаргажээ. Жил гаруйн өмнө “Гэрэлт нар шиг амьдарна аа,би” хэмээх номоо баринтагласан Б.Дуламжав багш ийнхүү шинэхэн дуугаа олны хүртээл болгов. Өнгөрсөн намар дууныхаа клипний зургийг авахуулж,үе үеийн шавь нартайгаа баяр хөөр дүүрэн явж байсныг нь мэдэх юм.

Б.Дуламжав багш арван хүүхэдтэй айлын ууган охин. Гайхалтай хөдөлмөрч,уйгагүй бүтээлч нэгэн. Түүнийг уугуул нутаг Говь-Алтай аймгийн Жаргалан сумынхан хүүхэд байхаас нь мэддэг болохоор ажилсаг,ухаалаг,сэргэлэн, хүнлэг, олонд тусч,сэтгэлийн галтай,оюуны бядтай хэмээн сайшаалын үгийг үл харамлана. Б.Дуламжав багшид бусдын төлөө,хүүхдийн төлөө гэсэн цуцашгүй нандин чанар байдгийг түүний хамт олон, найз нөхөд,ойр дотныхон нь тодотгон ярих нь олонтаа. Одоогоос хэдэн жилийн өмнө тэрээр БСШУСЯ-ны харьяа 29 дүгээр тусгай сургуульд багшилж байхдаа хамт олноо төлөөлөн 10 сурагчийг дагуулан Төрийн ордонд орж,тэр үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой уулзаж том асуудал шийдүүлж явсныг нь санах юм. Ерөнхий сайдад хандан “Сонсголын болон харааны бэрхшээлтэй сурагчдын хөгжлийн бэрхшээлийг Монголын төр харгалзан үзэж тус тусад нь хичээлийн байртай болгож өгөх саналыг хэлж байсан.

Мөн 29,116 дугаар сургуулийн сурагчдын амьдрах орчинг сайжруулж,дотуур байртай болгох асуудлыг дэвшүүлж байсан нь тухайн үед мөн ч  зоригтой бүсгүй юм гэсэн магтаалыг дагуулсан. Түүний хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дотуур байртай болгосон билээ. Оюунлаг,бүтээлч Б.Дуламжав багш зүгээр суухыг үл тэвчдэг нэгэн. Түүний сэтгэлээсээ шүншиглэн урсгасан “Гал голомт”,”Ханьдаа өргөх дуу”,”Бүрэнхайрханы магтаал”,”Миний зэртгэрхэн зээ нар минь” зэрэг олон сайхан сайхан шүлгийн мөрүүд ухаан нэмэх урамтай. Тэрээр одоо дурсамж,дурдатгалын номоо бичиж,удам угсааныхаа угийн зураглалыг тэрлэж сууна. Сайныг дэлгэрүүлэгч хүндэт багш таны бусдыг гэгээрүүлэн түгээсэн бүтээл болгон тань харанхуйг гийгүүлэн,ухааны гэрлээр луужин болж явахыг ерөөе. Эрдмийн цагаан буян дэлгэрэх болтугай.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (192.168.8..***)
    2018/02/14 19:53

    Багш хүн ийм байх ёстой болов уу.Гайхалтай мундаг

    (0) (0)