Олон улсын Арбитрын шүүхээр Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг “Жаст” групп барьцаалж Англи, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нийт 51 сая ам.долларын зээл авсныг хэлэлцжээ. Шүүх хурлаар “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэр уг төлбөрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. Тэрээр “Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй. Маргаан бол зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банк хоёрын асуудал. Тэр баталгаа гаргасан гэдэг асуудалд 2013 оны үед эрүүгийн хэрэг үүссэн, АТГ-т шалгагдаж байгаа.Шүүхийн шийдвэрийг нь биелүүлээгүйтэй холбоотой алданги, хүү тооцсон байдаг. Яг тэр битүүмжилсэн гэдэг нь худлаа. Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн ч олигтой юм болоогүй шинжтэй. Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн яригдаад байгаа зүйл нь алданги, хүү, торгууль гэсэн юмнууд. Тэрэн дээр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн “Стандарт” банктай ярих бололцоо байгаа. Үүнд нууцалсан зүйл байхгүй. Байнга л ярьж, Ардчилсан намынхан улс төржүүлээд байгаа юм билээ” гэв.