Манай улсад ХДХВ-ийн халдвар оношлогдсоноос хойш 250 тохиолдол бүртгэгдээд байна. Тэгвэл өнгөрсөн онд ХДХВ-ийн халдвартай 25 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний гурав нь эмэгтэй, үлдсэн 22 нь эрэгтэй аж.
ХӨСҮТ-ийн хамт олон ХДХВ-тэй иргэдэд зориулж “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг”-ийг 130 гаруй сая төгрөгөөр тохижуулж, өчигдөр нээлтээ хийлээ.
Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг, тус төвийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам, ХДХВ-ын тасгийн эрхлэгч Б.Оюунбилэг, “Глобал сангийн Монгол лахь төлөөлөгч Индермохан Нарула болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
“Хамгийн сүүлийн үеийн технологиор бүрэн тоноглогдсон ХДХВ-ийн халдвартай иргэдэд зориулсан хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасгийг өнөөдөр ашиглалтад оруулж байна. Тус тасагт бэлтгэгдсэн дөрвөн эмч, дөрвөн сувилагч эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Халдвар авсан иргэд маань тус тасагт хэвтснээр хоногт баригдаж хэвтэхгүйгээр эмчилгээгээ дуусгах боломжтой. Монголчуудын сул тал нь биеэ өвдөөд туйлдаа хүрэхээр эмнэлэгт ханддаг гэтэл эрт оношлуулаад дархлаа сэргээх эмчилгээнд орвол өвчин хүндрэхгүй байх бүр цаашлаад тухайн хүн маань 70-80 хүртэл наслах боломжтой гэдэг нь тогтоогдсон. Өмнө нь ХДХВ-ийн халдвар авсан үед атга дүүрэн эм хэрэглэдэг байсан бол одоо нэг ширхэг таблетик хэрэглэдэг болсон. Дэлхий нийтээрээ ДОХ-ын эмчилгээнд шинэчлэлт хийсэн учраас бүх улс оронд энэ эмийг хэрэглэж байгаа. ХДХВ-ийн илрүүлгийн хувьд жирэмсэн эхчүүдээс ХДХВ-ийн шинжилгээ авдаг байсан бол одоогоор мэс засалд орох гэж байгаа өвчтөнөөс ХДХВ-ын шинжилгээ авч эхэлсэн нь эрт илрүүлэгт дэм болж байна.” хэмээлээ.
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус тасаг тэргэнцэр, зүрхний аппарат, хүчил төрөгч, сахиурын ор, өрөө тус бүрдээ ариун цэврийн өрөөтэй, хамгийн сүүлийн үеийн агаар цэвэршүүлэгчийг суурилуулсан, зөвхөн ХДХВ/ ДОХ-той хүмүүс үзүүлж, эмчлүүлэх боломжтойгоор онцлогтой байна.
Ихэнх өвчтөнүүд ганцаараа хэвтэж эмчлүүлэх хүсэлтэй байдаг бөгөөд уг нөхцлийг харгалзан хоёр өрөө гаргасан байна. Нэг өрөөндөө хоёр ортой, орны урдуур хаалттай юм. Тэгснээр өөрийгөө таниулахгүй байх боломжтой аж.
ХДХВ-ийн халдвар хүмүүст зориулсан тусгай өрөөг оны өмнөхөн Канад сангийн орон нутгийн санаачлага, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр тохижуулжээ.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь:
Өвчний менежмент
Биеийн өөрчлөлт
– Сэтгэцийн өөрчлөлт
– Нийгмийн асуудал
– Ухамсар оюун санаа сүжиглэл
– Өдөр тутмын үйл ажиллагаанд туслах
– Амьдралын төгсгөлийн шатны нас барах үеийн тусламж үйлчилгээ
– Гарз хохирол уй гашуу гэсэн 8 тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг байна.
Мөн ХДХВ-ын халдвар гаднаасаа ямар нэгэн зовуурь илрэлгүй 6, 7-н жил болох боломжтой байдаг. Тиймээс мэс ажилбар, тариа дусал хийлгэх, арьсаа цоолуулах,байнгын бэлгийн хавьтагчгүй, тохиолдлын бэлгийн хавьталд орж байсан бол жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэйг онцоллоо.