Юуны өмнө урилгыг маань хүлээн авсан Амгаа ахдаа баярлалаа. Тантай хоёр дахь удаагаа ярилцах гэж байна. Энэ удаа таны дотоод ертөнцийг л тольдож үзэхийг зорьж байна.
– Баярлалаа. Дахин уулзаж байгаадаа баяртай байна.
Та угаасаа л нээлттэй хүн байх. Тийм үү? Ажиглаж байхад бусадтай илэн далангүй байдаг ер нь л харилцахад их амар хүн шиг санагддаг.
– Бас ч тийм их нээлттэй юм уу гэхээр биш юм шиг байгаа юм. Гэхдээ өөртөө ачаалал төвөггүй амар, хялбар байхыг эрмэлздэг. Багаасаа нийгмийн идэвх сайтай байсан маань хүмүүстэй эвтэйхэн харьцаж сурахад нөлөөлсөн байх. Харахад их нээлттэй юм шиг мөртлөө яг тулбал шал өөр ш дээ. /Инээв/
Бас их хөгжилтэй. Телевизээр гарахдаа инээж хөхрөлгүй өнгөрсөн тохиолдол бараг байхгүй байх шүү. Ямар ч албан асуултыг хөгжилтэй болгоод зөөллөчихдөг.
– Өө баярлалаа. Магтаал гээд хүлээж авъя /инээв/. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэгээд ямар гуньж гутраад хэт хүндрээд байлтай нь биш. Аль болох хөнгөхөн хөгжилтэй байж, хүмүүстэй гэрэл гэгээ хуваалцах нь зөв юм уу гэж боддог. Ер нь хувийн уйтгар гунигаа аль болохоор л нууж явах хэрэгтэй. Хэнд хамаатай билээ. Инээд хөөр дандаа эерэг харилцаа авчирдгийг хэлүүлэх юун.
Багадаа ямархуу хүүхэд байв? Магадгүй багын тань зан чанараас л одоогийн Амгааг олж харах гээд байна.
– Нэг ах дөрвөн эгчийн араас гарсан болохоор их эрх танхи нэлээн хөдөлгөөнтэй бужигнуулж л явсан сурагтай /инээв/. Аав, ээж маань эрхлүүлэх үедээ эрхлүүлээд сургах үедээ сургаад ямар ч байсан хэнд нь ч санаа зовохооргүй биднийг амьдралаа аваад явж чадна гэж итгэж энэ хорвоо дээр үлдээсэн. Арван хүүхэд нь чадах чинээгээрээ хичээж амьдарч яваа.
Би багадаа аавын баруун гар нь итгэлт хүүхэд нь байлаа. Аав намайг найдвартай референт гэдэг байсан. Тэгэхээр аавыгаа хэрэндээ хамгаалж явсан байх нь /инээв/.
Дунд сургуульд бол манай дуун дээр гардаг шиг хичээлийн хэнээтэн байлаа. Юм юмруу үсчсэн, хэрэгт дуртай, юм юм оролдсон дэнгийн эрвээхий шиг л амьтан байсан байх. Одоо л жаахан томоотой болж байгаа болохоос. /инээв/.
Манай анги Эрдэнэт хотын тэргүүний ангиар 2 удаа шалгарч, Улсын тэргүүний болох дөхөж байхад Ардчилал гараад авч амжаагүй юм. Манай ангийн хүүхдүүд үнэхээр сурлага сайтай, спортдоо харин тааруухан байсан. Би ангийнхныхаа нөлөөгөөр аандаа сурлагадаа гайгүй болсон байх. Товчхондоо бага нас бусдын л адил аз жаргалтай, сайхан өнгөрч дээ.
Тэгвэл арван наймтай Амгаа яг юу бодож санаж, юу хийж явсан бэ?
– 18 настайдаа би Хөгжмийн багшийн коллежийн 3-р курсийн оюутан. Нэлээн юм уншиж судалсан. Төгөлдөр хуур хөгжмийг сургуульдаа сайн тоглодог хүүхдийн тоонд орчихсон. Олон дуу зохиочихсон /З бүдүүн- Шиврээ бороо, Байзада – Анхны хайр, Салхи – Нандин хайр, Дуучин Оюунбилэг – Санаандгүй учрал гэх мэт/. Бас анхны “Өчигдөр ба Өнөөдөр” хамтлагтайгаа хичээлийн бус цагаар сургуулиудаар явж тоглосон. 18, 12, 22-р сургуульд цагаар дуу хөгжмийн багш гээд ид бужигнуулж өөрөө өөрийгөө хайж, эрж л явсан гэж хэлж болох юм. Ингээд бичсэн чинь бас урт түүх гарвал гарахаар байна шүү. /инээв/. Энэ бол 93, 94 оны үе юм байна.
Хэрвээ боломж гараад тэр Амгаа дээр очоод нэг үг хэлэхээр бол та юуг захих вэ?
– Сонин асуулт байна. Алддаггүй хүн гэж хаа байхав. Би алдаж явсан алдаануудаа урьдчилаад сануулж сэргийлэх л байх. Том утгаараа шүү.
Одоо хоёулаа амжилтын тухай жаахан ярилцъя. Хамтлагруугаа ч оръё. Та оюутны ширээнээс хамтлагаа байгуулаад энэ Рок хөгжмийн ертөнцрүү эргэлт буцалтгүй оржээ. Яг тэр үед хамтлаг байгуулаад ингээд явбал амжилтанд хүрнэ гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ? Бүтэлгүйтвэл яана даа гэсэн бодол орж ирж байх юм уу?
– СУИС-ийн найрал дууны удирдаачийн ангид сурч байхад модернист яруу найрагч Б.Галсансүх ирж уулзсан юм.Тэрнээс хойш бид сайхан нөхөрлөж явна. Надад рок хөгжмийг мөн сайн ухуулсан байгаа юм шүү Галсаа! /инээв/. Би энэ замыг сонгохдоо хатуу хөтүүг нь ч тооцоолсон. Үлдэц үр дагаврыг нь сайн мэдэж байсан. Номоороо л болж байна. Би хамтлагийнхандаа ялангуяа өөртөө маш итгэлтэй, юу хийх, яахаа маш сайн мэдэж байсан. Одоо ч энэ итгэл минь алдраагүй. Энэ замыг сонгосондоо баярлаж явдаг.
Ер нь хамтлаг, дуучдын хувьд амжилтын үндэс нь юу байдаг вэ?
– Хөдөлмөр, эв нэгдэл чухал. Тэгээд хамгийн гол нь авьяас шүү дээ!
Нисванис 22 жил сонсогчиддоо ая дуугаа өргөн барьж оршин тогтножээ. Гэтэл амьд хөгжмийн хамтлагуудад бол манай жижиг зах зээл орлого багатай, зардал ихтэй харагддаг. Эдгээр асуудлыг яаж шийдэж ирсэн бэ?
– Болох юм болдгоороо л болдог. Бид нар зах зээл бага байна гээд гоншгоноод байдаггүй. Урдах юм аа л сайн хийж байвал амьд үлдэх боломжтой ш дээ. Үүнийг бид нар биеэрээ л тууллаа.
Сургуулиа нураахыг хүссэн сурагч, эрчүүдийг үзэн яддаг хүү, нисдэг тавгаа ломбарданд тавьсан харь гаригийнхан, аймаар хэрүүлч хүний тухай дуу гээд л онцгой шүү. Та дуунуудынхаа философийг юу гэж тодорхойлдог вэ?
– Цэвэр “оюун санааны сахилгагүйтэл” гэмээр юм уу /инээв/. Айхтар философи хөөж явсангүй. Зүгээр л ийм л юм дуулахгүй бол сэтгэл минь амрахгүй санагдаад. Тэгээд хүмүүсийн эмоци, нүдний харц, гайхшралыг харах сайхан байдаг. Тэндээс би дуу бүтээснийхээ аз жаргалыг мэдэрдэг. Энэ л миний өөртөө барих бэлэг болдог. Хааяа өөрийгөө урамшуулж бай гэдэг биз дээ /инээв/.
Ер нь рок хөгжмийн мөн чанар нь юу байдаг вэ? Түүнээс та юуг өөртөө олж авсан бэ?
– Ухаан шаардсан хэцүү асуулт байна /инээв/. Хариулж бараг л чадахгүй болов уу. Би рок хөгжимд олон юм аа алдсан бас олон юмыг олж авсан.
Амьдралын утга учрыг та юу гэж ойлгодог вэ?
– Төрөх үхэхийн хооронд хүний явдлаар хүн шиг амьдрах.
Хамгийн сүүлд ямар дуун дээр ажилласан бэ? Хамтлагийн бас нэг цомог фэнүүдээ их хүлээлгэж байгаа. Нэр нь сэтгэц мэдрэлийн өвчтөн бил үү?
– Яг одоо Б.Галсансүхийн охиндоо зориулсан шүлгээр шинэ дуу бичээд дуусах гэж байна. Удахгүй хэн нэгэн дуучны дуулснаар та бүхэнд хүрэх байх аа. Хамтлагийн шинэ цомог ерөнхий төрхөө олоод бага багаар явж байгаа. 4 сарын 9-нд болдог NIS NIS FEST дээрээ эхний шинэ дуунууд эгшиглүүлнэ ээ.
Гурван гавьяат нэг хүний дуулсан дуу гээд та нэг хошигнож байсан. Ингэхэд шагналын тухай ямар бодолтой байдаг вэ?
– Шагналыг манай ахмадуудад л төр зүй ёсоор хийсэн гавьяаг нь үнэлж өгөх хэрэгтэй гэж боддог. Даан ч сүүлийн үед нүдээ олохгүй байна. Ингэж ахмадуудын гавьяаг үнэгүйдүүлж байгааг хараад дургүй хүрдэг. Залуус бид яах вэ, хийж бүтээе, юун шагнал магнал бодох. Ичгэвтэр биш үү. Хийж бүтээцгээе залуусаа. Урагшаа. Зөвхөн урагшаа!
Тийм шүү. Бидэнд хийж бүтээх цаг хугацаа болоод орон зай их байна. Ингээд ярилцлага маань дуусаж байна. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе. Та сонсогч фэнүүддээ бас гэр бүлийнхэндээ зориулж үг хэлж болно.
– Бүх уншигчиддаа шинэ оны мэнд хүргэж сайн сайхныг хүсье. Бид нар энэ жил шинэ CD гаргах төлөвлөгөөтэй байгаа. Хийж чадна гэдэгтээ ч итгэл дүүрэн байна. Биднийг дэмжиж урам хайрлаж байдагт баярладаг шүү. Шинэ сайхан он гарч байна. Гэр бүлийнхэндээ хайртай шүү. Сайхан амьдралын төлөө чадах бүхнээ хийнэ ээ гэж хэлье!
Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсье!
– Баярлалаа. Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье!
Ярилцсан Д.ОЮУНБАТ
www. sodonnews.mn