Завхан аймагт улсын нөөцөөс 850 тонн өвсийг үнэгүй, 1150 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр олголоо

2018 оны 01-р сарын 31 өдөр, 14 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27606049_1911980662164126_44740647_o-702x336

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Завхан аймгийн  Тосонцэнгэл суманд аймагт ажиллаж байна. Тосонцэнгэл сумын онцгой комиссыг хуралдуулж, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд өвөлжилтийн нөхцөл байдлын тухай танилцуулгыг хийлээ. Тус хуралд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар оролцсон.

Завхан аймгийн хувьд 2018 оны 01 дүгээр сард хүйтний эрч эрс чангарч, Тосонцэнгэл, Их-уул Тэлмэн, Отгон, Сонгино, Баянтэс, Тэс,  Цэцэн-Уул сумдын нутгаар 45-53 градус хүрч хүйтэрсэн байна.  

Түүнчлэн 2017 оны 10 сарын 01-нээс 1 сарын 30-ыг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд нийт 17-52 удаагийн их бага хэмжээний хур тунадас орсон. 10 дугаар сард олон жилийн дунджаас бага, 11, 12-р сар, 2018 оны 01 дүгээр сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж бүх нутгаар цасан бүрхүүл тогтож цасны дундаж зузаан 5-30 см хүрээд  байгаа аж.

Гантай байсан газруудад мал бэлчээрлэх боломжгүй болж, тарга тэвээргээ огцом алдаж, өвс тэжээлийн дутагдалд орж  малын хорогдол ихэссэн байна.

Мөн орон нутгийн Цэцэн-Уул Марз, Тэлмэн Хасгай, Баянхайрхан Төөнт, Минж, Баянтэс Улаан үзүүр, Элс даваа, Хужир дөрөлж, Тэс Зээрэн даваанууд хаагдсан.  Явган шуурга байнга болж байгаагаас орон нутгийн зарим замууд хаагдаж малчдад төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүссэн байна.

Өдрийн цагаар уур манан үүсч үзэгдэх орчин хязгаарлагдсанаас иргэд төөрөх, цасанд суух, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн түлш царцаж тусламж хүссэн дуудлагын тоо эрс ихсэж Онцгой байдлын газрын ачаалал нэмэгджээ. Эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл гарч, цахилгааны хязгаарлалтанд орсон, халаалт дулаанд түлш нүүрсний зарцуулалт нэмэгдсэн бол Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, сумдын Эрүүл мэнд, ЗДТГ-ын автомашинуудад эвдрэл гэмтэл гарч, шатахууны зарцуулалт хоёр дахин ихэсчээ.

2018 оны 02 дугаар сард нутгийн хойд, зүүн хойд, зүүн хэсгээр ахиу тунадас орох, нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа талаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд танилцууллаа.

Завхан аймгийн хэмжээнд 232 өрхийн 740 хүн отор нүүдлээр яваа бөгөөд 0-5 насны хүүхэд- 89, жирэмсэн эх- 1, ахмад настан- 17, хөгжлийн бэрхшээлтэй- 11 иргэн байгаа аж.

Аймгийн хэмжээгээр 24 сумын 115 багт 9100 малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж байгаа бол Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Баянтэс, Асгат, Ургамал, Түдэвтэй сумдын 115 өрхийн  249 хүн, 71,7 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын  17 сумын нутагт  отроор өвөлжиж байна.

Аймгийн аюулгүйн нөөц болон аймгаас тендэр зарлан бэлтгэсэн 178,5 тн өвс, 437,5 тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгож өнөөдрийн байдлаар  27,5 тн тэжээл үлдсэн байна.

Цагаан зудтай 8 сум, цагаан зудархуу 7 суманд өвс-138,5 тн, тэжээл 302.5 тн хуваарилан олгосны зэрэгцээ өвөлжилт хүндэрч болзошгүй  7  сум 1 аж ахуйн нэгжид   өвс 40 тн, тэжээл 135.5 тн хуваарилан олгожээ.

Аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр тус аймагт ажиллаж буй  Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг, УИХ-ын гишүүдээс аймаг, орон нутгийн удирдлага, иргэд тодорхой асуулт асууж, орон нутгийн удирдлагын зүгээс хэд, хэдэн санал хүсэлтийг тавилаа.

Тухайлбал, аймаг дахь улсын нөөцийн цэг салбаруудад өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, малчдад өвс 400 тн, тэжээл 400 тн-ыг хөнгөлөлттэй нөхцөлөөр нэмж олгуулах, малчдад хуваарилсан өвс, тэжээлийг хүргэж өгөх болон өвөлжилтийн бусад хэрэгцээнд шаардлагатай 60 тн шатахууныг улсын нөөцөөс олгох, Тэлмэн, Цагаанхайрхан суманд 2017 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд гарсан зардлыг шийдвэрлэх, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалт бүхий мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх, АЗЗА-ТӨХК-ийн 2017, 2018 онуудад ашигласан машин,  механизмуудын түрээсийн  зардал 40.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэх зэрэг хүсэлтийг тавив.Түүнчлэн аймгийн мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх асуудлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле газар дээр нь шийдвэрлэлээ.

Мөн өвөлжилтийн хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүл мэндийн яамнаас Яруу, Дөрвөлжин сумдын Эрүүл мэндийн төв, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашиныг ханган шийдвэрлэснээ хүлээлгэн өглөө.

Тус аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан зэрэг аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Завхан  аймагт улсын нөөцөөс 850 тонн өвсийг үнэгүйгээр, 1150 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор Улсын Онцгой комиссын шуурхай бүлгээс шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө.

Аймгийн Онцгой комиссын хурлын төгсгөлд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин,

-Засгийн газраас олгосон өвс, тэжээлийг хавтгайд нь тэгшитгэхгүйгээр, өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгох,

-Мэргэжлийн байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулах, мэдээ мэдээллийг түргэн шуурхай, тогтмол солилцоход анхаарч ажиллах,

-Оторт яваа малчидтайгаа байнгын холбоо тогтоож,  мэдээ мэдээллээр хангах, тэр дундаа нярай болон 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг онцгой анхаарч, эмнэлгийн үйлчилгээ хүргэх

-Отроор яваа малчдаас малын хөлийн татвар, хураамж авч байгааг тухайн орон нутгийн удирдлагатай сайтар ярьж, тохиролцож харилцан ашигтайгаар шийдвэрлэх

-Отроор нүүдэллэж яваа малчдыг аль аймаг, сумынх гэдгээс үл хамааран хүнс тэжээл, шаардлагатай эм, түлш, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах,

-Малын гоц халдварт мялзан, шүлхий өвчин халдварлах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн, амьтан, техникийн шилжилт хөдөлгөөнийг хянах, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ малыг вакцинжуулахдаа вакцины чанарт анхаарах зэрэг үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013