Монгол Улсын Засгийн газар өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна.
Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох Засаг дарга, хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгов.
Хурдан морины эзэн, уяачдын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор унаач хүүхдийн ослын даатгалтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.