Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Ч.Гансэрээтэр АТГ-ын хамт олонд талархлын захидал ирүүлжээ. Тэрээр 2017 оны 11 дүгээр сард эхнэр Б.Буянзул, 4 сартай хүү Г.Батбилэгт, мөн зам зуур унаанд нь дайгдсан нэг өвгөний хамт Өвөрхангай аймгийн Хужирт сум ороод буцаж явжээ. Тэд замдаа Цэцэг модны даваагаар давж явахдаа цасан хунгарт машинтайгаа суусан байна. Цас их орсноос зам боогдсон, ойр хавьд машин унаа явахгүй, маш хүйтэн байсан тул Гансэрээтэр 2-3 цагийн турш цас ухсан байна. Гэтэл машины урд дугуй намхан эрэг рүү ороод гарах ямар ч боломжгүй болжээ. Тэднийг ийнхүү ядарч явахад орон нутагт томилолтоор ажиллаж явсан АТГ-ын ажлын хэсгийнхэн таарч машиныг нь цасан хунгараас гаргаж өгч тус хүргэжээ. Иргэн Ч.Гансэрээтэр ийнхүү бичиж, АТГ-ын хамт олонд баярласнаа илэрхийлсэн байна.
Ч.Гансэрээтэр болон түүний гэр бүлийнхнийг эзгүй хээр осгохоос аварч тусалсан Авлигатай тэмцэх газрын хоёрдугаар багийн хамт олонд, тэр дундаа тухайн үед томилолтоор ажилласан эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, ахлах комиссар П.Лхагвасүрэн, Т.Энхтуяа, комиссар Б.Тэрбиш, Н.Батчулуун Б.Энхжавхлан, А.Мөнхтамир, Б.Тэмүүжин, Х.Аюуш, дэд комиссар Г.Батхуяг, Г.Оргилсайхан нар болон тус газрын нийт хамт олонд талархал илэрхийлсэнд авлигатай тэмцэгчид ч түүнд хариу талархсан байна.
Н.Дөл