Хүнсэнд хэрэглэх шаардлага хангаагүй шингэн сүү, “Гандан”-ийн гэх амтгүй хэвийн боов худалдаж авах хэрэггүй

2018 оны 01-р сарын 31 өдөр, 18 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27497422_1292787757519386_37052751_n

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэвлэлийн хурал зарлаж, энэ сарын 16-наас эхлэн 9 дүүргийн худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, нийтийн хоолны газруудад шалгалт хийэн дүнгээ сэтгүүлчдэд мэдээлэв.

Шалгалтад 138 аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч 239 иргэн хамрагджээ. Нийт 328 зөрчил илрүүлж, 204 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
“Жигд хүч”, “ОАСИ”, “Баян тэнгис”, “Дархан хан хоршоо” ХХК,  6 аж ахуйн нэгж, Хувиараа бизнес эрхлэгч Н.Ганболд, А.Өлзийбаяр, А.Ариунбаяр нарын 14 иргэнд  7 сая 600 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Хяналт шалгалтын үеэр хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй, дотоодын хяналт муу, үйлдвэрлэлийн технологийн горимд хяналт тавьдаггүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн нь хадгалалт, шошгын стандартын шаардлага хангаагүй, тээвэрлэлтийн горим алдагдсан, худалдаа үйлчилгээ эрхэлж буй  ажилтнууд  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамраагүй зөрчил нийтлэг байв.
Хяналтын байцаагч Ц.Булган  ярихдаа “Жил бүр нийтийг хамарсан томоохон баяр наадмын өмнө ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалт явуулдаг.Энэ жилийн сар шинийн баярын өмнөх шалгалтаас харахад зөрчил харьцангүй буурсан” гэдгийг онцлов.
Түүнчлэн тус газрын Экспорт,импортын хяналтын хэлтсээс хотын хэмжээнд хяналт шалгалт явуулахад энэ сарын 30-ны өдрийн байдлаар 576 аж ахуйн нэгжийн 19.600 тонн бараа бүтээгдэхүүнээс цөөнгүй  зөрчил  илрүүлснийг дурдав. Байцаагч Д.Цэнд-Аюушийн ярьснаар ХХААХҮЯ,  Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Хүнсчдийн холбоотой хамтарч нийслэлийн  нутаг дэвсгэрт худалдаалж буй шингэн сүүний чанар аюулгүй байдалд  шалгалт хийжээ. 17 цэгээс авсан 16 дээжийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  төв лабораторид шинжлэхэд  5 нь  шаардлага хангасангүй. Цагаан сар ойртсон өдрүүдэд  “Гандан”-гийн шар тостой боов хэмээн хуурамч  шошго нааж  амт чанар муутай боов зарж байгааг илрүүлсэн. Тиймээс худалдаа хийхдээ анхааралтай хандахыг иргэдэд сэрэмжлүүлэв.
Улсын ахлах байцаагч О.Нямдаваа “Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр хийсэн лабораторийн  шинжилгээгээр импортоор орж ирдэг хар чавганаас  хортон шавьж илэрсэн, шаардлага хангаагүй 7 кг хар чавгыг хурааж устгасан. Мөн гэрийн нөхцөлд хийсэн бүтээгдэхүүнийг  “Urbanik”, “Bagro” брэндийн  шошготой саванд  хийгээд  зарж байсан”-ыг шалгалтаар илрүүлснийг онцлов.  Хуурамч шошго, тодорхойгүй хаяг  наасан бүтээгдэхүүн, хүнсний зүйл болон ил задгай сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн газраас  анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх