Баянхонгор аймгаас төрсөн Улсын аваргуудын шагналыг гардууллаа

2018 оны 02-р сарын 12 өдөр, 16 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0abcfdfff1c1ce7ad5a3931b0ef19e18

Улсын аварга малчин Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам багийн малчин  Сангидоржийн Ганбат

Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 31-ний хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг тодруулсан. 2017 оны тахиа жилд салбартаа манлайлсан Улсын аваргуудын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг суманд ажиллах үеэрээ Улсын аварга малчин Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам багийн малчин  Сангидоржийн Ганбат, Жинст сумын Цагаан-Ус багийн малчин Намдагийн Мөнхжаргал, Баянлиг сумын 1 дүгээр багийн малчин Бадамхоролын Энхбат, Богд сумын Алтай багийн малчин Цэдэндоржийн Лүндэнбат, улсын аварга саальчин Өлзийт сумын Ёлын ам багийн саальчин Адъяагийн Эрдэнэбилэг, Баянлиг сумын 5 дугаар багийн саальчин Түндэвийн Оргил нарын шагналыг гардууллаа.

Улсын аварга малчдад “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, аварга саальчинд “Улсын аварга саальчин” цол хүртээж, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, мөнгөн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олголоо.

Улсын аварга саальчин Өлзийт сумын Ёлын ам багийн саальчин Адъяагийн Эрдэнэбилэг

Баянхонгор аймгаас энэ жил улсын аварга малчин арав, аварга саальчин хоёр төрөн гарсан байна. Тус аймаг таван сая мал тоолуулж, малынхаа тоогоор улсад тавдугаарт оржээ. Хамгийн олон ямаа тоолуулсан тус аймаг тэмээний тоогоор хоёрдугаарт жагссан байна.

2017 оны тахиа жилийн зун зуншлага тааруу, зарим нутгаар гантай, гандуу байсан ч малчид тариаланчид маань хичээж ажиллалаа. Та нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг Засгийн газраас үнэлж Улсын аваргуудаа тодруулдаг уламжлалтай гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар малчид, иргэдтэй уулзахдаа тэмдэглэж байлаа.

Өвөлжилт алаг цоогтой, зарим нутгаар хүнд байгаа ч малчин зон олон минь өвлийг өнтэй давахын төлөө ажиллаж байна. Аварга бол аварга л байдаг юм байна. Малынхаа үржил угсааг сайжруулсан, хашаа хороогоо барьсан, аргал түлшээ нөөцөлсөн, ахуй амьдралаа цогцлоосон жишиг нь аваргуудын хөдөлмөрч, малч ухааныг тод харуулж байна гэж тэрээр хэллээ.

Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын нэг тулгуур нь “Шинэ хөдөө” хөтөлбөр. Энэ хүрээнд мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлж малчдад мах, сүү, нэхий, ноос ноолуураа анхан шатны боловсруулалт хийх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгож, Засгийн газар мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох бодлого барьж ажиллаж байгааг онцоллоо.

Баянхонгор Баянлиг сумын нэгдүгээр багийн малчин Бадамхоролын Энхбат

Бэлчээрийн даац хэтрэх, бэлчээрээ хамгаалах нь тулгамдсан асуудал болсныг малчид хэлж байлаа. Бэлчээрийн сан байгуулах эрхийг сум, орон нутагт нь өгдөг болох бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ хууль батлагдвал сум, орон нутгийн малчид өөрсдөө санаачлаад баг, сумын нийтийн хурлаараа бэлчээрийн сан байгуулах боломжтой болох юм байна.

Баянхонгор аймагт цас багатай, дулаахан өвөл болж байна. Зуншлага тааруу, газрын гарц муу байснаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв байна. Гэсэн ч бэлтгэлээ сайтар базаасан тул өвөл, хаврыг өнтэй давна гэж аваргууд ярьж байлаа.

Малчид малынхаа тоонд бус чанарт анхаарч эхэлжээ. Малын тоо өсөх нь сайн боловч нөгөө талаасаа бэлчээрийн даац хэтрэх, чанаргүй мал олон болох, энэ хэрээр хүн хүч, хөдөлмөр илүү шаардана гэж малчид ярьж байна.

Мөн мал маллахын зэрэгцээ төмс, хүнсний ногоо тариалж өрхийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна. Говь нутгаа цөлжилтөөс хамгаалж, өөрсдөө санаачлан мод тарьж байна. Амьдралын боломж багатай айл, өрхийг туслах малчнаар авч малжуулж байна. Мал сүргээ эрсдэлээс хамгаалах даатгалд бүрэн хамруулж байна. Малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо байгуулж сүү, цаган идээ, малаас гаралтай бүтээгдэхүүнээ борлуулж байгаа туршлагаа аваргууд ярилаа.

Баянхонгор аймгийн Жинст сумын Цагаан-Ус багийн малчин Намдагийн Мөнхжаргал

Тухайлбал, хот, төвөөс дутахгүй сайхан амьдрах боломж хөдөө орон нутагт минь байна. Хүүхдүүд, дүү нартайгаа нийлээд хоршоо байгуулсан, сүү, цагаан идээгээ борлуулдаг. 100 гаруй үнээтэй, зун, намарт айлуудад үнээгээ тавьж, ааруул, цагаагаа боловсруулахад нь тус дэм болдог гэж 1975 онд илгээлтийн эзэн болж, 42 дахь жилдээ мал маллаж буй Улсын аварга саальчин А. Эрдэнэбилэг ярьж байлаа. Төмс хүнсний ногоогоо өөрсдөө тарьчихдаг болсон. Одоо нарийн ногоо тарьж ургуулах бодолтой байгаа гэж Жинст сумаас төрсөн Улсын аварга малчин Н.Мөнхжаргалын гэргий хэллээ.

Нэг малаас өндөр ашиг шим авах арга туршлага нэвтрүүлж буй малчдыг орон нутгаас нь дэмжиж, урамшуулдаг байна. Тухайлбал, 2017 оны ажлын үр дүнг нь үнэлж, Баянхонгор аймгийн аварга малчнаар 69 малчныг тодруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх