Б.Оюунсүрэнд уугуул нутгийнхан нь сэтгэлийн дэм хайрлав

2018 оны 01-р сарын 25 өдөр, 14 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Oyunsuren

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэнд сэтгэлийн дэм,эмчилгээний зардал хандивлах аян үргэлжилж байна. Түүний эмчилгээний зардалд 65 сая төгрөг хэрэгтэй. Б.Оюунсүрэнтэй мөр зэрэгцэн их спортод хүчин зүтгэж яваа тамирчид,найз нөхөд,багш дасгалжуулагч нар “Нэг сэтгэл” аян өрнүүлсэн билээ. Уг аяны хүрээнд тамирчин бүсгүйн эмчилгээний зардлыг цуглуулж буй. Сайн санаат хүмүүс Б.Оюунсүрэнд тусламжийн гараа сунгасаар байна. Олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэнд сэтгэлийн дэм,тус  аяны хүрээнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа мөнгөн хандив өргөснийг Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн зөвлөх Ч.Ээнзэндагва, Дөрвөлжин сумын Нутгийн зөвлөлийн дарга Т.Лувсандорж нар гардуулан өглөө.  Тамирчин бүсгүй маань Дөрвөлжин сумын уугуул бөгөөд нутаг усныхаа нэрийг тив дэлхийд дуурсгаж явсан алдартнуудын нэг нь юм. Сайхан сэтгэлт ард түмнийхээ сэтгэлийн дэмээр хагалгаа нь амжилттай болж хурдан эдгэрч улс орон, нутаг усныхаа нэрийг улам өндөрт өргөх болно гэдэгт нутгийнхан нь итгэл дүүрэн байна. “Сайхан сэтгэлийн үзүүрт сүү” гэдэг билээ.

Б.Оюунсүрэн маань  “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, 2010 оны оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, “Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн мөрөндөө хүнд бэртэл авч, дөнгөж 23-хан настайдаа зодог тайлсан.

Урт хугацааны турш маш олон удаа мөрөө мулталж гаргаснаас болж, бугалаганы яс нь элэгдэн ясны үрэвсэл үүсчээ. Энэ нь түүний амь насанд нь аюултай учир БНСУ-д яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон юм.

Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, Удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх нар тус бүр тав, МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд гурав, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн нэг сая төгрөгийг эмчилгээнд нь хандивлажээ. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас замын зардлыг даахаар болсон байна.

Түүнчлэн энэ сарын эхээр ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид шагналын 10 мянган ам.долларыг хандивлахаар шийдсэн гэсэн баярт мэдээг дуулгахад таатай байна. Чөлөөтийн тамирчид, багш дасгалжуулагчдаас гадна спортын зүтгэлтнүүд “Нэг сэтгэл” аянд нэгдэж байна.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх