Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит XVII Их хурал Нийслэлийн иргэний танхимд 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Телевизийн салбараас 70, Радиогийн салбараас 30, Сонин, сэтгүүлийн салбараас 50, Цахим салбараас 50, Орон нутгаас 55, Судлаачид эрдэмтдээс 20, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл 30 нийт 305 төлөөлөгч Их хуралд сонгогдон оролцож дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөл, Бага хурлаа сонголоо. Удирдах зөвлөлийн шийдвэрээр МСНЭ-ийн зургаан мэргэжлийн төв өөрийн бодлогоор тухайн мэргэжлийн төвд ноогдсон мандатыг гишүүддээ хувиарлан олгосон тухай мандатын комисс илтгэлдээ тайлагналаа.
Их хурлыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч, МУСГЗ Б.Галаарид нээж үг хэлсний дараа мандатын комисс 305 мандат тараагдсанаас 232 төлөөлөгч хуралдаа ирж, 76 хувийн ирцтэйгээр хурал хүчинтэй болсныг мэдээлсэн. Их хурлын тэргүүлэгчдэд Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар, ахмад сэтгүүлч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Номинцэцэг, Төв аймгийн салбар зөвлөлийн дарга Ж.Энхбаатар, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Ц.Оюундарь нар сонгогдож, хурлын даргаар Ж.Батбаатар ажилласан юм.
Тооллогын комиссын даргаар “Монцамэ” агентлагийн тамгын газрын дарга Д.Отгонбаяр, нарийн бичгийн даргаар “Нийгмийн шуудан” сонины төлөөлөл, сэтгүүлч Р.Саруул, Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгч Э.Батхүү, Архангай аймгийн салбар зөвлөлийн дарга О.Амарзаяа, “Стар” телевизийн сэтгүүлч Б.Болорсайхан нар сонгогдсон. Редакцийн комиссын даргаар МҮОНТВ-ийн сэтгүүлч Д.Туул, гишүүдэд Монцамэ агентлагийн дотоод мэдээний албаны дарга Т.Наранмандухай, Говь-Алтай аймгийн “Алтайн мэдээ” сонины эрхлэгч Г.Заяа нар сонгогдон ажиллалаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын тайлан илтгэл, Ажлын албаны тайлан, Хяналтын зөвлөлийн тайланг тавьсан. МСНЭ-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж 11 хүн асуулт асууж, 28 хүн санал хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий дөрвөн төлөөлөгч дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхгүйгээр хуучин дүрмээ мөрдөж ажиллах горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцогч 232 төлөөлөгчийн 81 хүн горимын саналыг дэмжиж олонхийн санал авч чадаагүй учраас горимын санал унаж, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг цаашид хэлэлцсэн юм. Горимын саналыг дэмжээгүй төлөөлөгчид “Бид дөрвөн жилд ганцхан удаа хуралддаг. Хуучин дүрэм маань удирдлагын нэгдмэл байдлыг хангаж чадаагүй, санхүүжилтын байдал тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо сул зэрэг олон дутагдалтай тал бий. Тиймээс бид дүрмээ шинэчлэх нь зайлшгүй” гэсэн байр суурийг баримталж байсан. Энэ үеэр хуучин дүрмээ мөрдөх нь зөв, дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг их хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн төлөөлөгчид хурлыг орхиж гарсан. Үүний дараа тооллогын комисс зааланд үлдсэн төлөөлөгчдийг тоолоход 185 төлөөлөгч байв. Дүрмийн дагуу Их хурлыг цаашид үргэлжлүүлэн хурал хаяж гарсан болон үлдсэн бүх төлөөлөгчдийн хэлсэн саналыг зүйл заалт бүрээр хэлэлцэн дүрмийн өөрчлөлтөнд тусгаж, Их хурлаас МСНЭ-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа.
Үүний дараа хэлэлцэх асуудлын дараалал ёсоор МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж Ерөнхийлөгчид МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “ТВ-2” телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлсэн. Л.Нинжжамц, Ү.Хүрэлбаатар нар нэрээ татаж, Д.Энхтуяа, Х.Мандахбаяр, Д.Оюун-Эрдэнэ нар өрсөлдсөнөөс нууц санал хураалтаар Х.Мандахбаяр 87.5 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүнчлэн Их хурлаас МСНЭ-ийн Хяналтын зөвлөлд Б.Ганчимэг, Б.Цоожчулуунцэцэг, С.Алтанцэцэг, М.Эрдэнэчимэг, Д.Мягмартогтох, Б.Ариунзаяа, Ч.Чулуунцэцэг нар олонхийн санал аван сонгогдож, Б.Цоожчулуунцэцэг Хяналтын зөвлөлийн даргаар сонгогдлоо.
Үүний дараа Их хурлын төлөөлөгчид дүрмийн дагуу Мэргэжлийн төвүүдийн салбар хуралдаанд хуваагдан оролцож, төвүүдийн дарга болон тэргүүлэгч есөн хүнийг Бага хуралд сонгосон бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон зургаан хүн багтан Бага хурлын 61 хүнийг Их хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгон батласан. Ийнхүү МСНЭ-ийн Их хурал амжилттай өндөрлөлөө. Их хурлын дараа МСНЭ-ийн Бага хурал анхдугаар хуралдаанаа хийж 15 удирдах зөвлөлийн гишүүнээ сонгосон. МСНЭ-ийн шинээр баталсан дүрмийн дагуу Төсөл хөтөлбөр хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр ТВ2 телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг, Сургалт, судалгаа хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр МУБИС-ийн Нийгмийн Ухааны Сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар, Телевиз хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр МН25 телевизийн захирал, Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал А.Энхзул, Цахим сэтгүүлзүй хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр News агентлагийн /News.mn/ дэд захирал Д.Нарантуяа, Радио хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Г.Батзаяа, Сонин, сэтгүүл хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр “Өдрийн сонин”-ы Ерөнхий менежер Б.Нямдорж, Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр Орхон аймгийн салбар зөвлөлийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн телевиз радио хариуцсан редактор А.Батбаяр нар сонгогдлоо. Удирдах зөвлөлийн гишүүнд МУИС-ийн багш, МУСГЗ, Доктор М.Зулькафил, “Гранд” сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сэтгүүлч Д.Бямбацэцэг, Олон улсын радио 92.1 ФМ радиогийн захирал Р.Нямбаяр, Өмнөговь аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга С.Номинцэцэг нар сонгогдлоо. МСНЭ-ийн Удирдах Зөвлөлөөс сэтгүүлч Э.Болортулгыг Гүйцэтгэх Захирлаар томилсон юм.
МСНЭ-ийн Ажлын алба