Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, Хүний гавъяат эмч Д.Нацагдоржтой ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх чиглэлд төр засгаас анхаарлаа хандуулж, олон улсын хурал чуулганыг хийлээ. Та уламжлалт анагаах ухааны салбарт манлайлан ажиллаж байгаа хүний хувьд уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна?
-Би 1975 оноос хойш Монголын уламжлалт анагаах ухааныг агуу оточ маарамбуудыг байх үеэс судалсан. Хамт олонтойгоо 30-аад жил, өөрийнхөө сурсанаас хойш гэж үзвэл 40 гаран жил уламжлалт анагаах ухааныг судалж, Монголдоо төдийгүй дэлхийд таниулж, сурсан мэдлэгээ хойч үедээ үлдээж явна. Бидний хийсэн ажил үйлс уламжлалт анагаах ухааны хөгжилд их нэмэр болсон. Одоо төр засгаас уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлд ярьж, хурал зөвлөгөөн хийж байгаад талархаж байна. Саяхан болсон Уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар их хуралд энэ салбарын эрдэмтэн мэргэд, эмч нар ярилцаж, төр засагт зөвлөмж хүргүүлсэн. Үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Мөн энэ хурлын дараахан Энэтхэгийн Элчин сайдын яамнаас “Аюурведийн өдөр”-ийг тэмдэглэж, Монгол Энэтхэгийн уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар хурал зохион байгуулсан. Энэ хурлын үеэр Энэтхэгийн Элчин сайд Суреш Бабу Монгол улстай хамтарч ажиллах боломж нөхцлийн талаар ярьсан. 2015 онд Монгол Энэтхэгийн Засгийн газар хооронд уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Тэр үед би Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн дарга байсан, энэ гэрээнд саналаа тавьж ажилласан. Гэрээнд Монголын уламжлалт анагаах ухааны болон Аюурведийн анагаах ухааны эмч нарын мэргэжлийн дипломыг хоёр улсын хооронд хүлээн зөвшөөрөх асуудлыг тавьсан. Энэ нь ажил хэрэг болно гэдэгт итгэж байгаа. Монголчууд бид уламжлалт анагаах ухаанаа Аюурведийн анагаах ухаантай нас чацуу хөгжүүлж байсан улс үндэстэн. Даанч бид буруу үзэл суртлын гайгаар олон жил хөгжлийг нь зогсоож хэлмэгдүүлсэн. Тиймээс энэ алдаагаа маш хурдан засч залруулж, дэлхийтэй хөл нийлүүлэх нь монголчуудын эрхэм зорилго болоод байна. Үүн дээр төр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
-Уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар хурал дээр Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгох талаар түлхүү ярьсан. Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгон хөгжүүлэхэд юу хийх шаардлагатай вэ?
-Би Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгон хөгжүүлэх хэрэгтэй гэж 20 жилийн өмнө ярьж, бичиж байсан хүн. Үүнийг дэлхийн брэнд болгоё гэвэл эхлээд эх орондоо брэнд болгох ёстой. Үүн дээр монголчууд бид нийлж нэгдэх хэрэгтэй. Дотооддоо брэнд болж байж дэлхийд гарах зам нь нээгдэнэ. Түүнээс биш монголчууддаа уламжлалт анагаах ухааныг ойлгуулж, нийтээрээ хэрэглэдэг болоогүй цагт дэлхийд гарна гэдэг их хүч, цаг хугацаа шаардагдана. Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийд гарна гэдэгт итгэлтэй байдаг. Яагаад гэвэл манай Манба Дацан эмнэлэгт гадаад, дотоодын маш олон хүнийг эмчилж, эдгээсэн дадлага туршлага, олон жилийн хөдөлмөрийн үр дүнд уламжлалт анагаах ухаан аль ч улс үндэстний өвчин эмгэгийг ямар ч цагт эдгээж болдог гэдгийг баталж, үр дүнг нь харуулчихсан амжилт бидэнд бий. Тиймээс хэзээ нэг өдөр Монгол эмч нар дэлхийд гарна, уламжлалт анагаах ухаан дэлхийн брэнд болно гэдэгт цаг үргэлжид итгэж, мэргэжлийн өндөр түвшинд маш хариуцлагатай ажиллаж зүтгэж байна.
-Монгол эмч нар дэлхийд гарна гэж та хэллээ. Одоогийн байдлаар манай улсын нийт эмч нарын дунд уламжлалт анагаах ухааны эмч нар цөөхөн хувийг эзэлж байна. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны чадварлаг эмч мэргэжилтнийг бэлтгэх асуудал гарч ирж байна?
-1990 оноос хойш Монгол улсад уламжлалт анагаах ухааны сургалтыг явуулж эхэлснээр төрийн болон хувийн 8, 9 сургууль уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Гэхдээ 1990 оноос хойш уламжлалтын эмч бэлтгэж ирсэн сургалтанд алдаа дутагдал байгаа. Учир нь уламжлалт анагаах ухаанаа бүрэн гүйцэд судлаагүй хүмүүс сургалт явуулсан нь өнөөдрийг хүртэл асуудал үүсгэж байгаа юм. Уламжлалт анагаах ухааныг онолын, дадлагын түвшинд нарийн судалж ойлгоогүйгээс Европ анагаах ухаантай хольж, хослуулан хэрэглэх арга бариалаар явсан сургалтууд өнөөдрийг хүртэл байна. Уламжлалт анагаах ухааны эмч гэсэн диплом олгодог мөртлөө хичээлийн хөтөлбөрийнхөө 60-70 хувьд нь Европын анагаах ухааны хичээл ордог, 30, 40-хөн хувьд нь уламжлалтыг хагас дутуу заадаг сургуулиуд ч байна. Үүнийг аль болох засч залруулахын төлөө хэлж, ярьдаг ч энэ сургалтын буруу гаж тогтолцоо амь бөхтэй байсаар байна. Монголын уламжлалт анагаах ухааныг өөрийнх нь мөн чанараар, олгож байгаа мэргэжлийн дипломын түвшинд эмч, мэргэжилтнүүдийг бэлдэх хэрэгтэй. Тэгж чадаагүйгээс болж уламжлалт анагаах ухааны дипломтой, европ сэтгэхүйтэй, уламжлалт анагаах ухааныг хагас дутуу ойлгосон эмч мэргэжилтэн олон болж байна. Энэ их сөрөг үр дагавартай. Үүнээс шалтгаалж уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээнд алдаа гарах магадлал асар өндөр байгаа. Тиймээс уламжлалт анагаах ухааны сургалтуудыг төрөөс анхаарч авч үзэх ёстой. Европ анагаах ухааныг барьсан сургалт түлхүү явуулчихаад түүнийгээ хаацайлах нэрээр уламжлалт эм тан өгчихөөд европ эмчилгээ хийдэг эмнэлгийн тусламж үйлчилгээ ноёрхох байдалтай байна. Үүнийг би буруу гэж үздэг. Бид уламжлалт анагаах ухааныг онол шүнгийнх нь дагуу үзэж судлаад, нотлогдож батлагдсан энэ гайхалтай шинжлэх ухааныг ард түмэндээ хүргэж, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй, найдвар хүлээсэн улс шүү дээ. Гэтэл сургалтын арга барил нь буруу байгаад санаа зовниж, үүнийг засч залруулахын тулд олон жил ярьж хэлж ирлээ.
-Уламжлалтын эмч ямар байх ёстой вэ?
-Уламжлалт анагаах ухааныг судлах эзэмших маш сайн сургалтын хөтөлбөртэй байх ёстой. Гэвч уламжлалт анагаах ухааны сургалтын нэгдсэн хөтөлбөр, стандарт байгаа ч түүний хэрэгжилтийн үр дүн тааруухан л байна. Монголын уламжлалт анагаах ухаан бол оюун санааны дээд түвшинд нотлогдож батлагдаад үр дүн нь гарчихсан том шинжлэх ухаан. Бид энэ анагаах ухаанаар ард түмнээ эрүүлжүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс. Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн уламжлалт анагаах ухааны сэтгэхүйтэй, уламжлалтаар хүнийг эмчилж, эдгээж чаддаг онол дадлага хосолсон, өндөр түвшний мэдлэгтэй, орчин цагтай зохицсон боловсролтой байх ёстой. Оточ Манрамба Их сургуулиас Монголын уламжлалт анагаах ухааны өндөр зэрэглэлийн эмч нар бэлтгэгдэн гарч байгаад бахархдаг. Энэ хүмүүс монголд төдийгүй дэлхийд уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэхэд асар их үүргийг гүйцэтгэнэ. Одоо ч Монгол улсын эрүүл мэнд, боловсролын салбарт бодитой үр дүн, өгөөжөө үзүүлээд явж байгаа. Чадвартай эмч мэргэжилтнийг бэлтгэх асуудлыг анхаарах хэрэгтэй. Энэ бол маш чухал асуудал. Уламжлалт анагаах ухааны онол шүнгээ бариад эмчилдэг шүнгийн эмч нарыг л бэлтгэх хэрэгтэй байгаа юм.
-Уламжлалт анагаах ухаан, Европ анагаах ухаан хоёрыг хослуулах хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ тал дээр эсрэг байр суурьтай байхнээ?
-Сүүлийн 20 гаран жил уламжлалт анагаах ухааныг европ анагаахтай холих гэж явсан. Энэ бол том алдаа байсан. Европ анагаах ухаан, уламжлалт анагаах ухааныг хооронд нь сөргөлдүүлж тавьж болохгүй. Энэ хоёр анагаах ухаан хоёулаа том салбар шинжлэх ухаан. Орчин цаг гэж хэтийж хэлбийлгүй уламжлалт анагаах ухааныг өөрийнх нь уламжлалаар нь авч явах хэрэгтэй. Манай байгууллага өнгөрсөн 30 гаран жилийн турш энэ анагаах ухааныг өөрийнх нь уламжлалаар нь авч явсан. Яагаад гэвэл Монголын уламжлалт анагаах ухаан буддизмтай маш их холбоотой. Хүний бие, сэтгэл, нар сар, гараг эрхэсийн нөлөөлөл бусад олон шалтгаанаас болж хүний эрүүл мэндэд муу сөрөг үр дагаврууд бий болж өвчин үүсгэдэг талаар уламжлалт анагаах ухаан нотолчихсон байгаа. Энэхүү гүн ухаан, уламжлалыг нь бид хөгжүүлэх нь их ач холбогдолтой. Өнөөдөр Энэтхэг улс гэхэд Аюурведийн анагаах ухааныг өөрийнх нь замаар хөгжүүлж байна. Энэтхэгийн ард түмний 90 гаруй хувь нь Аюурведийн анагаах ухаанаа хэрэглэдэг. Бид судалгаа шинжилгээ хийж, техник технологийн дэвшлийг ашиглаж бусдад таниулах чиглэлд түлхүү ажиллах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны өөрийнх нь мөн чанар, онол үзэл баримтлал, мэдлэг туршлагыг нь хадгалан хөгжүүлэх нь чухал. Түүнээс биш хослуулна, холино гэж болохгүй. Харин зэрэгцүүлж хөгжүүлэх бодлого барих хэрэгтэй.
-Энэ хоёр анагаах ухааныг хослуулах нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Уламжлалт анагаах ухааны эмч нар, эмнэлгийн байгууллагууд даатгалаас бага хэмжээний даатгалын мөнгө авахын тулд оношоо европоор тавьдаг. Тэгж байж даатгалд хамрагддаг. Энэ бол уламжлалтын салбарын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг асар олон жил дордуулж байгаа үзэгдэл. Яагаад гэхээр даатгал авахын тулд уламжлалт анагаах ухааны оношийг дагалдах маягаар тавиад европ анагаах ухаанаар онош тавих тал дээр илүү ажиллаад байна. Гэтэл Монгол улсад 2011 онд Уламжлалт анагаах ухааны өвчний ангилалзүйг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталчихсан шүү дээ. Өвчний ангилалзүй батлагдчихаад байхад түүгээрээ онош тавихгүй байдалд хүргэсэн. Энэ нь нарийн мэргэжлийн түвшинд уламжлалтын оношоо тавиад, түүгээрээ эмчилдэг хүмүүсийн мэргэжлийн хувьд өсөж дэвшихэд саад болж, бас уламжлалт анагаах ухааны оношилгооны статистик мэдээ бүрэн гарч чадахгүй зэрэг олон сөрөг үр дагавар авчирдаг. Уламжлалтын нарийн мэргэжлийн эмч нарыг бэлдчихээд байхад уламжлалтын дагуу онош тавих, түүгээрээ даатгалд хамрагдах эрхгүй байна. Тэгэхээр цаашид уламжлалт анагаах ухааны эмч нарыг Уламжлалт анагаах ухааны өвчний ангилалзүйн дагуу оношоо тавьдаг байх асуудлыг Эрүүл мэндийн яам анхаарч, энэ ажлыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн даатгалыг хариуцаж байгаа байгууллагууд уламжлалт анагаах ухааныг хүлээн зөвшөөрөх ёстой.
-Уламжлалт анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай гэдгийг салбарынхан бас онцолж байсан шүү дээ. Энэ тал дээр танай байгууллага түүчээлэн ажиллаж байна. Цаашид ямар зорилготой байгаа вэ?
-Тиймээ, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ манай Манба Дацан төвийг Монголын уламжлалт анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлж байгаа байгууллага гэж тодорхойлж, онцолж хэлсэн. Бид өнөөдөр салбарын сайдаас сайхан үг сонссондоо баяртай байгаа. Мөн ийм үг сонсох хэмжээний их олон зүйлийг хийж бүтээсэн бодит үнэн бий. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтандаа найдаад байх биш цаашдаа улам сайн ажиллаж, Монгол улсынхаа хэмжээнд болон гадаадын орны түвшинд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тал дээр олон зүйлийг төлөвлөж хийж байна. Ер нь Монгол улсын хэмжээнд МУЭСТ Манба Дацан шиг эм үйлдвэрлэл, эмнэлэг, их сургууль, уламжлалт анагаах ухааны түүх соёл, эрдэм мэдлэгийг цогцоор нь сэргээн хөгжүүлэхийн зэрэгцээ Манба Дацангуудын түүх, өв уламжлал, онол шүнг хадгалсан орон хийд, хүний бие, хэл, сэтгэлийн өвчин зовлонг нь анагааж өгдөг их хөлгөний судар тарнийн шашныг нь хадгалж, дэлгэрүүлж байгаа ийм том цогц байгууллага хараахан байхгүй. Бид үнэхээр хийж чадсан. Энэ бол энд ажиллаж байгаа олон хүний хүч хөдөлмөр, бас уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажилласны үр дүн юм.
-Уламжлалт эм тангийн түүхий эдийн нөөц хэр байгаа вэ. Монгол эм танг дэлхийд гаргавал түүхий эдийн нөөцийн асуудлыг бас анхаарах хэрэгтэй болох байх?
-Дэлхий дээр байгалийн цэвэр унаган төрх байдлаараа байж байгаа асар ариун дагшин орон бол Монгол улс. Бид үүгээрээ бахархах хэрэгтэй. Манайд олон төрөл зүйлийн ашигт ургамлууд ургадгаас 700 гаруй нэр төрлийн эмийн ашигт ургамал байна. Үүнээс одоогийн байдлаар 70, 80 төрөл зүйлийг нь маш бага хэмжээгээр авч ашиглаж байгаа. Энэ бол дотоодын хэрэгцээг хангалттай хангана. Гэтэл бид дэлхийн зах зээлд гарах болвол түүхий эдийн нөөцийн асуудал яригдана. Байгаль өөрөө ургамлыг ургуулах цагтаа ургуулж, өнжих цагтаа өнждөг. Байгалийн хуулийг дагах учраас ховор ургамлуудыг тарималжуулах асуудал байна. Гэхдээ тарималжуулахдаа ямар нэгэн химийн бордоо ашиглахгүй байх нь чухал. Хэрэв ямар нэгэн химийн бордоо ашиглаад түүнд стандарт тавьчихаад дараа нь тэр ургамлаа монгол эмэнд оруулна гэвэл монгол эмийн чанарт муу үр дагавар авчирна. Тиймээс тарималжуулахдаа бордоо ашиглахгүй байх шаардлагатай. Монгол эмийг гадагшаа гаргаж эхлэхээс өмнө тодорхой бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Байгалийн нөөц түүхий эдээ ч гэсэн хамгаалах шаардлагатай. Эх орныхоо агуу баялгийг хамгаалах нь Монгол хүн бүрийн үүрэг шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №12 /41/
Нацагдорж ❤❤❤
Нчцагдорж ❤❤❤