Монголчуудын их нүүдэл Гуулин улсыг чиглэж буй. Ингэж хэлэхийн учир нь хөгшин залуугүй Солонгост очвол ажил гэдгийг маналзуулаад мөнгө гэдгийг шуудайлаад ирнэ гэж боддог хүн дэндүү олширсонтой холбоотой. Солонгосын Элчин сайдын яам монголчуудын визний мэдүүлэгт дарагдсан. Тэр улсын жуулчны виз даруулчихвал насаараа тэнд байх юм шиг хөл хөөрцөг болон хөл газар хүрэхгүй баярлана. Ердөө 90 хоног тэнд байхыг зөвшөөрч байхад шүү дээ. Солонгосыг зорин тэмүүлэгчид тэнд очоод юуных нь юм үзэж нүд тайлж жуулчлах вэ, ажил хийгээд мөнгө олно гэсэн бодолтой зүтгэж байгааг солонгосууд мэдэхийн цаагуур мэднэ. Тэгсэн атлаа мэдээгүй дүр эсгэнэ. Солонгост гурван жил ажиллаж байгаа хижээл эр Сөүлд ч хөл тавьж үзээгүй гэж ярьсан. Инчоноос ажилладаг газрынхан нь тосч аваад давхичихна,буцахад нь онгоцонд нь суулгаад өгчихнө. Юун яасан Сөүлээр зугаалах. Түүнд мөнгө хэрэгтэй. Олон удаа явсаар виз энэ тэр ч асуудалгүй болжээ. Түүнд Гуулин улсад хараар үлдэх, гэмт хэрэгт холбогдох, эмигрейшнд хөөгдөх баригдах зовлон тохиолдохгүй. Солонгос явах хүсэлтэй хүн бүр үүнийг хүсч байгаа. Харин шинэ оны өмнөхөн нэгэн баярт мэдээ дуулдсан. БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Хууль зүйн яам хамтран визний асуудлаар тодорхой ажил зохион байгуулж эхэлжээ.
90 хоног хүртэлх хугацаатайгаар тус улс руу зорчих гэж байгаа иргэдээс ямар ч визний хураамж авахгүй, бас урилга, барьцаа хөрөнгө гэж байршуулахгүй болж байгаа юм байна. Гэхдээ энэ ажлыг туршилтын хугацаанд зохион байгуулж байгаа. Хэрэв энэ хугацаанд Солонгост очсон монголчуудын холбогдох гэмт хэргийн тоо буурвал тэр чигт нь ажил хэрэг болгон өргөжүүлэх ажээ.
БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн материал төлөөлөн хүлээж авах төвийн тэргүүн Д.Лхагваагийн ярьснаар, визний хөнгөлөлтөд 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн хамрагдаж болно. Өөрөөр хэлбэл энэ ажлыг иргэдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс хийж байгаа учраас тухайн виз мэдүүлэх гэж байгаа хүн нийгмийн даатгалын сүүлийн зургаан сарын хуулбарыг гэрлэлтийн лавлагаатайгаа авч ирээд виз хүсч болно. Мөн бизнесменүүд, хувиаараа хөдөлмөр эрхлэгчид үүнд хамрагдана. Сүүлийн гурван сарын дотор 500 мянган төгрөгнөөс дээш татвар төлсөн бол татварын хуулгатайгаа, гэрлэлтийн лавлагаатайгаа ирээд виз мэдүүлнэ.
Ах дүү, аав ээж, хадам гээд хамаатан садных нь хэн нэг нь Солонгос улсын байнгын визтэй эсвэл ирж очих визтэй бол тэр хүнийхээ визний хуулбарыг өөрийхөө паспорттой авч ирээд л виз хүсч болно. Энэ дээр нэмэгдэх нэг зүйл гэвэл мэдээж бүгдэн дээр нь анкет бичиж зургаа наана.Тэгээд л боллоо. Үлгэр шиг сонин сонсдож байж мэднэ. Гэхдээ энэ үнэн аж. Үүнтэй холбоотойгоор материал бүрдүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн аж. Өнгөрсөн оны гуравдугаар сард 1500 гаруй хүн виз хүсч байсан бол энэ журам мөрдөгдсөнөөс хойш өмнөхөөс хоёр дахин олон хүн виз мэдүүлжээ.Түүнээс гадна визний асуудлыг зөөлрүүлсэн чихэнд чимэгтэй мэдээ бас байна. Тодруулбал,сүүлийн хоёр жилд БНСУ-д зорчсон хүмүүс визгүй зорчиж байгаа аж. Солонгосын талаас визний талаар аятай шийдвэр гаргаж байгаа нь манайхныг очоод хууль зөрчих нь үү, харлах нь уу, элдэв хэрэгт орооцолдох нь уу,хуулийн дагуу тохитой томоотой байж чадах нь уу гэдгийг ажиглаж байгаа хэрэг болов уу. Тэгэхээр хүний нутаг гүний газарт усыг уувал ёсыг дагаж яваад хэдэн “бор юм” өвөртлөөд ирвэл юутай сайн билээ. Түүнээс гадна 3 сараас арай удаан хугацаагаар Солонгос улс руу зорчъё гэвэл арай өөр шалгууртай. Суралцах юм уу гэрээт ажилчид олноор явж байгаа. Эмчлүүлэхээр яваад байнгын хяналтад байх шаардлагатай хүмүүст эмнэлгийн магадлагаагаар тэр хугацаанд түр оршин суух үнэмлэх олгоно. Энэ бол хууль битгий зөрч, хараар битгий оршин суу, хууль журам зөрчихгүйгээр нааш цааш чөлөөтэй зорч гэсэн боломж өгч байгаа нь тэр. Тиймээс боломжийг буруу ашиглах хэрэгүй. Хуучнаар бол ажилгүй хүнд виз олгодоггүй байсан. Одоо бол чөлөөтэй болсон байна. Түүнчлэн удаан хугацаагаар Солонгос явбал дандаа виз авахгүй. 90 оноос хойш нийтдээ Солонгос руу таван удаа ирж оччихсон хүн байвал хугацаа харгалзахгүйгээр виз хүсэх боломжтой. Ерөөсөө тав удаа явчихсан бол тэрийгээ канондоод гэрлэлтийнхээ лавлагаатай ирнэ гэсэн үг. Жил дотроо долоо хоног ч байна уу, сар байна уу жил дотроо Солонгос руу хоёр, гурав явчихвал гурван жилийн виз олгох чөлөөтэй. Хэрвээ 90 хоногийн визтэй Солонгос руу явчихаад сар дотроо хүрээд ирвэл дараагийн визийг ямар ч асуудалгүй гаргана. Харин хугацаагаа бараг гүйцээчихээд ирвэл энэ хүн амраагүй, ажилласан байх магадлалтай гээд тэр хүний талаар илүү судлах гээд байдаг тал байдаг аж.
худал хулжаачууд
Би явж үзэгүй анх удаа яаж яавхуу надай туслаж
заавал гэрлэсэн байх естой юм бол уу. Гэрлээгүй байж блх уу, хариу