Н.Энхбаяр: МАХН бол бүтэн нэртэй нам. Бүтэн нэртэй нам тодорхой үзэл баримтлалтай байдаг

2018 оны 02-р сарын 09 өдөр, 15 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6fdbdd0307393601a1ae6e9dc9b83262

МАХН-ын ээлжит II Их чуулган 1044 төлөөлөгчтэйгээр үргэлжилж байна. Чуулганы төлөөлөгчдөд амжилт хүсч, улс орны хөгжлийн төлөө хамтарч ажиллах илгээлтийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар ирүүллээ.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын  Монгол Улсын хөгжлийн гарц, өнгөрсөн, одоо ирээдүй сэдвээр тавьсан улс төрийн илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Шинэ Үндсэн хуулийн хувьсгал үндсэн сэдвээр илтгэл тавъя гэж бодлоо.  Бид түүхээ ярьж алдсан оносоноо цэгнэж, өнөөдрөө дүгнэж ирээдүйгээ төсөөлөх гэж бид цугларсан. Түүхээ ярихын тулд 1921 оны Ардын хувьсгалаас эхлэх ёстой. Жанжин Сүхбаатар, Маршал Чойбалсан нар эр зориг гаргаж  харийн түрэмгийлэгчдээс эх орныхоо тусгаар тогтнол алдагдсан байсныг сэргээн авахын төлөө Ардын хувьсгалыг хийсэн. Ардын хувьсгалаар хувьсгалт өөрчлөлтүүдийг эхлүүлсэн. Монгол Улсад анхдугаар Үндсэн хууль батлагдаж Бүгд найрамдах улсын тогтолцоо руу шилжлээ шүү гэдгийг дэлхий даяар зарлан тунхагласан. Ингэж хоцрогдсон байсан Монгол шинэ Үндсэн хуультай болсноор тэр үеийн хамгийн хөгжилтэй орнуудын тогтолцоо руу маш богино хугацаанд хувьсгалын аргаар шилжсэн юм. Энэ түүхийг та бидний өвөг дээдэс эр зориг гаргаж бүтээсэн. Тэднийхээ эр зоригийг бид өөрсдийнхөө эр зоригтой нэгтгэж өдөөж өнөөдрийн шинэ Үндсэн хуулийн хувьсгалыг хийх ёстой. Энэ хувьсгалт өөрчлөлтийн он жилүүдэд бид бичиг үсэгтэй болсон. Бид эрүүл саруул болсон. Тухайлбал, цагаан өвчин устсан гэдгийг намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад олон улсын эрүүл мэндийн байгууллага гэрчилж албан ёсоор хэлж байсныг эргэн дурсахад сайхан байна. Тэр үед өвөг дээдэс маань хөгжлийн тухай бодохдоо капитилист бус хөгжлийн замыг сонгоё гэсэн онолыг гаргаж ирж байсан. Капитилист бус хөгжлийн замыг сонгоход заавал бүх алдаа дутагдлыг туулж зовж зүдэрч ямар нэг амжилтад хүрэхгүйгээр ялангуяа нэг үндэстэн дэвшилтэд орнуудын туслалцаа дэмжлэгтэйгээр  хөгжих юм. Тэр үед бид түншээрээ ЗХУ-ыг сонгосон. Сүхбаатар жанжин хэлсэн байдаг. Гадаад гол хүчин зүйл нөхцөл маань ЗХУ-ын туслалцаа дэмжлэг, дотоод гол хүчин зүйл нөхцөл маань Монголын ард түмэн гэсэн. ЗХУ-аас бид их хэмжээний зээл буцалтгүй тусламж тусламж авч тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө юуны түрүүнд тэмцсэн. Хувьсгалт өөрчлөлтүүдийн дараа тусгаар тогтнолоо бэхжүүлэх их үйл хэрэг өрнөсөн. Энэ үйл хэрэг өрнөлийн үед бид Халхын голын байлдаанд ЗХУ-ын улаан армитай хамтран тэмцэж ялалт байгуулсан. Бид дэлхийн II дайнд өөрсдийн хөрөнгөөр ард  иргэд маань хонь малаараа ард түмэн маань сэтгэлээрээ фашизмыг ялахын төлөө тэмцсэн. Чөлөөлөх дайнд оролцсон. 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн тулд ард нийтийн санал асуулга явуулж санал асуулгад оролцсон нийт иргэдийн 100 хувь нь Монгол Улс тусгаар тогтносон улс мөн гэсэн дүнг тавьсан юм. Ингэж бид ард нийтийнхээ нэг санаа зорилгоор тусгаар тогтнолоо шийдэж чадсан юм. Ард нийтийн санал асуулгын дүнг ярьж байгаатай холбогдуулж та бидний төрийн сүлдэнд байгаа Соёмбын талаар ярихаас аргагүй. Соёмбо гэдэг энэ сайхан бэлгэдлийн цаана өөр өөрийнхөө хүслээр бий болох асар их ухаан нуугдаж байгаа. Монголчууд өөр өөрийнхөө хүсэл ухаанаар л бүхнийг бий болгосон. Монголын ард түмэн өөрийнхөө хүслээр улс орноо удирдах ёстой. Үүнд ямар ч албан тушаалтан, байгууллага саад болж болохгүй. Гадаадын ямар ч байгууллага улс орон саад болж чадахгүй гэдгийг 1945 оны ард нийтийн санал асуулга бидэнд харуулсан. Ард нийтийн санал асуулгын хуудас дээр та бидний өвөг дээдэс хурууныхаа хээг хүртэл дарж Монгол хүн, Монгол Улс тусгаар тогтнох ёстой гэж баталгаажуулсан байна. Тусгаар тогтнолыг буцаан сэргээсэн ахмадууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Гэхдээ энэ тэмцэл цаг хугацаа эзэлсэн. Хэдийгээр бид Монгол Улс тусгаар тогтносон гэсэн ард нийтийн санал асуулгад саналаа өгсөн ч хүлээн зөвшөөрөгдөх үйл явц удаан өрнөсөн. 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж дэлхий даяараа Монгол Улсыг туурга тусгаар улс орон мөн гэж хүлээн зөвшөөрч НҮБ-ын дэргэд Монголын төрийн далбаа мандсан юм. Ингэж хувьсгалаа хийж тусгаар тогтнолоо сэргээж өнгөрсөн түүхийн гуравдагуур үе эхэлсэн. Одоо их бүтээн байгуулалтыг өрнүүлж Улаанбаатар, Эрдэнэтийн уулын баяжуулах, Дархан хот гээд улс даяар их бүтээн байгуулалт өрнөсөн. Ю.Цэдэнбал дарга Эрдэнэт үйлдвэрийн нээлт дээр тууз хайчилсан зураг бий.Ийм бүтээн байгуулалтын он жилүүдэд бүхэл бүтэн ажилчин анги бий болсон. Боловсрол шинэ түвшинд гарч багш мэргэжил үнэлэгддэг болсон. Эрүүл мэндийн шинэ тогтолцоо бий болж эмч хамгийн хүндтэй мэргэжил болсон. Үндэсний сэхээтнүүд шинжлэх ухааныг хөгжүүлж, соёл урлагийн суут бүтээлүүдийг туурвиж чадсан. Үүний нэг жишээ бол Нацагдорж зохиолч “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж хэлсэн байдаг. Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон гэсэн суут бүтээлүүд гарсан. Үүнийг манай өвөг дээдэс маань бүтээжээ. Бүтээн байгуулалтын он жилүүдэд бүхэл бүтэн шинжлэх ухаан бий болсон. Би аз болж Ширэндэв академийн дэргэд сууж үгийг нь сонсч байснаараа бахархдаг. Энэ бүтээн байгуулалтын он жилүүдэд өнөөдөр та бидний дунд сууж буй Хөдөлмөрийн баатрууд олон төрсөн. Намхайнямбуу баатартай УИХ-ын гишүүнээр хамт сонгогдож ажиллаж байлаа. Баатрынхаа үг, санаа бодлыг нь сонсч байснаараа бахархдаг.Энэ сайхан завшааныг ашиглаж баатрууддаа дахин чин сэтгэлийн баяр хүргэж талархал илэрхийлье.

Энэ бүтээн байгуулалтыг хийхэд ЗХУ-аас их хэмжээний тусламж авсан. 2000 оны эхээр 11.7 мянган ам.долларын өртэй гэж бичигдсэн байсан. ОХУ-ын удирдлагатай ярьж зөвлөлдөж, гуйж, ойлгуулж ахан дүүгийн барилдлагаа санаж их өрийг тэглэх асуудлыг амжилттай шийдэж чадсан. Их өрийн 98 хувийг тэглэж Монголын талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Ийм сайхан өгөөмөр сэтгэлийг Оросын ард түмэн, тус улсын удирдлага гаргасан. Энд Путин ерөнхийлөгч идэвхитэй оролцсон. Хэдхэн минутын өнгөрсөн үеийн олон жилийн түүхийг харуулж томоохон үйл явдалтай холбогдуулж ярилаа. Улс эх орныхоо хөгжил зөв зүйлийн төлөө хамтран ажиллахыг бусад намуудад хандаж хэлмээр байна.

Үзэл баримтлалгүй намууд хамтрахаар МАНАН үүсдэг. МАНАН яадаг вэ. МАНАН Оюутолгойн гэрээг ашиггүй байхаар байгуулж, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг хийдэг. Одоог хүртэл МАНАН бүлэглэл Эрдэнэтийн 49 хувийг эргүүлж авах гээд монгол улсаа олон улсын шүүхэд өгчихсөн зүтгээд явж байна. 51 хувийг нь бас л тавьж туух шахаад банкны барьцаанд үлдээгээд бултах гэж оролдоод баригдчихсан байна. Та биднийг унтаж байх хооронд, та биднийг айж байх хооронд эсхүл та биднийг баривчилж, шоронд хийж байхдаа МАНАН-ынхан ийм ажлыг амжуулжээ. Гэхдээ бид үүнийг засна. Засахын тулд өнөөдөр энд цуглараад байна.

МАНАН-ын үед хараат шүүх бий болсон. МАНАН-ын үед их хэмжээний өр бий шинээр үүссэн. 11 тэрбум ам.долларын их өрийг тэглээд, одоо л нэг өргүй боллоо гэж бодож байтал МАНАН-ынхан гарч ирээд бидний өрийг нэмсэн. Өнөөдрийн байдлаар өлгийтэй хүүхдээс өндөр настан хүн хүртэл гурван сая монголчууд хүн бүр 20 сая төгрөгийн өртэй болсон байна. Өртэй бол өөдлөхгүй гэдэг үгийг өвөг дээдэс маань хэлдэг байсан. Тиймээс бид энэ их өрнөөс салахын тулд, нэмж өр тавиулахгүйн тулд МАНАН-д боломж олгохгүй байх ёстой. Үүнийг бүгдээрээ, ард түмнээрээ шийдэх ёстой. МАНАН 24 тэрбум ам.долларын өр тавиад өнгөрсөн хугацаанд улсдаа юу хийж бүтээв. Яг үнэндээ юу ч хийж гавьсангүй. Гэтэл 11.7 тэрбум ам.долларын өрийг ЗХУ-аас зээлсэн өнгөрсөн үеийн хөдөлмөрийн баатрууд, тухайн үеийн төр засгийн удирдлагууд юу хийв. Монгол орны өнөөгийн нүүр царай болж байгаа үйлдвэрүүдийг барьж байгуулсан байна. Төмөр зам, цахилгаан станцууд, эмнэлэг, сургуулиудыг барилаа. Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан байна. Энэ бол мөнгийг зөв зүйтэй ашиглаж, зарцуулах юм бол улс орон богино хугацаанд хөгжиж болдгийн тод жишээ. Монголд өнөөдөр ядуурал ажилгүйдэл хамгийн том асуудал болсон байна. Ихэнх нь ядуу, үлдсэн нь түүнээс арай дээр амьдарч байна. Чинээлэг, баян дундаж давхарга гэж бараг алга.МАНАН бий болсон энэ цаг үед хээл хахууль, хүнд суртал хэрээс хэтэрлээ. Ийм байдлаар Монгол улс цаашид хөгжихгүй. Албан тушаалтнуудын нэг гарт бичиг, лиценз, зөвшөөрөл, нөгөө гарт нь багц, багц мөнгө атгаастай байна. Ийм байдлаар явах юм бол та бид улам ядуурч цөөхөн хэдэн хүн хагартлаа баяжна. Үүнийг засаж залруулах цаг нь болсон. Яаж засах юм. Юуны түрүүнд намууд өөрийн тодорхой үзэл санаа, үнэт зүйлтэй болох ёстой. Үзэл баримтлал, үнэт зүйлтэй болно гэдэг нь өөрөө муу зүйл хийхгүй, алдаа гаргахгүй, мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан улс орноо хөгжүүлэх замаа төлөвлөхийн нэр юм.Бид үзэл баримтлал, үнэт зүйлтэй болохын төлөө зүтгэсэн. Ингэж зүтгэсэн хэдий ч МАНАН биднийг сонгуульд луйвардчихсан. Гэхдээ бид сэтгэл санаагаар унаагүй. МАХН-ын нийт гишүүддээ, биднийг дэмжсэн нийт иргэддээ, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатартаа баярлалаа гэдгээ энэ ташрамд хэлмээр байна.

МАХН бол үзэл баримтлалтай нам. Бид социал демократ үзэл баримтлалтай нам. Социал демократ үзэл баримтлалын олон улсын бэлгэ тэмдэг бол ажилчин ангийн гарт атгаастай сарнай байдаг. Социал демократ үзэл баримтлалыг зүүн төвийн үзэл баримтлал ч гэдэг. МАХН өмнө нь зүүн төвийн үзэл баримтлалтай нам байсан. Энэ утгаараа зүүний үзэл баримтлалаа, уламжлалаа хадгалан авч үлдсэн. Уламжлалтайгаа хамт “Хувьсгалт” гэдэг үгээ нэрэндээ авч үлдсэн. Тиймээс МАХН бол бүтэн нэртэй нам юм. Бүтэн нэртэй нам тодорхой үзэл баримтлалтай байдаг. Тодорхой үзэл баримтлалтай нам бол улс орныг хөгжүүлэх зөв бодолтой нам байдаг.

Хувьсгалт гэж ер нь юу гэсэн үг юм бэ. Хувьсгалт гэдэг нь богино хугацаанд, эрч хүчтэйгээр хөгжинө гэсэн үг. Хувьсгалт гэж бусдаас шалтгаалахгүйгээр өөрөө өөрөө хувь заяандаа эзэн болохын нэр. Хувьсгалт гэж зоригтой байх, ирээдүй рүүгээ тэмүүлэхийн нэр. Монголд хувьсгалт нам хэрэгтэй, хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй гэж бид өнөөдөр ард түмэндээ хэлж байна. Одоо монголд дахин хувьсгал хийх цаг нь ирсэн байна. Гэхдээ хувьсгал хийхдээ Үндсэн хуулийн хувьсгал хийцгээе. Үүнийг бид сүүлийн үед их ярьж байгаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг харчхаад бидний ярьж байгаа зүйл зөв юм байна гэдгийг улам хүчтэйгээр ойлгосон. МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар өнгөрсөн удаад ялалт байгуулсан.Сонгогчид өөр болсон байна. Тэд мөнгөнд хууртахаа больсон байна. Сонгогчид маань өөрсдийнхөө эрх ашгийг мэддэг, үр хүүхдээ боддог болсон байна. Ард түмэн өнөөдөр сайн намыг хүсэж байна. Муу намаас салахын түүс болж байна.Тийм учраас та бид муу нам биш сайн нам болох ёстой. Сайн нам болж ард түмнийхээ дэмжлэгийг 2017 оны сонгуулиар авсан. Одоо дараагийн сонгуулиар бүр ихээр авч, зүйтэй бодлогоо баталж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, монгол хүн монгол эх орондоо хүн болж төрснөөрөө бахархдаг, монгол хүн болж төрснөөрөө ядуу амьдардаг бус боловсролтой, эрүүл саруул амьдардаг тэр харилцааг сэргээхийн төлөө хамтдаа зүтгэе. Гэхдээ бид сайн зорилгодоо сайн аргаар л хүрнэ. МАХН-ын түүхэнд хэлмэгдүүлэлтийн он жилүүд байдаг. Энэ бол өвөг дээдсийн маань алдаа. Тэд сайн зорилгод муу аргаар хүрэх гэж эсхүл сайн зорилгод ямар ч аргаар хүрсэн яадаг юм гэж бодсоноос үүдэн ийм алдаа гаргасан. Тэгвэл бид сайн зорилгодоо зөвхөн сайн аргаар, сайн бодлоор, сайн сэтгэлээр хүрэх ёстой.

Зүүний үзэл баримтлалтай МАХН ямар бодлогыг ард түмэндээ дэвшүүлэн тавьж байна вэ гэж асуух нь зүйн хэрэг. Тэгвэл бид Шинэ дээд үндсэн хууль бол Монголын тулгамдсан асуудлаас гарах хамгийн зөв хувьсгалт арга гэж үзэж байна.

Шинэ дээд үндсэн хуулийн гол утга агуулга бол монгол хүн төр засгийн хамгаалалтад байна, монгол хүн монголын хамгийн том баялаг байна гэсэн зарчим юм. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ. Ард түмэнд төр засгийн эрхийг бүрэн шилжүүлэх ёстой. Төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж нь ард түмэн мөн. Ард түмэн анхдагч, төр засаг хоёрдогч. Төрийн сүлд өршөө гэдэг үгийг түмний заяа түшиг гэдэг үгээр бүгдээрээ сольцгооё. Монгол улсын эзэд Монголын ард түмэн. Монголын ард түмэн Монголын хаан. Үүнийг би өнөөдөр зоригтойгоор зарлаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх