Япон, Монголын хамтарсан “Токуда Монгол” сан, сумоч Н.Цэвэгнямтай хамтран өгч тус дүүргийн нэгдсэн эмнэлэг, ашиглалтад ороод удаагүй байгаа 50 ортой Хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн дуудлагын автомашин гардуулан өглөө. Кёкүтэнхо Н.Цэвэгням тус сантай хамтран өөрийн төрсөн нутаг Налайх дүүгийнхээ эмнэлэгт “диализийн” буюу бөөрний таван аппаратыг бэлэглэж байсан юм. Диализийн аппаратаар Багануур, Баганхангай дүүргийнхэн эмчлүүлэхээр ирдэг болсон. Өдөр, шөнийн ээлжээр ажиллуулдаг. Урд нь нэг өвчтөн хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа хоёр удаа л аппаратанд ордог байсан бол одоо 5 удаа аппаратанд орж байна.
Энэхүү үйл ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Японы Токуда сангийн Монгол дахь төлөөлөгч Р.Жигжид, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар оролцлоо.
Налайх Эрүүл мэндийн төв нь одоогийн байдлаар 6 автомашинтай түргэний дуудлаганд ажиллаж байгаа бөгөөд түргэний дуудлагаар очих хугацааг 20 минутад багтаах зорилго тавин ажиллаж байна. Дүүргийн хувьд алсын 2 хороотой, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэлийн бүсэд гарах эрсдэл их зэрэг онцлогтой учир энэ зорилтоо хэрэгжүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдгийг ЭМТ-ийн дарга Л.Байгал онцлон хэллээ.