Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Илрүүлэлт-оргодол” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Уг ажлын хүрээнд нийслэлд өдөр болон шөнийн цагаар өндөр настан, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд болон архи уусны улмаас биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг айлган сүрдүүлж, хуурч мэхэлж, зодож эд зүйлийг нь дээрэмддэг Б,У нарын хоёр бүлэг, есөн этгээдийг баривчилсан байна.
Гэмт этгээдүүд 2018 оны нэгдүгээр сар гарснаас хойш нийт 32 удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байна. Тэдний хоёр нь гэмт хэрэг үйлдэх явцдаа сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ. 2017 онд улсын хэмжээнд 1126 дээрэмдэх гэмт хэрэг гарсны 96 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, гэрэлтүүлэг, камертай газар сонгон явж, бага насны хүүхдэдээ хараа хяналт тавихыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.