Утаагаа санаж дуугарцгаав

2018 оны 01-р сарын 22 өдөр, 12 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23482918_1567020560031014_1186218680_o-1024x683

НИТХ-ын төлөөлөгч, Эрх зүйч, Улс төр судлаач Ч.Гантулга

Саяхан УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгч УИХ-ыг тарах хэмжээнд асуудлыг авч хэлэлцэх тухай илтгэл тавив. Энэ нь мөнөөх л утааны асуудал улс төрийн тоглоомын нэг хэсэг болсон нь энэ. Гэхдээ худал биш 20-иод жилийн өмнө үүссэн асуудлыг үе үеийн засаг шийдэлгүй лавшруулж ирсэний гай юм. Би энэ асуудал дээр эрс шинэчлэлийн байр суурийг баримталдаг нэгэн. Одоо хэн нэгэнлүүгээ дайрч алдааг хайхдаа биш хамтарч дорвитой өөрчлөлтийг хийх ёстой болоод байна. Хэрэв хэн нэгэн буруутан байх ёстой бол энэхүү хугацаанд байсан Засгийн газар Их хурал түүний гишүүд л буруутай шүү. 2017 оны онцлох сэдэв яах аргагүй Монгол улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийн 1 номерт зарлагдчихлаа. Дэлхийн улс орнууд хүн амынхаа эрүүл мэнд боловсрол, аюулгүй байдал гээд нийгмийн шийдвэл зохих асуудлуудаа өндөрт тавьж сайн сайханыг эрхэмлэх болсон бол манай улсын хувьд бас л доогуур бичигдсэн хэвээр байна. Уг нь бол европын томоохон хотууд болон ойрын хөрш Солонгос Хятадын хотууд агаарын бохирдол түлээ нүүрсний асуудлуудыг бүгд л давж гарсан одоо байгал экологийн тэнцвэртэй байдлыг хангаж, сэргээгдэх эрчим хүчний технологийг олон улсад нэвтрүүлж шинийг санаачлан манлайлан ажиллаж байна. Манай улсын хувьд энэхүү байдлаас богино хугацаанд гарах боломж ямагт байгаа.

Хэрэв дээр дурдсан улс орнууд үйлдвэрлэл технологийг судалж, хөрөнгө мөнгөө шийдэж, хэрэгжүүлэхэд хугацаа алдаж байсан бол бидний хувьд хэргэжүүлж болох бэлэн загвар болон техник технологи нь олон улсад нэвтэрсэн байна. Өнгөрсөн өвөл Шинжлэх ухааны академийг утааны эсрэг судалгаа дүгнэлтийг хийж шаардлагатай технологиудыг нэвтрүүлж шат дараалалтай ажил гэсэн боловч дотоодын хэдэн инженерүүдийн цахилгаан халаагуур танилцуулсанаас өөр ажил хийсэн нь харагдсангүй. Энэхүү шийдвэр нь улс төрчдийн асуудлыг өөрсдөөсөө зайлуулах башир аргын нэг байсан бизээ. Мэдээжийн хэрэг шүү дээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг төр засгийн хэмжээнд олон улсын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг шийдвэрлэхгүйгээр бодит ажил болгож үр дүн гаргах нь боломжгүй гэдгийг жирийн ард иргэд ойлгож байгаа. Бид олон зуун киллометр зам тавьлаа, гадны зах зээлээс бондоор босгосон хөрөнгө мөнгөө тийм ч үйлдвэр төслүүдэд зарцууллаа гээд байдаг хэдий ч өнгөрсөн хугацаанд хэрэггүй, тооцоо судалгаагүй үрэн таран хийсэн нь нэгэнт ил болж хариуцлага тооцох хэмжээнд хүрчлээ, тооцох ч шаардлагтай. Энэ мөнгөнүүдийн тал хэсгийг нь Улаанбаатар хотын утааны эсрэг бүр тодорхой хэлвэл нарны цахилгаан үүсгүүрүүдэд зарцуулж хэд хэдэн байршилд хийсэн бол утаа гаргаж буй олон мянган гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар хангагдах боломжтой байлаа.

Дарханд 17.5 сая долларын өртөгөөр хийж гүйцэтгэсэн нарны цахилгаан үүсгүүр 10 мегаватт гээд бодвол 500 сая доллараар 250-280 мегаватт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломж бий юм. Энэ нь гэр хорооллыг бүхлээр нь хангаж чадахуйц эх үүсвэр, мэдээж шугам сулжээний шинэчлэлийн ажлуудыг шат дараалалтай хийх шаардлагтай болно. Мөн сүүлийн 15-20 жил хогны асуудлаа шийдвэрлэх гэж бас л мунгинаж Засгийн газар болон Японы Жайка олон арван сая долларыг дэмий л салхинд хийсгэсэн нь харамсалтай юм. Хогийг ангилахгүйгээр далд үйлдвэрийн аргаар шатааж халууны энергийг түрбинд ашиглаж эрчим хүч гарган авах үйлдвэрүүд олон жилийн өмнө дэлхийн томоохон хотуудад байгал экологид хор хөнөөлгүйгээр ашиглагдаж байна. Энэ мэтчилэн олон аргууд бий бөгөөд газ байгалийн хий ч бас мөн юм. Орон сууцаар хангах дахин төлөлвлөлт хийж ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах дагуул хот шинэ дүүргүүд, төвлөрлийг саармагжуулах үүгээр дамжуулан ажлын байруудыг нэмэгдүүлэх иргэдийн орлогын эх үүсвэрүүдийг бий болгох гээд тогтмол хийгдэж байх ёстой ажлууд билээ. Тэгэхээр бидэнд ямагт боломж байгаа шат дараалалтай богино дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж түүнийгээ ягштал биелүүлэх л үлдлээ. Ирээдүйд дэлхийн хөгжлийн чиг хандлага хаашаа байна бид ч бас залуураа тийш нь залж эдийн засаг нийгмийн хөгжлөө нээг их хоцрогдуулалгүй аваад явах боломж ч бий юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх