Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүүгийн орчуулсан “Ард түмний Ерөнхий сайд Жоу Эньлай” номын баяр Central tower-ийн 11-р давхарт болно.
Энэ онд БНХАУ-ын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНХАУ-ын анхны Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, анхны Гадаад Явдлын яамны сайд Жоу Эньлайгийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа аж. Ийнхүү түүний амьдрал, түүхэн замналыг өгүүлсэн “Ард түмний Ерөнхий сайд Жоу Эньлай ” номыг орчуулан гаргажээ. Монгол улс, БНХАУ нь уул усаараа холбогдсон мөнхийн хөршүүд, хоёр улсын найрамдалт харилцаа өнө удаан жилийн арвин баялаг түүхтэй билээ. Эрхэм Ерөнхий сайд Жоу Эньлай Монгол улсад 1954,1960 онуудад хоёр удаа албан ёсны айлчлал хийж, түүний үед Монгол улсад хийгдсэн буцалтгүй тусламжийн маш олон бүтээн байгуулалтууд одоо ч гэсэн үнэ цэнэтэй хэвээр оршсоор байна. 1952 онд ЗХУ-аас буцах замдаа Улаанбаатар хотын нисэх буудалд түр буудаллан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Ч.Сүрэнжавтай уулзалт хийн, харин 1954,1960 онуудад БНМАУ-д албан ёсны айлчлал хийж тухайн үеийн нам төрийн тэргүүн Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нартай албан ёсны хэлэлцээр хийж байжээ. Тухайн үеийн хоёр улсын хэлэлцээрийн дагуу Монгол улсад үзүүлсэн буцалтгүй тусламжийн хүрээнд маш олон бүтээн байгуулалт хийгдэж улс орны эдийн засаг нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан билээ.
1960-аад оны Улаанбаатар хотыг чимсэн томоохон бүтээн байгуулалтууд болох Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал,Баянгол зочид буудал,Энхтайвны гүүр, 40 мянгат, 120 мянгат, 220 мянгат, Их тэнгэр харш, Хүүхдийн урлан бүтээх төв,Төв цэнгэлдэх хүрээлэн,Спортын төв ордон гэх мэт барилгууд, хөдөө орон нутагт олон зам гүүр,3 аймагт цахилгаан станц, Хархорин дахь Монголын анхны усан цахилгаан станц,олон тооны үйлдвэр аж ахуйн газрууд ч энэхүү тусламжийн хүрээнд баригдсан билээ.Энэ бүхэнд Жоу Эньлай ерөнхий сайдын нөлөөлөл, туслалцаа туйлын өндөр байжээ.